|

Монгол орны үзэсгэлэнт байгалиуд №1

Монгол орны үзэсгэлэнт байгалиуд №1

 

БАГА ТҮРГЭНИЙ ХҮРХРЭЭ

Баян-Өлгий аймгийн нутагт Хотон, Хурган нуурын баруун эрэг, Түргэний уулсын дунд хэд хэдэн хүрхрээ буудаг. Тэдний дотроос хамгийн том нь Бага түргэний амны хүрхрээ юм.

Нийт 36 метр өндөр эгц хаднаас буух бөгөөд их бага гэсэн хоёр хүрхрээ үүсгэн шаталсан маягтайгаар унадаг. Их хүрхрээ нь 23 метр өндөр, Бага хүрхрээ нь 13 метр өндөр. Эргэн тойрон нь байгалийн үзэсгэлэн төгс нутаг бөгөөд аялагч жуулчдын очих дуртай газруудын нэг ажээ
 

Монгол орны үзэсгэлэнт байгалиуд №1

 

АЛТАЙН НУРУУНЫ ТЭГШ ӨНДӨРЛӨГ БУЮУ ҮХЭГ
Алтайн нурууны Монгол, Хятад, Казахстан, Оросын хил залгаж дамнасан уулсын тэгш шилийг нийтэд нь "Үхэг” хэмээдэг. Орос хэлэнд "Укок” болон хувирчээ. Үхэгийн ноён оргил нь Монголын нутагт байх 4374м өндөр Хүйтэн оргил юм. Үргэлжлээд Белуха уул байх агаад энэ нь Алтайн БНУ-ын нутагт хамаарна. Үхэгийн баруун төгсгөлийг Өмнөд Алтай, Таван богд, Соёны нуруу эзэлдэг бол хойд хэсгийг Өмнөд Чуй нуруу тусгаарладаг. 1864 онд Орос, Манжийн хилийг тогтоох Чугучакийн гэрээнд Үхэгийн тухай дурджээ. 

