|

Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх

Дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг гэгдсэн Хөлөнбуйрын өрцөнд байрлах Хуучин Барга хошуу нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц дээд амжилттай хөгжиж байгаа бөгөөд “Мэргэл гол”, “Улаан толгойт хонь”, “Хуучин Барга үхэр”-ээр олон түмний сэтгэлд хоногшжээ.
Тус хошуу нь орон нутгийн нөхцөл байдалдаа үндэслэн, “Үйлдвэрлэл, борлуулалт, итгэмжлэл” гэх иж бүрэн хамтын ажиллагааны загварыг бүтээж, малчин айлууд орчин үеийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд тулгарсан хүнд хэцүү асуудлуудыг шийдэн, уламжлалт мал аж ахуйн хөгжилд шинэ боломж ханган, тал нутгийн өвөрмөц онцлог бүхий хөгжлийн шинэ замыг нээсэн байна. 
Нутгийн хөгжилд хүч нэмсэн оюутнууд
Ойрын жилүүдэд Хуучин Барга хошууны Захиргаанаас малчдын амьдрал, мал аж ахуйд анхаарлаа хандуулж, бодлогын дэмжлэг, хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлсээр ирлээ. Хошууны иргэд ч өөрийн нутаг орноо хөгжүүлэхээр их сургуулиа төгсөөд нутагтаа буцан мал аж ахуй эрхэлж, уламжлалт малжих амьдралаа орчин үеийн хөгжилтэй хослуулан хөгжүүлэх замыг хайж, шинэ загвар бүтээхийг зорьсоор байна.
Малчин Цолмонтуяа 1999 онд их сургуулиа төгссөний дараа багшийн ажилд орж, хагас жил багшлаад нутаг буцан ээжийнхээ гараас уламжлалт мал аж ахуйгаа өвлөн авчээ. Хорин хэдэн жилийн турш уламжлалт мал аж ахуйг орчин үеийн шинэчлэлтэй уялдуулан, мал аж ахуй, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлснээр орлого нь хэд дахин нэмэгдсэн байна. Тэрээр:
- Бидний амьдрал гэдэг ядуухан байлаа. Малчин хүний ой ухамсар гэж цаанаасаа л өвлөгддөг юм байна. Их сургууль төгссөний дараа багшилж буй хугацаанд ээж, аав, нутаг ус минь сэтгэлээс гардаггүй. Тэгээд нутаг буцан мал аж ахуй эрхлэхээр шийдсэн гэж ярилаа. Тал нутагтаа үеийн үед малжих амьдрал эдлэн, мал аж ахуй эрхэлсэн малчин хүний хувиар нутаг, ус, уламжлалт мал аж ахуйгаа үр хойчдоо өвлүүлэх нь түүний мөрөөдлийн нэг байв. Үүний улмаас их сургууль төгссөн хүүгээ ч хажуудаа авчран, малжих амьдралдаа гаршуулжээ. Энэ айл одоогийн байдлаар 1000 гаруй хонь, 200 гаруй адуу, 100 гаруй үхэр тэжээж, мал аж ахуй болон аялал жуулчлалын жилийн орлого нь 1.5 сая юаньд хүрч, эргэн тойрныхоо ядуу амьдралтай 8 айлд дэмжлэг үзүүлж, хамтын баяжих замыг нээсэн байна.
Хуучин Барга хошууны Эвенк үндэстний сумын Энх гацааны оюутан малчин Чулуунбаатар их сургуулиа нарийн бичгийн мэргэжлээр төгсөөд нутаг буцан, уламжлалт мал аж ахуйгаа эрхэлжээ. Тэднийх нутгийн үүлдрийн Гурван голын үхэр тэжээж, сумынхаа үлгэр жишээч малчин, мянган малтай айлаар үнэлэгдсэн. 2023 оноос эхлэн нутгийн үхрийн үүлдрийг сайжруулж, ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор үхрийн тоо толгойг багасган, үхэр тэжээх дулааны хүлэмж байгуулав. Австрали улсаас Симменталь үхрийг худалдан авч үржүүлж эхэлжээ. Ингэснээр хөдөлмөр хүч хэмнэн, зардал багассан бөгөөд орлого нь дахин нэмэгдсэн байна.
