|

Ч.Санжаадамба: Олон жил түрүүлчих юмсан гэж бодож, мөрөөдөж, зүтгэж явсан болохоор нэг бодлын “итгэж өгөхгүй” л байх шиг байсан шүү…


 

Олон жилийн өмнө Монгол бөхийн ертөнц рүү нэгэн залуу бөхийн сураг өөрөө л ороод ирсэн. Ирээдүйн аварга болох хүү, бөх л болох гэж л төрсөн, хачин задгай барилдаантай, Дүвчин зааны шавь… ойгүй бяртай гээд л… Төд удалгүй аймгийн начин Санжаадамба, цэргийн арслан Санжаадамба, улсын заан Санжаадамба, Монгол туургатны аварга, 6000 бөхийн манлай гээд л түүний явсан зам мөр бүхэн бөхийн түүхэнд шинэ шинэ хуудас нэмж байлаа. 2016 оны улсын наадмын түрүү бөх, Монгол улсын 22 дахь аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбыг шинэ оны анхны дугаарын зочноор урьж, олныг хөөрөлдлөө…

 

Наймын даваанд л хамгийн хүнд барилдаан болсон…

-Аварга бэлтгэл сайхан уу? Саяхан болсон нутгийнхаа барилдаанд үзүүрлэлээ, сэтгэгдэл ямархуу байна?
-Бэлтгэл дажгүй дээ. Алдаг оног хийгээд л явж байна. Яг сайн жигдэрээгүй л байна. Он гаргаж байж л жигдэлнэ дээ, бэлтгэлээ. Нутгийн маань бөхийн дэвжээ байгуулагдсаны 20 жилийн ой, улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан сайхан боллоо. Нутгийнхаа сайхан арслантай түрүү булаалдаж үзүүрлэлээ. Би 2006-2007 оноос Бөхбилэгт дэвжээтэйгээ холбогдсон. Тэрнээс өмнө Замчин клубт Дүвчин багштайгаа бэлтгэл хийж эхэлсэн. Бас Говь компаний Хасар бөхийн клуб гэж байлаа. Тэнд бас хичээллэж байсан.
-Энэ намар их цөөхөн барилдах шиг боллоо?
-Харин тэглээ. Найр наадам гээд зав зай муутайхан яваад байлаа. Гэхдээ бэлтгэлээ бага багаар хийж байсаан. Саяхнаас л эрчимтэй хийж эхэлж байна. Удахгүй жигдэрээд сайхан болно оо.
-Мөн ч олон жилийн хүлээлт тайлагдаж, та энэ жил аварга боллоо?
-Ерөнхийдөө олон жилийнхээ алдсанаа нөхөх боломж байсан л даа, миний хувьд. Олон бөх цол нэмээд миний дээр гарчихсан байсан. Энэ жил л хамгийн том боломж, хичээж барилдахгүй бол болохгүй гэж бодож хичээсэн. Санасандаа хүртэл сайхан барилдаж чадсандаа баяртай байгаа. Төрийн наадмын даваа болгон хүнд байдаг. Даваа болгондоо хянуур сайхан барилдсаан.
Бөхийн чансаа гэж өөр юм. Заан цолондоо багтаж ядан байсан Ч.Санжаадамба аварга, арслан цолыг нэг наадмаар хүртэж, бөх сонирхогчдын олон жилийн хүлээлтийг тайлж, цэнгэлийн манлай болов. Түүний ямар хүчтэй өрсөлдөөнөөс сугаран гарч ирснийг наадамчин олон "Байх ёстой байрандаа, очих ёстой цаг хугацаандаа хүрлээ” хэмээн тайлсан. Тэр ард түмний сэтгэлийг дүүртэл сайхан наадсан. Дахиад олон наадам, олон даваа түүнийг хүлээж буй…
-Эргээд бодоход хамгийн хүнд даваа аль даваа байсан бол…?
-Наймын даваа л байсан даа. Оюунболд арслантай тунаж барилдсан. Бусад нь гайгүй ээ.
-Бяртай, иртэй залуу арслан. Бас түрүү бөхийн тааварт бас яригдаж байсан бөх?
-Харин тийм. Өнгөрсөн жилийн түрүү бөх. Нас залуу, тэсрэлттэй барилддаг. Дээр нь бяртай. Тэр барилдаан л нэлээд хүнд байсан даа. Бас үзүүр түрүүний барилдаан амар байгаагүй.
-Тавын даваанд бас ам авах гээд нэлээд бодох шиг болсон…?
-Харин их хэцүү юм билээ. Өмнө жилүүдэд туршлага дутаад ч тэр үү, бас найз нөхөд, таньдаг мэддэг хүмүүстэй ч нэг их зөвлөлгүй өөрийнхөөрөө "заза” гээд л шууд гараад авчих үе байсан. Энэ жилийн хувьд өөрөө дээшээ үзнэ гэж бодсон учраас тавын даваанд Отгонбаатарыгаа хүртэл авсан. Яалт ч үгүй л авсан даа. Хүн амжилтын төлөө өөрийгөө л бодохоос болохгүй ш дээ. Ер нь хэцүү байсан шүү, ам авах…Надад хоёр л сонголт байсан. Би Дэлгэрсайхан, Отгонбаатар хоёроос Отгоог авсан л даа.
-Улсын наадамд түрүүлэх тэр хором бол гайхамшигтай биз дээ?
-Бөхөөр хичээллэж байгаа бүх хүн л тэр агшныг, тэр мэдрэмжийг мэдрэх гэж хичээдэг байх л даа. Олон жил түрүүлчих юмсан гэж бодож, мөрөөдөж, зүтгэж явсан болохоор нэг бодлын "итгэж өгөхгүй” л байх шиг байсан шүү.