Оросын эрдэмтэн И.Ф.Бобковын удирдсан судалгааны экспедици 1860 онд Үхэгийн тэгш шилд ирсэн бөгөөд Чингистай тосгоноос Ак-Алахи голыг өгсөн энд иржээ. Газарзүй болон ургамал, хөрс, эрдсийн судалгаа хийсэн. 1878 онд М.В.Певцовын баг ирж 200 гаруй ургамлын төрөл, 100 гаруй төрлийн эрдэс, уулын чулуулаг цуглуулаад буцжээ. 1888 оны үед П.К.Козловын судалгааны багийнхан ирж Үхэгээс Ховд хүртэлх уулсын тэгш өндөрлөгийг судалжээ. Дараа нь В.В.Резниченкогийн экспедици мөстлөгийн судалгаа хийж геологийн тогтоцын хувьд харьцангуй том дөрвөөс доошгүй мөстлөг Алтайд болсныг олж тогтоожээ. Мөн үргэлжлүүлээд Резниченкогийн хөвгүүд болох ах дүү Тронов нар Алтайн өмнөд хэсгийн мөстлөгийг судалж "Алтайн уулсын бүхий л мөстлөгийн төв нь Таван богд уулсын зангилаа мөн” хэмээн тодорхойлжээ. 1905 оноос эхлэн Томскийн их сургуулийн профессор В.В.Сапожниковын баг судалгаа хийж Алтай таван богдын 5 оргил тус бүрд өөрсдийн харснаар нэр өгч байжээ. Мөн Потанины нээсэн мөсөн голыг ч Сапожников нээжээ. 
1950-1960 онд Алтай Саяны уулсын системтэй судалгаанууд хийгдэж эртний болон одоогийн мөстлөгийн байдлыг судалсан ажлаар Е.В.Девяткин, Н.А.Ефимцев, Ю.П.Селиверстов, И.С.Чумаков, Е.Ф.Лунгерсгаузен, М.Г.Гросвальд, З.А.Титова, Л.Н.Ивановский, М.В.Тронов, В.С.Ревякин, В.П.Галахов, В.П.Голещихин нарын судалгааны бүтээлүүд гарч, Томскийн Технологийн Их Сургуулийн геологи-геоморфологийн салбарын П.П.Пилипенко, Д.В.Богданов, А.А.Иностранцев, В.А.Обручев, М.А.Усов, В.А.Хахлов, А.И.Родыгин нарын олон алдартай эрдэмтэдийг төрүүлжээ. Эдгээр эрдэмтэдийн судалгаан дээр тулгуурлан Баруун Сибирийн геологичид Алтайн том хэмжэний зураг гаргажээ.
1980-аад оноос Алтайн Улсын Их Сургуулийн профессор В.С.Ревякин, В.В.Рудской нар Алтайн нуруу, Үхэгийн судалгааг удирдан хийсэн бол 1990 оноос хойш Санкт-Петербургийн Их Сургуулийн профессор Ю.П.Селиверстовын удирдлагаар Зүүн өмнөд Алтай болон Тувагийн баруун өмнөд хэсгийн Алтайг судалж иржээ. Эдгээр судалгааны ихэнхийг Оросын Газарзүйн Нийгэмлэг ивээн тэтгэж, Нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгч профессор К.В.Чистяков өөрөө олон жилийн турш удирдаж байгаа нь Алтайн нурууны мөстлөгийн судалгаанд Оросын эрдэмтэд ямар их ач холбогдол өгч байгаагийн тод жишээ юм. 
Сүүлийн 30 жилийн дотор А.С.Ревушкин, Н.В.Ревякина, В.В.Бутвиловский, Ю.П.Селиверстов, В.П.Галахов, В.Е.Арефьев, Р.М.Мухаметов, К.В.Чистяков, В.В.Рудской, Р.В.Камелин, А.Н.Рудой, З.В.Лысенкова, А.Г.Редькин, С.Г.Платанова нарын эрдэмтэд төрөн гарчээ.
Алтай Таван Богд бол бараг төв хэсэгт оршдог бөгөөд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг учраас газарзүйн өөрчлөлт байнга явагдах магадлалтай байдаг байна. 1963-1991 онд Алтай, Соёны уулсад 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт 1485 удаа болсон байна. 
Үхэг гэдэг нь монгол хэлэнд нүүдэл хийх үед нялх хүүхдийг агуулж тээх зориулалттай авдар мэт таггүй савыг хэлдэг байна. Бас нэгэн утга нь гал тогооны хэрэглэл хадгалах шүүгээ-г хэлдэг ажээ. Магадгүй энэхүү аливааг агуулах сав гэдэг утгаар нь Алтайн нурууны мөстлөгийн тэр их нөөц, ургамал эрдсийг агуулдаг учраас "Үхэг” гэж нэрлэсэн бололтой.
Эх сурвалж Ganaa.mn блог
 

Монгол орны үзэсгэлэнт байгалиуд №1

 

АЛТАЙ ТАВАН БОГД - МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТ ГАЗАР
Монгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байдалтайгаар, Монголын баруун захаас Говь-Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй километр үргэлжилдэг. Монгол Алтайн нурууны уулархаг их мужид өндөр уулсаар хүрээлэгдэн Хотон, Хурган, Даян, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай сав оршино. Монгол Алтайн нуруунд Монгол орны мөсөн голуудын 96 хувь нь оршдог. Монголын хамгийн том мөсөн гол болох Потанины мөсөн гол нь Цагаан голын эх хавиас 20 километр үргэлжлэн орших бөгөөд нийт талбай нь 24 хавтгай дөрвөлжин километр. Монгол Алтайн нурууны хамгийн нам цэг нь 1800 метрт орших Хурган нуур юм. Уулын хар хүрэн хөрс, нуга намгийн хөрс зонхилохоос гадна хад асгатай. Алтайн нурууны таван их оргилыг нэрлэвэл, Хүйтэн оргил 4374 метр, Найрамдал оргил 4082 метр, Малчин оргил 4037 метр, Бүргэд уул 4068 метр, Өлгий оргил 4050 метр юм.

