|

Хүүхдээсээ харамлаж, өөрсдийгөө бордсон шийдвэр

Хүүхдээсээ харамлаж, өөрсдийгөө бордсон шийдвэр

Хүүхдийн мөнгийг хасаад хэмнэсэн мөнгө нь ердөө 50 тэрбум төгрөг

Дөчин нэгэн настай А Баянзүрх дүүргийн IX хороо буюу Шархадны эцэст гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Тэднийх хөдөөнөөс нүүж их хотын хаяа бараадсанаас хойш 11 жил улирчээ. Таван жилийн өмнө нөхөр нь ослоор нас барснаас хойш тэрбээр гурван хүүхдээ тэжээх гэж гадаа гарч эр, гэрт орж эм болж яваа. Сургуульд цэвэрлэгч хийж 250 мянган төгрөгийн цалин авна. Энэ мөнгө мэдээж амьдралд нь хүрэлцэхгүй. Тиймээс хүнд хэцүү үед гурван хүүхдэд нь улсаас өгдөг 60 мянган төгрөг том нэмэр болдог аж.


Харин 30 настай Г хоёрдугаар ангийн охиныхоо хамт амьдардаг. Нөхөр нь салж одсоноос хойш хүүхдээ өсгөх хүнд үүрэг түүнд ногджээ. Ажил хийж олсон мөнгөөрөө байрны лизингээ төлж, хоол хүнсээ цуглуулж, ойр зуурын хувцас хунар худалдаж аваад, хоёр идэж, хоосон хонолгүй аж төрж буй. Тэрбээр сүүлийн хоёр жилийн турш хүүхдийнхээ 20 мянган төгрөгийг банкинд хадгалжээ. Их сургуульд ороход нь сургалтын төлбөрт санаа зовохгүй гэсэндээ тэр. Хүүхдийн мөнгө зарим гэр бүлд ямар чухал нөлөө үзүүлдгийг илэрхийлэхийн тулд эдгээр жишээг дурдахаас аргагүй байлаа.


Хүүхдэд мөнгө өгөх замаар хүн амынхаа өсөлтийг дэмжих бодлого зөвхөн Монголд байдаг зохицуулалт биш л дээ. Дэлхийн олон улс үүнийг хэрэглэж, хөгжлийн сууриа тавьсан гэдэг. Ялангуяа Европын өндөр хөгжилтэй орнууд хүүхдийн мөнгийг хэрхэн хуваарилдаг тусгай хууль, дүрэмтэй. Тэр нь ямар ч үед хэрэгжиж л байдаг.


Манай орны тухайд Ардчилсан нам 2004 оны сонгуульд өрсөлдөхдөө хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгнө гэж амласан нь тухайн үедээ л содон зүйл байлаа. Чухам энэ амлалт УИХ-д ганцхан суудалтай байсан тус намыг эрх барих хэмжээнд хүргэсэн гээд хэлчихэд буруудахгүй. Энэ үеэс хойш аль ч улс төрийн хүчин засгийн эрхэнд гарсан ч, хүүхдийн мөнгийг боомилж зүрхлээгүй. Хэрэв хүүхдийн мөнгөнд гараа дүрвэл олны эсэргүүцэлтэй тулгарч, намын нэр хүндээ алдаж, амлалтаасаа ухарна гэдгийг сайтар ойлгосон хэрэг.


Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийнхэнд өгөх тухай санал гаргасан ч дэмжлэг хүлээгээгүй. Сөрөг хүчин байсан МАН тухайн үед хүүхдүүдийг ялгаварлан гадуурхлаа хэмээн шүүмжилж Ерөнхий сайдыг барьж идэх шахаж байсан. Ард түмэн ч тэдэнд талархалтай хандсан гэж жигтэйхэн.