- Анх эхлэхдээ аав ээж минь миний шийдвэрийг зөвшөөрөхгүй байсан. Тэгээд 2022 оноос эхлэн олон газраар явж туршлага хуримтлууллаа. Бас хажуугаар нь Тик Токоос симменталь үхэр үржүүлж ашиг орлогоо нэмэгдүүлсэн, амжилтад хүрсэн бичлэгүүдийг үзүүлсээр байгаад арай гэж зөвшөөрлийг нь авсан. Одоо жил бүрийн хавар захиалга авч, намар болоход малчдад ашгийг нь хуваадаг гэж Чулуунбаатар сонирхууллаа. Өдгөө эднийх 40 гаруй симменталь үхэр, 50 гаруй нутгийн үхэр, 400 гаруй хонь тэжээж, нутаг орондоо чинээлэг амьдралтай өрхийн нэг болж, хамтын хөгжлийг хөтөлж эхэллээ.
Брэнд болсон нутгийн хонь
Хөлөнбуйр хотын Хуучин Баргын улаан толгойт хонь нь хүзүүнээсээ толгойн хэсэг хүртэл бор улаан өнгөтэй болохоор улаан толгойт хонь гэж нэрлэгдсэн. Энэ хонь нь одоогоос 300 гаруй жилийн өмнөөс гэршүүлэн үржүүлсэн түүхтэй Барга хонины үүлдэр бөгөөд Хөлөнбуйр нутгийн хүйтэн цаг агаарт тэсвэртэй, тэжээн үржүүлэхэд амархан, тарга сайтай зэрэг онцлогоороо Баргачуудын амьдралын салж болшгүй нэгэн хэсэг нь болжээ.
Хөлөнбуйр хотын Хуучин Барга хошуу 2000 оноос эхлэн улаан толгойт хонийг орон нутгийн брэнд болгон хөгжүүлэх зорилгоор малчин ард түмэн их хэмжээгээр тэжээн үржүүлэхийг дэмжсээр ирсэн. Үүний дагуу хошууны захиргаанаас санхүүжилтийн төлөвлөгөө гарган улаан толгойт хонь тэжээн үржүүлэх суурин байгуулжээ.
2023 онд Хошууны Хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих товчооноос улаан толгойт хонь тэжээн үржүүлэх төслийг 5.2 сая юаний хөрөнгөөр босгож, Хөх-Өндөр гацааны улаан толгойт хонь тэжээн үржүүлэх иж бүрэн баазыг байгуулжээ. Тухайн үед нийт 850 толгой улаан толгойт эм хонь, 50 улаан толгойт хуц тэжээн үржүүлж, өнөөдрийн байдлаар 2000 гаруй толгой болгон нэмэгдүүлжээ. Тус бааз нь гацааны малчид болон ойр хавь, саахалт гацааны малчдын амьдралд тусламж үзүүлж, улаан толгойт хуцаа малын үржилд үнэ төлбөргүй хэрэглүүлснээр улаан толгойт хонины үржил, тоо толгойн нэмэгдэл, үүлдрийн сайжралд түлхүү үйлдэл үзүүлжээ. Тус хонины мах нь зах зээлд бусад хониноос 2-3 юаниар үнэтэй болохоор малчдын тэжээн үржүүлэх урмыг нэмэгдүүлсэн. Борлуулалтын талаар махан бүтээгдэхүүний аж ахуйн нэгжүүд, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд захиалгын гэрээ байгуулан, их хэмжээгээр худалдан авах чиг хандлага ойрын хэдэн жилд нэмэгдсээр байна. Энэ нь малчдын ашиг орлогыг нэмэгдүүлсэн төдийгүй, улаан толгойт хонины брэндийг Хятад даяар алдаршуулжээ.
Хуучин Барга хошууны Эвенк үндэстний сумын Ятуг гацааны малчин Улаан Тик Ток дээр шууд нэвтрүүлэг хийж, сүлжээ анд болон фенийг орлон хонь тэжээх шинэ арга замыг нээж, малчдын амьдралд дэмжлэг үзүүлсээр байна. Тэрээр анх Тик Токт бүртгүүлж, “Хамтын бэлчээр” сэдэвтэй шууд нэвтрүүлэг хийж эхэллээ. Нэгэн удаагийн нэвтрүүлгээр Улаан:
- Надад бэлчээр байна, хонь байна. Тэжээн үржүүлэх сонирхолтой хүмүүс надад хандаарай гэсэн санамсаргүй үгнээс фенийн тоо нь огцом нэмэгдээд эхэлжээ. Тэрээр интернэт сүлжээ ашиглан малчдаас хонь худалдан авч, фенүүдэд түрээслүүлэн өгч, цэвэр орлогын 70 хувийг малчид, 30 хувийг фенүүддээ олгодог. Энэхүү сүлжээний мал аж ахуй нь малчдын зардлыг багасгасан бөгөөд орлогоо нэмэгдүүлэх шинэ арга замын нэг болсон байна. Түүний фен хамгийн анх 8 хонь худалдан авч, түүгээр тэжээлгэсэн бөгөөд энэ жил 200 гаруй болон нэмэгдэв. Энэ жишээ нь улам олон фенийг татсан бөгөөд одоогийн байдлаар нийт 30 мянга гаруй хонь тэжээн үржүүлээд байна. Үүний зэрэгцээ нутгийн брэнд болсон улаан толгойт хонийг интернэтээр сурталчлан олон хүмүүст таниулсан бөгөөд тэжээн үржүүлэх, мах, махан бүтээгдэхүүн борлуулах замаар орон нутгийн хөгжил, малчдын амьдрал ахуйн чинээлэгжин баяжихад хүчээ нэмсээр байна.