Хад чулуун дээр нь сүг зургууд, элдэв тамга тэмдэг, үсэг зурлага элбэг байдаг. Эдгээр нь 2500-3000 жилийн өмнөх түүх соёлын өв юм. Алтайн нурууны буган хөшөө нь Хангайн нурууны буган хөшөөнөөс ялгарах зүйл байдаг ба тэр нь бугын оронд адууг зурсан байдаг. Мөн адил сэлэм зурсан байх бөгөөд хөшөөний нүүрэн талын дээд өнцөгт том нар, жижиг сар, заримдаа нарыг харвасан сум сийлсэн байдаг. Тус цогцолбор газарт эртний болон Хүннү, Түрэг, Уйгар, Монголын эзэнт гүрний үед хамаарах цаг үе нь нарийн сайн тогтоогдоогүй булш бунхан их байдаг. Могойт, Онхотын хөндийд 30 гаруй хүн чулуутай булш бий. Хотон нуурын орчимд 2 хүн чулуутай, дүрс хэлбэр нь маш сонирхолтой булш бунхан байдаг бол Шар булаг, Ёлтын Харбайн салаа, Чихэртэй, Жаланаш, Сонгинотын орчимд хүн чулуу бүхий булшнууд байдаг. Казак, Тува үндэстний өлгий нутаг учраас тэдгээрийн ахуй амьдрал, зан заншил, амьдрах арга барилтай танилцуулах зорилгоор аяллын хөтөлбөрийг баяжуулах бүрэн боломжтой. Тус бүс нутагт уулын спортын аяллыг түлхүү хөгжүүлсээр ирсэн бөгөөд Хүйтэн оргилд анх 1956 онд Монголын уулчид мөрөө гаргаснаас хойш эдүгээ хүртэл 700 гаруй уулчид гарчээ.

Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль янгир, марал буга зэрэг хөхтөн хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутаг тул 1996 онд 636161 га талбайг улсын тусгай хамгаалалтанд авсан.
 

Монгол орны үзэсгэлэнт байгалиуд №1

 

АЖ БОГДЫН НУРУУ
Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Монгол Алтайн нурууны салбар уул бөгөөд хамгийн өндөр оргил нь Хүрэн товон далайн төвшнөөс дээш 3802 метр өндөр. Аж богдын нурууны өврөөс Индэр, Гишүүнтэй, Их гол, ар талаас нь Урт, Дөрөлжийн голууд эх аван урсдаг. Уулын хүрэн, цайвар хүрэн, говийн бор, хужир мараат, цөлийн бор саарал хөрстэй. Үет, буурцагт, бутлаг ургамал буюу ерхөг, хялгана, нарийн цагаан өвс, тэсэг, шөвөг, ортууз, агь, гогд, гоньд, тоорой, сухай, заг, гандигар, торлог, шар мод, харгана, баглуур, бударгана, таана, хүмүүл зэрэг ургамал голлон ургадаг. Аргаль угалз, янгир, хавтгай, хулан, хар сүүлт зээр зэрэг амьтадтай. Ууландаа зун 116-138 миллиметр хур тунадас унадаг. Алтай сумынхан сүү цагаан идээг сайн боловсруулдаг бөгөөд түүн дотор Аж богд уулынхаа нэрээр нэрлэсэн Ажийн бор хэмээх ааруул нь тун амттай
 

Монгол орны үзэсгэлэнт байгалиуд №1

 

АРЦ БОГД УУЛ
Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нилээд хадархаг говийн шинжтэй. Ноён оргил нь далайн төвшнөөс дээш 2477 метр өндөр Их баян уул.

Уулын өвөр тал нь нилээд налуу, олон салбар уулстай. Тухайлбал, Дулаан богд уул 2094 метр,Зост уул 1580 метр, салбар уулсын зүүн хэсэг нь Халзан хайрхан уулаар төгсдөг. Ийнхүү Арц богд уул нь салбар уулсын хамт 180 километр үргэлжилдэг. Зүүн өвөрт нь Их булаг, Бага булаг, Бумба, Сөөг, Туруухай, Цагаан хад, Баруун Зүүн хөөвөр гэх мэт задгай устай. Харин баруун өвөртөө Авдрантай, Зүүн баруун Ялаатай, Гэгээт, Ямаан ус, Харангад, Хөөвөр, Мансруй зэрэг задгай устай. Ийм их гол горхи булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг.

