Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар нарын хүмүүс өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, намынхаа удирдлагуудтай хариуцлага тооцох хэрэгтэй байгаа талаар хэлж ярьцгаасан билээ. Нэн тэргүүнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаас нь буулгах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл МАН-ын дараагийн Генсект зарим хүмүүсийн нэрс яригдаад эхэлжээ. Тодруулбал, Д.Цогтбаатар, Н.Төмөрхүү нар юм. Гэхдээ магадлал хамгийн өндөртэй нь Д.Цогтбаатар гэхэд болох байх. Байгаль орчны сайд асан тэрбээр өмнө нь ч намын Генсекийн албанд яригдаж байгаад мултарсан хүмүүсийн нэг.
С.Батболд, Н.Багабанди, Н.Энхбаяр нарын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Улстөрийн ажлын туршлага арвинтай, бизнесийн үүх түүх гээд байх юмгүй хэрнээ оффшортой улстөрчдийн жагсаалтад нэр нь багтаад авсан хачирхалтай намтар бас түүнийх.
Сү.Батболдын фракцийн хүн гэдгээрээ ил болсон тэрбээр Төрийн албанд 20 гаруй жил ажиллахдаа Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гэхчлэн албуудыг хашиж төдийгөөс өдийг хүрсэн мөртлөө гэнэт юун оффшор данстнуудын нэгээр тодрох болов гэдэг анхаарал татсан асуулт түүнийг дагасан.
Харин тэрбээр Сү.Батболд даргынхаа хамтаар Төрийн ордонд мэдээлэл хийхдээ "Надад Оффшор данс бол байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Тухайн үед Австралийн хөрөнгө оруулалттай компанид манай найзууд хамт хөрөнгө оруулах уу гэж байсан. Монгол Улсад ГХО-тай компанийн арваас доошгүй хувь нь оффшор байдаг. Бид тэр компанид ямар ч оролцоо байхгүй. Монголын "Оюу толгой” компанийн толгой компани нь оффшорт бүртгэлтэй байдаг. Миний зүгээс 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд гараад явсан” хэмээн мэдэгдсэн байдаг.
Ямартай ч нэр цэвэр юм шиг хэрнээ цэвэр бус Д.Цогтбаатар МАН-ын Генсекийн суудалд яригдаж эхэллээ.
Эх сурвалж: Hunnu.mn
3 сэтгэгдэл