Монголчууд нэг том даваагаа давлаа. Энэ бол олон удаа маргалдаж, мэтгэлцсэний эцэст улс орны эдийн засагт эерэг дохио авчирч буй төсвөө тодотгосон явдал. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт гишүүд цаг сунган хуралдаж 2017 оны Төсвийн тодотголыг батлав. Монгол Улс эдийн засгийн хямралд орсон эгзэгтэй үед ийнхүү хавтгайрсан халамжийг хумьж, зорилтот бүлэг рүү чиглүүлсэн бодлогыг тусгасан Төсвийн тодотголыг батлах нь яах аргагүй энэ цаг үеийн захиалга, онцгой шаардлага гэдгийг эдийн засагчид хэлж байна.
Олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлд өртөж, эрх баригч намын гишүүд өөр хоорондоо хагаралдсан ч Төсвийн тодотголыг баталж чадсан нь энэ чуулганы гялтайх ганц гавьяа байж мэднэ.
2008 оны сонгуулиас хойш халамжийг хавтгайруулж ирснийг энэ удаагийн төсвийн тодотголоор нэлээд чамбайруулсан гэдгийг гишүүд хэлж байгаа. Хэдийгээр татвар нэмэх шүүмжлэлд өртөөд байгаа ч эдийн засаг элгээрээ хэвчихээд байгаа энэ үед төр түмэнтэйгээ нийлээд бүсээ чангалахаас өөр арга үлдээгүй биз. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд Монголчууд хангалттай халамж хүртсэн. Тэр хэрээрээ халамжийг хазаарлах бодлогыг сайшаахгүй нь мэдээж. Харин Монголын төр халамжаас халамжийн хооронд амьдардаг байдлыг хазаарлахаар шийдвэрлэсэн хямралыг сөрсөн бодлого нь энэ Засгийн газрын боловсруулсан төсвийн тодотголын бай хараагаа оносон өнцөг нь бололтой.
Уг нь сонгуулийн жил улстөрчид, эрх баригч нам өөрсдөдөө халгаатай шийдвэрийг яаж ийгээд аргацаагаад өнгөрдөг. Энэ жилийн хувьд тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө иргэдээс оноо алдах, татвар нэмж төсөвт өөрчлөлт оруулахыг зоригтой хийж чадлаа. Хэрэв шүүмжлэлээс зугтаж нийтэд таалагдах гэсэн бол МАН өөрсдөдөө халгаатай шийдвэрийг гаргахгүй байсан биз. Гэхдээ л хямралаас гарах улс орны эрх ашиг хамгийн эхэнд байх учиртай.
"Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах замаар ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг боловсруулсан. Энэ хүрээнд төсвийн урсгал зарлагыг бууруулахдаа нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлахаар тусгаад байгаа юм. Энэ мэтчилэн эдийн засгийн хямралаас гарахад түлхэц өгөх халамжийг хумьж, зорилтот бүлэг рүү чиглүүлсэн бодлогыг тодотголоор оруулж ирсэн юм. Долоон төрлийн татварыг нэмэх, төсвийн арга хэмжээ ба зардлын тал дээр найман төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилтуудыг тусгажээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулах, тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг хүн ам зүйн насны бүтцэд орж буй өөрчлөлттэй уялдуулан урт хугацаанд аажмаар нэмэгдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Мөн эдийн засгийн идэвхжлийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аяныг эхлүүлэх, Атрын III аяныг үргэлжлүүлэх аргах эмжээг эхлүүлэх юм. Төсөвт тусгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого зургаан тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 23.1 хувь, зарлага 8.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7 хувь, нийт алдагдал 2.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувьтай тэнцэхээр төсвийн тодотголыг баталлаа. Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх, автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн сууд-лын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, хадга-ламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар заасан.
С.УЯНГА /ЗУУНЫ МЭДЭЭ/
281 сэтгэгдэл