Дэлхийд ховор чүнчигноров чулуу, өнгө нь гэрэлд үргэлж хувирч харагддаг судалт болор хэмээх эрдэнийн чулуунууд зөвхөн Арц Богдын нуруунд байдаг ажээ. Арц Богд ууланд эртний чулуун зэвсгийн доод үед хамаарагдах Дархны газар, Илжгэн чихт хааны мөр хөвийн хоолойн чулуун хана, Сэрвэнгийн арын Гамингийн тойром, Ноён хутагтын хийдийн туурь, Тэвш уулын хадны моринд хөллөсөн дөрвөн дугуйт тэрэгтэй хүмүүсийн сүг зураг бүхий бичигт хад зэрэг түүхэн дурсгалт газрууд олон бий.
 

Монгол орны үзэсгэлэнт байгалиуд №1

 АЛТАН ЭЛС
Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг дэл элсний зүүн хэсэгт Баруунтуруун сумын нутагт Алтан элс оршдог. Элсний нийт талбай нь 177.5 мянган га. Элсэн доороос эх аван урсдаг цэнгэг устай гол горхи, булаг шанд, баян бүрдүүд болон элсний нүүлт зэрэг гадны нөлөөнд автахгүйгээр орших элсэн манхан юм. 

Нэг талаас нуур-пролювын гаралтай дөрөвдөгч галавын хурдас, баруун хойд зүгээс байнга үлээх салхиар хийсэн хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой. Сөөгөнцөр, дэгнүүлт үетэн, алаг өвс бүхий элсний бүлгэмдэл голлоно. Хиаг, ерхөг, агь, ганга, цагаан бургас зэрэг ургамал ордог. Элсний урд хаяа дагуу хэсэг нарс, шинэс, чацаргана ургах бөгөөд тухайн орчинг маш үзэсгэлэнтэй болгодог. Алтан элс нь дов толгодлог гадаргатай, элсний зүүн хэсэгт Эрдэнэтолгой, Залаа толгой, Хөх толгой зэрэг нам уулс шиг толгойнуудтай.

 

 

Монгол орны үзэсгэлэнт байгалиуд №1

 

АЛТАН-ОВОО
Дарь-Овоо гэж нэрлэх нь ч бий. Дарьгангын галт уулсын нэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1354 метр өндөр. Дарьганга сумын төвийн дэргэд орших энэ уул нь Сүхбаатар аймгийн урд хэсгийн 6 суманд амьдардаг Дарьгангачуудын шүтэн биширдэг уул юм. XYII зууны үеэс нутгийнхан тахиж ирсэн бөгөөд 1913 оноос Богд хааны зарлигаар тахиж ирсэн. Монгол орны өргөн олныг хамарсан их тахилга хийдэг уулын нэг. Хэсэг хугацаанд тахилга зогсоод байсан энэ овооны тахилгыг 1990-ээд оны үеэс дахин сэргээж 2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгожээ. 2004 онд оройд нь байх Алтан ганжирыг бүрэн алтадсан байна.

Алтан-Овоонд зөвхөн эрчүүд л гарч сүслэн мөргөдөг. Архи дарсаа өргөж, арц хүжээ аравнайлдаг. Энэ овоо бол зөвхөн эрчүүдийн гараар боссон овоо юм. Алтан-Овоон дээр эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг, бас бэлээр нь тойрдог зам бий. Алтан-Овоо баруун хойшоо сэтэрч урссан тогоотой бөгөөд овооны баруун талд Дуут нуур, харин зүүн талд Шилийн богд уул байдаг. Алтан-Овооны сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залсан гэдэг. Овооны гол мод буюу амь модыг сорогшин хэмээнэ. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавина. Сорогшин хэмээх мод нь мөнхийн ногоон, үр жимстэй мод байх агаад манай оронд самрын модоор хийдэг ажээ. Алтан-Овоонд залсан тэрхүү сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр өдрөөс хойш 300 жил өнгөрчээ

 