-Арвын давааны өмнө арслан цолоо зүүсэн шүү дээ, таныг дэмждэг хүмүүс "тайвширчих вий” гээд сэтгэл зовонгуй л байх шиг байсан?
-Би энэ жил ер нь их тайван байсан даа. Учиргүй баярлаад, догдлоод байсан юмгүй. Түрүүлчихээд ч гэсэн нэг их хөөрөөгүй ш дээ. Харин индэр рүү гараад улсынхаа Ерөнхийлөгчөөс аварга цолныхоо тэмдэг үнэмлэхийг гардах үедээ л үнэхээр их баярласан. Одоо бодоход өмнө жилүүдэд сэтгэлийн хөөрөлтэй, догдолсон, эсвэл бие барих гээд олон л юм байж. Энэ жилийн хувьд тийм зүйл огт байгаагүй. Бэлтгэл сайн болохоор дагаад бие хаа, сэтгэл зүй бүх юм тийм сайн болчихдог юм шиг байна лээ.
-Дүвчин багш нь юу гэж байх юм бэ, тэр үед…?
-Манай багш ямар ч үед "Чи барилдаж байгаа бөхтэйгээ л сайн барилдах ёстой Дараагийн даваа бодож огт болохгүй” гэж их захидаг юм. Тэр үед ч гэсэн "наад барилдах хүнтэйгээ л сайн барилд” гэж захиж байсан.Аварга цол хүн болгонд ирдэггүй байх гэж боддог юм. Ардын хувьсгалаас хойш 22-хон аварга төрсөн байна. Энэ бол цаанаасаа хувь заяа байдаг байх, их ч хөдөлмөр байдаг байх гэж бодож байгаа.
-Энэ жилийн даваануудаа эргээд бодоход ямар мэхийг голлож хийсэн байна вэ?
-Хөл авах мэхийг голдуу хийсэн байна лээ. Дээд даваануудад бол мэдээж дандаа золгоон дээр очиж барилдана. Дор даваануудад ихэвчлэн хөл авч давсан байна. Ерөнхийдөө бэлтгэл дээр их давтаж байсан мэх л дээ. Тэр маань нэлээд сайн орсон хэрэг. Би өмнө сэрвүүгээс голдуу барилдчихдаг байсан. Харин ноднин өвөл Адъяахүү багштай золгооны бэлтгэл нэлээд хийсэн. Тэр хэрээр золгооны барилдаандаа гайгүй сайжирсан шүү.
-Барилдааны арга барилаа өөрчлөөд үзсэн байх нээ?
-Ерөнхийдөө тийм. Сэрвүүгээс ч барилдчихдаг, золгооноос ч барилдчихдаг болсон. Өмнө сэрвүүгээс давбал даваад, унавал унаад л… Наадмаар ч гэсэн тиймэрхүү л барилдаан болдог байсан. Ерөнхийдөө яарч явж байгаад уначихдаг байж.
-Анх хэдэн онд улсын наадамд барилдсан билээ?
-2001 оны улсын наадмын хүүхдийн барилдаанд анх барилдаж байсан. Хөдөөнөөс орж ирсэн жилээ, Дүвчин багштайгаа. Дараа нь 2006 онд улсын наадамд анх барилдсан. Түүнээс хойш 10 жил зодоглож байж аварга цолонд хүрлээ.
-Баяртай, гунигтай, сургамжтай олон наадмууд байсан даа…?
-Анхны жилээ би Бадам-Очир начинд хоёрын даваанд унасан. Дараа жил Бат-Эрдэнэ аваргад, 2008 онд цэргийн арслан болчихоод Ганбат арсланд, 2009 онд хоёрын даваанд Суманчулуунд унасан. Тэрэнд жаахан харамсаж байсан. Дараа жил нь дөрвийн даваанд Лхагвадорж начинд унасан. Тэр жил уг нь би их сайн байсан. Болохгүй юм болдоггүй л юм билээ. 90 жилээр заан болсон. Дараа жил нь тав дээр Пүрэвжав харцагад, дараа нь Батмөнх, Батсуурь, Бүрэнтөгс нарт унасан. Тэгээд энэ жил түрүүллээ дээ.
-Энэ чамгүй олон жилийн хүлээлт, итгэл найдварыг тайлж аварга цолонд хүрэх тэр мөчид арай өөр зүйл мэдрэгдэх юм уу? Олон түмний хүлээлтийг тайллаа гэх тайвшрал ч юм уу?
-Тайвширалаас илүү энэ том цолны эзэн боллоо, цаашид яаж хамгаалах вэ, хэрхэн авч явах вэ гээд үүрэг хариуцлага илүү мэдрэгдсэн л дээ. Олон сайхан бөхчүүд байна шүү дээ. Бие хаа сайхан, бяр хүч ихтэй. Тэр болгон аварга болж чаддаггүй ш дээ. Тэгэхээр энэ бол тухайн хүний хүч хөдөлмөрөөс гадна амны хишиг, буян заяа байдаг болов уу гэж боддог юм. Жишээ нь манай ах нар гэхэд бүгд л том сайхан бие хаатай. Бөх болвол болчихоор хүмүүс. Гэтэл сонирхолгүй, дургүй. Тийм болохоор хүн дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулаад зүтгэхэд оргиолд нь хүрч болдог юм байна гэж ойлгосон.Монгол бөхийн оргил цолны эзэн болсон хүн чинь наад зах нь нэг, хоёрын даваанд унаад байж болохгүй. Бас залуучууддаа үлгэр дуурайлтай байх гээд хариуцлагууд нэмэгдсэн. Тэр тал дээрээ л ажиллана даа.