Эрчимжүүлсэн мал аж ахуй
Малчдын амьдрал ахуйн гол тулгуур үйлс болсон уламжлалт мал аж ахуйг шинжлэх ухаанаар хөгжүүлэх нь байгаль орчны хамгаалалт, бэлчээр нутгийг сайжруулахад чухал түлхэц үзүүлдэг. Мөн малын тоо толгойг багасгаж, үүлдрийг сайжруулах нь малчдын зардлыг багасгаж, орлогыг нэмэгдүүлэх арга замын нэг болно.
Хуучин Барга хошууны захиргаа нь Тяньжинь хотын Өжин мал аж ахуйн технологийн ХХК-тай хамтран Хуучин Барга хошууны Хөхнуур суурингийн Баянбүрд гацаанд нийт 100 сая юаний хөрөнгө оруулалттай “Махны үхрийн тэжээн үржүүлэх суурин” байгуулсан байна. Хуучин Барга хошууны Хөхнуур сумын захиргааны дэд дарга Бао Фэнцай:
- Тус төсөл ашиглалтад орсноор 100 мянган толгой махны үхрийг тэжээн үржүүлэх чадавхтай болсон. “Өвс бордоо үйлдвэрлэх, махны үхэр тэжээн үржүүлэх, үхрийн махыг нарийн боловсруулах” зэрэг иж бүрэн үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх болно. Мөн тус төсөл нь “Компанийн жишиг, мэргэжилтэн, хоршоо буюу малчид” гэх хамтран ажиллах загвараар тухайн нутгийн эдийн засгийн хөгжил, малчдын амьдрал ахуйд дэмжлэг үзүүлэх болно гэж танилцууллаа. Тус төслийн хүрээнд ашиг шим ихтэй симменталь үүлдрийн үхрийг голчлон тэжээн үржүүлэх бөгөөд малчид өөрсдийн үхрээ тус баазад итгэмжлэн тэжээлгэх зэрэг арга замаар хамтран ажиллаж болох юм. Ингэснээр малчдын хөдөлмөр хүч, зардлыг хэмнэх бөгөөд орлогыг 50 хувиар нэмэгдүүлэх юм байна.
Тус суурингийн Харнуур гацааны нийтийн эдийн засгийн хоршоо нь 2019 онд байгуулагдан малчдын амьдрал ахуйд дэмжлэг үзүүлсээр иржээ. Ойрын жилүүдэд хур бороо багатай, ган гачиг болж, малчдын амьдралд нөлөөлсөн нөхцөл байдалд үндэслэн 2024 онд тус хоршоо хошууны захиргаанаас санхүүжилтийн дэмжлэг хүсэв. Хошууны захиргаанаас нөхцөл байдалд үндэслэн 2.6 сая юаний хөрөнгө мөнгө гаргаж, энэ үндсэн дээр тус гацааны нийтийн эдийн засгийн хоршоо 800 мянган юаний хөрөнгө нэмж, үхэр тэжээх дулааны хүлэмж байгуулах ажлыг дэмжсэн байна. Энэхүү хөрөнгөөр хоршооны цар хүрээг өргөжүүлж, үхэр тэжээх, бордоо боловсруулах, машин техник хураах зэрэг иж бүрэн үйлдвэрлэлтэй хоршоо болгон өргөжүүлсэн. Малчид хоршоонд бүртгүүлэхэд үхрийн жингээр хураамж авч, гурван сарын хугацаатай тэжээх бөгөөд энэ нь малчдын зардлыг багасгаж, орлогыг нэмэгдүүлэхэд тусалж байна. Одоогийн байдлаар тус хоршоонд 284 хүн хувьцаа эзэмшиж, малчдын орлогыг нэмэгдүүлэн, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлсээр байна.
Зохиогч:
Б.ХУРЦ
Найруулагч:
Б.ХУРЦ
Эх сурвалж:
СОЛОНГО

0 сэтгэгдэл