|

ЧИМЭЭГҮЙ ОЛИМПООС МАНАЙ ГУРВАН БӨХ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


ЧИМЭЭГҮЙ ОЛИМПООС МАНАЙ ГУРВАН БӨХ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIII олимпийн наадам Туркийн Самсун хотод болж байна. Дөрвөн жил нэг удаа болдог уг наадамд дэлхийн 114 орны 3145 тамирчин спортын 21 төрөлд өрсөлдөж байгаа юм. Чөлөөт бөхийн төрөлд манай улсаас Өвөрхангай аймгийн "Их монголын хүчтэн” дэвжээний дасгалжуулагч Э.Баттүшиг, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатарын хамт гурван тамирчин оролцсоноос бүгд медаль хүртсэн бахдам амжилттайгаар эх орондоо ирэхээр болж байна. Самсуны дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Намдагдоржийн Эрхэмбаяр, 65 кг-д Дорждагвын Чинзориг нар мөнгө, 74 кг-д Ширэндэвийн Батбаатар хүрэл медаль хүртэв.

57 кг: Н.Эрхэмбаяр Украины Сергей Сушевскиг 10:0-ээр, Болгарын Панаот Димитровыг 14:3-аар, Казахстаны Нурсултан Дуисембиевийг 16:6-гаар тус бүр оноогоор цэвэр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Ираны Кейван Ростамабадид 15:16-гаар ялагдав. Өнгөрсөн жилийн өсвөр үеийн дэлхийн аварга, 18 настай түүнд дифлимпийн аварга болоход тун ойрхон байлаа. 

65 кг: Д.Чинзориг шөвгийн наймд Энэтхэгийн Ажаи Кумарыг 12:8-аар, хагас шигшээд Армений Аргишти Бабаяныг 10:0-ээр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Ираны Хосейн Нуридашлежехэд оноогоор цэвэр ялагдснаар мөнгөн медалийн эзэн болсон юм.

74 кг: Ш.Батбаатар шөвгийн наймд Казахстаны Чингисхан Алдибайевыг 7:3-аар ялж, хагас шигшээд Энэтхэгийн Вирендер Сингхт 4:6-гаар ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Максим Слапикийг 10:0-ээр ялж, 12 жилийн өмнө буюу 2005 онд Австралийн Мельбурнд болсон дифлимпийн наадмын медалиа ихэрлүүлж хос медальтан боллоо. 

Сонирхуулахад,өмнө нь гавьяат тамирчин Бадарчийн Отгонбаяр "Копенгаген-1997”, "Ром-2001”-д хүрэл, Милхаажавын Ганбат "Ром-2001”, Даваанямын Баасандорж "Софи-2013” дифлимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байжээ.

550 сэтгэгдэл