 

Заан болсныхоо дараа "Миний зорилгодоо хүрэх эсэхийг цаг хугацаа л харуулна даа” хэмээн даруухнаар өгүүлж байсан бол үнэхээр цаг хугацаа түүний зорьсон зорилгодоо хэрхэн хүрэхийг харууллаа. Гэхдээ энэ зогсоол биш. Дахиад олон наадам түүнийг хүлээж буй. Жилийн өмнө анхны дархан аваргаа тосон авсан Архангайчууд түүнээс дараагийн дархан аварга цолыг хүлээж эхэлсэн нь гарцаагүй.

-Хүмүүс одоо дархан аварга болоорой гэж байна уу?
-Аа, харин тэгээд л байна. Хичээгээд зүтгэнэ ээ. Ийм сайхан цолны эзэн болсон юм чинь бэлтгэл сургуулиа сайн хийгээд зүтгээд байна даа.
-Наадмын дараа найр наадам их байв уу? Өмнөговьд эхэлж зодоглолоо гэж дуулдсан?
-Тэгсэн. Аварга цолтойгоо анх зодоглосон наадам маань. Манай захирлууд чинь Өмнөговийн хүмүүс. Захирлынхаа нутагт аварга цолтойгоо анх барилдаж цолоо дуудуулсан. Бас сайхан л юм билээ.

