|

Дагестан эрчүүд эхний өдөр хоёр алтттай

Дагестан эрчүүд эхний өдөр хоёр алтттай

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Оросын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Ингушийн Назрань хотод эхэллээ. "Магат” спортын ордонд өнөөдөр 61, 70 кг-ын жингийн барилдаан болж, Дагестаны Гажимурад Рашидов, Магомедхабиб Кадимагомедов нар жиндээ түрүүлэв. 

61 кг-ын жинд өнгөрсөн жилийн Европын аварга Дагестаны 21 настай залуу Гажимурад Рашидов жингийнхээ ихэнх шилдгүүдийг ялж, анх удаа улсынхаа аварга болжээ.Түүний хувьд нутгийн Шамиль Гусейновыг цэвэр, Якутын Ньургун Скрябинийг 3:0-ээр, 2013 оны дэлхийн аварга Бекхан Гойгереевийг 2:1-ээр, хагас шигшээд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Ахмед Чакаевыг 11:6, алтан медалийн төлөөх барилдаанд Якутын Виктор Рассадинийг 3:3-аар буюу сүүлийн оноогоор ялав. 
Оросын аваргын хамгийн өрсөлдөөнтэй жин 70 кг-д олимп, дэлхийн аварга Сослан Рамонов, дэлхийн аварга Магомедрасуль Газимагомедов нар улсын аваргыг өнжсөн ч дуулиан шуугиан тасарсангүй. Өнгөрсөн жилийн Оросын аварга Заурбек Сидаков тэгшитгэлд Буриадын шилдэг бөх Евгений Жербаевыг 10:8-аар ялсан ч 1/8 шигшээ барилдаанд Магомедхабиб Кадимагомедовт 2:6-гаар, дагаж барилдаад хүрэл медалийн төлөөх барилдаанд Жукаевт ялагдснаар хоосон хоцорлоо. Тэдний хэсэгт энэ жингийн ихэнх шилдгүүд зодогложээ. Шөвгийн наймд "Хернинг-2009” ДАШТ-ий мөнгөн медальт хашир туршлагатай Расул Жукаев Оросын аваргад түрүүлэх магадлалтай бөхчүүдийн нэгд тооцогдож байсан Красноярскын Исраил Касумовыг 4:4-өөр ялсан ч хагас шигшээд аварга болох ерөөлтэй Кадимагомедовт 1:3-гаар дийлдсэн. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Магомед Курбаналиев шөвгийн наймд Хойд Осетийн Давид Баевт сүүлийн оноогоор (10:10) ялагдсан бөгөөд өнөөх нь хагас шигшээд Магомед Дибиргажиевт ялагдснаар түүнд дагах барилдаан гараагүй. Энэ жинд дагестаны хоёр залуу анх удаа финалдаж, Иван Ярыгиний "Алтан Гранпри"-гийн хүрэл медальт, даруухан амжилттай Кадимагомедов 2:1-ээр давамгайлав.

Эхний өдрийн дүн:
61 кг (33 бөх): 1. Гажимурад Рашидов (Дагестан) 2. Виктор Рассадин (Якут) 3. Бекхан Гойгереев (Дагестан), Ислам Дудаев (Чечень) 5. Ахмед Чакаев (Чечень), Шамиль Омаров (Крым)
70 кг (35): 1. Магомедхабиб Кадимагомедов (Дагестан) 2. Магомед Дибиргажиев (Дагестан) 3. Расул Жукеав (Чечень), Давид Баев (Алания) 5. Заурбек Сидаков (Алания), Алибек Акбаев (Карачай-Черкесск)


258 сэтгэгдэл