Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Малчдыг орлоготой, махны үнийг өсгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэв
Манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 15 аймгийн 64 суманд өвөлжилт хүндрээд байна. Цаашид цас нэмж орж, хүйтэрвэл нийт 17 аймгийн 127 суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа юм.
Иймд малчдыг орлоготой байлгах, хот, суурин газруудад махны хомсдол үүсгэж улмаар үнийг нь нэмэгдүүлэхгүйн тулд мах бэлтгэлийг нэмэгдүүлэх ажлыг чиглэлээр шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгалаа. Юуны өмнө өвөлжилт хүндрэх эрсдэлтэй дээрх 17 аймгийн 127 сумын малчдаас 30 хүртэл мянган тонн махыг хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулан худалдан авч нөөцлөхөөр боллоо.
Мал, мах бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийг арилжааны банкуудын эх
үүсвэрээр шийдвэрлэж, арилжааны зээлийн хүүгийн төлбөрийг ХХААХҮ-ийн
сайдын урамшууллын зардлаас гаргах юм.
"Чингис хаан” төслийг дэмжиж хамтран ажиллахыг үүрэг болголоо
Аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан үйлчилгээг шинээр бий болгох ажлын хүрээнд зохион байгуулах "Чингис хаан” төслийг дэмжиж хамтран ажиллахыг "Эрдэнэс-Тавантолгой” ХК, "Эрдэнэс Монгол” ХХК-д Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болголоо.
"Чингис хаан” төслөөр 1,200 зураг бүхий мультмедиа болон бусад хэлбэрээр "Монголын нууц товчоо”-гоор Монгол Улсыг сурталчлах юм. Төслийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд үзэсгэлэнгийн байгууламжууд байгуулж, 2017 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн зургаан сарын турш гадаад, дотоодын иргэдэд үйлчлэх юм. Энэ хугацаанд үзэсгэлэнг 1.4 орчим сая хүн үзэж, төслийн хүрээнд 4-5 тэрбум төгрөгийн татварын орлого оруулж, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр авсан зээлээ хугацаанд нь бүрэн барагдуулна гэж төслийн багийнхан тооцжээ.
"Чингис хаан” шинэ зууны бүтээлч төсөлд 2.5 сая ам.доллар шаардлагатай бөгөөд уг зээлийг 2 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газраас хүсч байгаа юм.
Товч мэдээ
- Халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг баталлаа.
- Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам болон "Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д өөрчлөлт орууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
809 сэтгэгдэл