Д.Санаа
Ердөө сарын дараа УИХ-д суудалтай намууд СЕХ-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ бүртгүүлнэ. Одоогоор аль намаас хэн хэн нэр дэвших нь тодорхойгүй байна. Харин АН дүрмийн шинэчлэлийнхээ хүрээнд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сунгаагаар тодруулна гэж байгаа. Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд хүч үзэх хүмүүсээр Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Х.Баттулга, Р.Амаржаргал нэр тодорхой болоод байгаа. Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл хоёр нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Нөгөө хоёр нь албан ёсоор мэдэгдэл хийгээгүй ч нэр дэвших бэлтгэлээ хэдийнээс хангаад эхэлсэн.
Тэгвэл АН-ын дотоод сонгуульд оролцож, Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөх тав дахь хүнээр Д.Дорлигжав тодорч байна. Тэрээр өнөө маргаашгүй энэ талаар албан ёсоор мэдэгдэнэ. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвших шийдвэрээ хэдэн сарын өмнө гаргасан бөгөөд АН-ын даргын төлөөх марафон эхлэх үед нутаг ус, ойр дотныхоо залуусыг голдуу цуглуулж, сонгуулийн багаа хүртэл бүрдүүлж, байгуулаад амжжээ.
Д.Дорлигжавын хувьд АН-ын лидерүүдийн нэг. Түүх сөхөхөд, Ардчилсан хүчний намууд хоорондоо хэрэлдэж, үүнээсээ болоод 2000 оны сонгуульд навс ялагдаж байв. Ингээд таван нам нийлж АН-ыг байгуулахад анхны даргаар нь Д.Дорлигжав сонгогдон ажиллаж байлаа.
Мөн түүнийг АН-ын дарга байхад 2004 оны сонгуулиар МАХН-тай ижил тэнцүү суудал авч, засгийн эрхийг барилцаж эхэлсэн юм.
Тэрээр 2012 оноос хойш Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайдаар ажиллаж байв.
Эх сурвалж: www.news1.mn
9 сэтгэгдэл