Улмаар МАН сонгуульд өрсөлдөхдөө бүх хүүхдэд эрх тэгш олгоно гэж амласныг хэн ч мартаагүй. "Бид хүүхдүүдийг, олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийг, таны гэр бүлийг бүх талаар дэмжин хамгаалах болно” гэсэн гоё сайхан үгтэй мөрийн хөтөлбөр айл өрх бүрт тараагдсан гэдэгт итгэлтэй байна. Гэвч…


Ганцхан жилийн өмнө ард түмэндээ жигтэйхэн хайртай, тэдний төлөө юу ч хийхэд бэлэн байсан нөхөд эрх мэдэлтэй болонгуутаа ярьж, хэлж, тэмцэж байснаа мартана гэж хэн санах билээ. Худал амлахдаа үсчүүлсэн шүлс ч өдгөө хатаагүй л байна. Гэтэл долоон төрлийн татвар нэмж, зарим хэрэгцээгүй нийгмийн халамжийг багасгахаар төсөвт тодотгол хийсэн нь бүгдийн дургүйцлийг төрүүлсэн. Одоо ч олон нийт бухимдсан хэвээр. Тэд энэхүү шийдвэрээ ОУВС гэсэн үгээр зөвтгөөд өнгөрөх санаатай. Анх засгийн эрхэнд гармагц нийт хүүхдүүдийн 60 хувьд нь мөнгө олгоно. Үлдсэн 40 хувийнх нь мөнгийг 2019 онд бөөнд нь өгнө гэж хошгируулж байв. Гэтэл байр суурь нь дахиад л өөрчлөгдөж, "Мөнгө аваагүй хүүхдүүдэд нөхөж олгохгүй. Бас одоо авч буй 60 хувийг 40 хувь болгоно” хэмээн ард түмэн рүүгээ нулимлаа. Хэмнэсэн мөнгөө хоолны талон хэлбэрээр орлого багатай иргэдэд олгох юм гэсэн. Арай ОУВС ийм шаардлага тавиагүй л байлтай. Үнэхээр "Хүүхдийн мөнгөө хасаад оронд нь хоолны талон өг” гэж тулгасан бол их л хачин шаардлага тавьдаг сан бололтой.

Хэрэв өгч чадахгүй байсан бол яах гэж амласан юм гэж эрх баригчдаас асуумаар байна. Угаас улсын эдийн засаг хүндхэн байгаа гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан шүү дээ. Анх сонгуульд өрсөлдөхдөө л төсөв санхүү хүнд, хүүхдийн мөнгө олгох боломжгүй гэж хэлээд гарч ирсэн бол ард түмэн арай өөрөөр хүлээж авах байв.


Хүүхдийн мөнгө хасаад хэмнэх мөнгө нь хэд гэдгийг та мэдэх үү. Ердөө 50 тэрбум төгрөг. УИХ-д 65 суудалтай, өөрсдийгөө "хамгийн том, ууган хүчин” гэж нэрлэдэг нам энэ зэргийн мөнгийг зохицуулж, хүүхдүүдээ ялгаварлалгүй өгөхөд хүчин мөхөстсөн гэж үү. Ядаж амлалтдаа хүрдэггүй юм гэхэд муу нэр зүүхгүйн тулд өөр эх үүсвэрээс хасаж танаад ч болов өгч болмоор. Гэвч Сангийн сайд нь ОУВС гэсэн ганц мэддэг үгээ тоть мэт давтаж, бүлгийн гишүүд нь морь унасан толгойгүй хүн мэт түүнийг нь дэмжив. Хувийн өмчийг ичих ч үгүй дээрэмдэж чадсан нөхдийн хувьд хүүхдийн мөнгөнөөс хулгайлах нь юу ч биш бололтой.