Монгол орны үзэсгэлэнт байгалиуд №1

 АЛАГ ХАЙРХАН УУЛ - МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР
Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт орших Алагхайрхан уул нь Монгол Алтайн нурууны дунд хэсгийн өндөр уулсын нэг бөгөөд ховор, нэн ховор ургамал вансэмбэрүү, юмдүүжин, сэржмядаг, бамбай зэрэг ургамал, аргаль, янгир, ирвэс, хойлог гэх мэт дархан цаазат амьтан шувууны байршил нутаг юм. Сүүлийн жилүүдэд эмийн ургамлыг их хэмжээгээр замбараагүй түүх явдал нэмэгдэж, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр амьтан, ургамал ховордож байгаа учраас 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангилалд хамааруулан улсын тусгай хамгаалалтанд авсан. Хамгаалалтын үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн Бугат сум, Тахийн талд байрлах Тахь нутагшуулах эрдэм шинжилгээний төв хариуцан явуулж байна. Алагхайрхан уул орчмын уулс нь ихэнхдээ тэгш гадаргуу нь эвдэрч шовх, эсвэл нарийхан зурвас хэлбэртэй болсон байдаг. Тус уулын хажуу эгц бөгөөд эртний мөстлөгийн үеийн мөсөн голын нөлөөгөөр үүссэн хунх, тэвшин хөндий элбэгтэй. Энэ нутаг нь Алтайн уулт өндөрлөгийн мужид багтдаг бөгөөд Дунд хайрхан, Бага хайрхан зэрэг салбар уулсаас тогтоно. Алагхайрхан уулын ноён оргил нь 3738 метр өндөр, мөнх цастай, жилийн аль ч улиралд 30-90 миллметр хүртэл тунадас унадаг. Алагхайрхан уулнаас Хөх сайр, Цахир, Босго, Хатуу, Улиастай зэрэг олон голууд эх авч урсдаг.


 

Монгол орны үзэсгэлэнт байгалиуд №1

 

БӨӨРӨГ ДЭЛИЙН ЭЛС
Увс аймгийн Зүүнговь сумын нутагт байх бөгөөд дэлхийн бөмбөрцгийн элсний хамгийн хойд зах руу түрж орсон элс гэдгээрээ онцлог. Мөн Монгол улсын хамгийн их талбай эзэлдэг элс юм. 4000 хавтгай дөрвөлжин километр талбай эзлэн 180 километр урт, хамгийн өргөн хэсэгтээ 50 орчим километр өргөнөөр үргэлжилдэг.

Бөөрөг дэлийн элсийг Их монгол элснээс Ханхөхий нуруу тусгаарлаж дунд нь оршдог онцлогтой. Элсний өндөр нь 70-80 метр байдаг бөгөөд далайн төвшнөөс дээш 1000 метрт оршино. Бөөрөг дэлийн элсний орчинд өвөлдөө харьцангуй дулаан учраас олон зуун айл, олон мянган мал өвөлждөг. Харин элсний урд үзүүр Зүүнговь сумын нутаг өвөлдөө маш хүйтэн болдог байна. Бөөрөг дэлийн элсний зүүн жигүүрт Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт Дөрөө нуур оршино. Монгол Орос улсын хилийн заагт орших 20 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Энэ нуурыг түшиглэн загасчлах болон хил дамнасан аяллыг хөгжүүлэх боломжтой. Мөн Бөөрөг дэлийн элсний хойд хэсэгт цэнгэг уст Баян нуур оршдог. Урт нь 11.5 километр, өргөн нь 3.9 километр, талбай нь 27.8 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Баян нуурын усан хоолойд усан спорт хөгжүүлэх боломжтой.
Эх сурвалж Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном

 

Монгол орны үзэсгэлэнт байгалиуд №1

 

ГАЛУУТЫН ХАВЦАЛ
Баянхонгор аймгийн төвөөс 75 км, Галуут сумын төвөөс баруун тийш 20 орчим км-т оршдог аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг юм. Олгой нуураас Галуут гол тийшээ урсан гарахдаа 2 км орчим урт энэ хавцлыг үүсгэжээ. Хавцал нь 100-150 орчим метр гүнзгий эгц цавчим бөгөөд өргөн нь дунджаар 10 метр орчим болно. Ийм давчуу хавцлаар энэ голын эрчлэн хуйларсаар урсан өнгөрөх хүч, дөмгийг төсөөлөн хэлэх аргагүй. Энэ хавцлын эгц хажуугийн хад чулуунд үүссэн ялимгүй тавцангууд дээр хаврын цагт усны шувууд өндөглөдөг. Усны шувуудын өндгийг хавцлын дээрээс өнгийн харахад ширээн дээр цагаан будаа цацсан мэт цайран харагдах нь үнэхээр сонин. Гэрэл зураг сонирхогчдын болон шувууны аялалд гойд нийцнэ.
 

Монгол орны үзэсгэлэнт байгалиуд №1

 


489 сэтгэгдэл