Айл өрхийн хэмжээнд авч үзвэл аав, ээж нь олсон хэдэн төгрөгөөрөө өөрсдийгөө зугаацуулж тансаглаад, хүүхдэдээ талх авч өгөх мөнгөө хасаж байгаатай зүйрлүүлж болмоор. Уг нь ямар ч эцэг, эх нэн түрүүнд хүүхдэдээ санаа тавьдаг. Гэвч зөвхөн өөрсдийгөө бодож, хүүхдийг хоёрдугаарт тавьжээ. Үнэхээр эдийн засаг хэцүүдээд, улс тэр чигээрээ бүсээ чангалахаас аргагүйд хүрсэн бол ойлгож болохсон. Гэтэл үгүй юм аа. Нэг үйлдвэрийн дарга ажилд орсон даруйдаа 300 саяар өөртөө машин авч, 200 саяар байрандаа тавилга захиалсан баримт бэлээхэн байхад үүнийг нь буруушааж хориглосон албан тушаалтан нэг ч алга. Зөвхөн ганц дарга хагас тэрбумаар ийн тансаглаж байхад улсын үйлдвэрийн бусад дарга нарын зардал нийлээд хэд болохыг таашгүй. Дарга нарын тансаг хэрэглээг харахад манай улс жигтэйхэн баян мэт. Харин хүүхдүүдээ алагчлан үзэж, 50 тэрбум төгрөг харамлаад байгааг нь бодохоор Африкийн зарим орон шиг үгээгүй ядуу болсон мэт.

 

Манай улс 170 гаруй төрлийн халамж үзүүлж, үүнд нь дөрвөн хүн тутмын нэг нь хамрагддаг гэсэн тооцоо бий. Хэрэггүй халамжаа багасгах ёстой гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Гэхдээ хасч болохгүй халамж гэж бас бий. Үүний нэг бол хүүхдийн мөнгө. Цөөхөн монголчууд олуулаа болохыг дэмжих эдийн засгийн нэг чухал хөшүүрэг магадгүй энэ байх. Баячуудын хувьд хүүхдийн мөнгө онц шаардлагатай биш байж мэднэ.


Хэрэв тийм бол энэ мөнгөнөөсөө татгалзаж болно шүү дээ. Эсвэл амьдрах гэж ядаж яваа А-гийнх шиг айлд буцалтгүй тусламж хэлбэрээр өгчихвөл их л зөв жишиг болно. Харин энэ мөнгийг амьдрал ахуйдаа нэмэрлэдэг, хүүхдийнхээ ирээдүйн сургалтын төлбөрт зориулж хадгалдаг айл ямар олон болохыг бодоод үзээрэй. Таны санаснаас их байх вий. ОУВС хүүхдийн мөнгийг заавал хасахыг тулгаж, дарамталсан гэж бодохгүй байна. Харин хэрэггүй зардлаа танах зөвлөмжийг нь мушгин гуйвуулж, хүүхдэд очих багахан мөнгийг дээрэмдэхээр ханцуй шамласан нь харамсалтай. Уг нь хүмүүс тэднийг иргэдээ дээрэмдэж, шулаатах гэж сонгоогүй л юмсан.


Ер нь аль ч засаг мөрийн хөтөлбөрөө бүрэн гүйцэд хэрэгжүүлж чаддаггүйг бид мэднэ. Тэгээд сонгууль дөхөхөөр "Арай амжсангүй. Дахиад дөрвөн жилийн хугацаа өгчих” гээд уйлан алдана. Гэхдээ ямар ч байсан хэрэгжүүлэхийн төлөө их, бага хэмжээгээр зүтгэсэн байдаг.


Харин одоогийн хэд шиг эрх авсан даруйдаа амласан мөрийн хөтөлбөрөөсөө 100 хувь эсрэг явж байгаа засгийг би лав мэдэхгүй юм. Дэлхийн улс төрийн түүхэнд байхгүй содон шийдвэр гэж үүнийг л хэлэх биз ээ. Улс төрийн мэдрэмжгүй, иргэдийнхээ амьдралын чанарыг дордуулсан энэ шийдвэрүүд чинь эргээд та бүхнийг гудамжинд гаргах вий.

Эх сурвэлж: 24tsag.mn

 http://www.24tsag.mn/content/149064.shtml

1 сэтгэгдэл