Бөх болохоор хотод ирэх үед нь гутлын үйлдвэрийн Чимэдрэгзэн гэж аавынх нь амидаа нутгийн буурал анхлан "Чи нэг л цагт аварга болно” гэж хэлэхэд их л урам зориг орсон тэрээр хамт бэлтгэл хийдэг чөлөөтийн хэддээ энэ тухай хэлтэл "Архангайгаас аварга болох гэж ирсэн хүү” гээд шоолох нь холгүй юм болж… Харин өнөөдөр тэр АВАРГА… Олон бахдам сайхан амжилтын эзэн.

-Анх бөх рүү орж ирэх үед тань энэ хүү хэзээ нэг цагт аварга болно гэхийг сонсоод гайхдаг байв уу?
-Хуучнаар гутлын үйлдвэрийн дарга байсан Чимэдрэгзэн гэж аавын минь нэртэй буурал байлаа. Тэр хүн анх намайг "Чи Архангайгаас Өсөхбаяр аваргын дараа гарч ирэх том цолтой бөх болно” гэж хэлдэг байсан, бас хүмүүст ч захидаг байсан юм билээ. Чухам яаж тэгж сайн мэддэг байсныг би хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тэр үедээ их л урам орж, улам их хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлэл төрдөг юм билээ.
-Анх бөх болно гэж зорих үед аль цол мөрөөдөлд тань байв?
-Ер нь заан цол их гоё шдээ, тийм ээ?
-Бөхчүүд бараг бүгд тэгж хэлэх юм?
-Аргагүй сайхан цол л доо. Харин Дүвчин багш, Чимэдрэгзэн дарга нарын хүмүүс "Чи аварга болно” гээд л. Би жаахан хүүхэд дотроо гайхаад л… Нэг удаа чөлөөтийнхөнтэй бэлтгэл хийж байгаад санаандгүй өнөөхийг нь хэлчихгүй юу. "Намайг аварга болно” гэж байна гээд… Тэгсэн өнөө хэд маань бүр онигоо шахуу болгочихсон, шоолох маягтай. "Архангайгаас аварга болох гэж ирсэн…” гээд /инээв/. Одоо эргээд бодоход тэр сайхан хүмүүсийн ерөөл ч байсан юм уу, өнөөдөр аварга болчихлоо. Сайхан байна даа.

 

Зөвөөр харж, зөвөөр бичих хүмүүс нь жаахан цөөрсөн санагдсан…

-Ер нь бөх хүн ямар байх ёстой гэж та боддог вэ?
-Барилдааны үед хурц, эрэмгий байх ёстой. Сүүлийн үед бөх сонирхогчид маань, үзэгчид маань бөхчүүдийг арай л хэтэрхий өөр болгох гээд байх шиг. Ер нь бөх бол тулааны спорт. Гэхдээ бөх барилдана гэдэг зөв тулалдах байхгүй юу. Зөв тулалдана гэдэг зодоон цохион хийх биш. Барилдана гэдэг барьц авах, барьцнаас нэгийгээ давах, ялах юм байгаа юм л даа. Өрсөлдөгчөө ялахын тулд хүн сэтгэл зүйгээ өндөр байлгаж, өөрийгөө хурцалсан ирлэсэн байх ёстой. Сүүлийн үед залуусын тэр илрэл нь жаахан буруу яваад байгаа юм уу? Нэг л тиймэрхүү байгаад байна. Үзэгчид маань ч гэсэн нэг л сонин болчихоо юу даа. Уг ньСумъяабазар аваргынх шиг, Сүхбат аваргынх шиг тийм уран хурц дайчин, эрэмгий барилдаан үзэх гэж үзэгчид бөхийн өргөөнд цугладаг биз дээ? Гэтэл тийм барилдаан нь сүүлийн үед цөөрөөд байх шиг.
-Заримдаа бас эрэмгий, омголон байна гэж шүүмжлэх гээд байна уу?
-Ерөнхийдөө өнгөц ойлголттой хүмүүс байхгүй юу…?
-Та нээрээ саяхан нэг барилдаанас болж багагүй бичүүлэв ээ, сошиалд…?
-Би нэг залууг өргөөд тумбарайдаад тавьсан чинь аллаа, шудлаа болоод юу болов… Би ямар гудамжинд явж байгаа хүнийг барьж аваад өргөөд тавьчихсан биш. Адилхан тэмцэлдэж байж, би тэр бөхийг зөөлөн хаях гээд өөрөө унавал яах юм. Тиймэрхүү зүйлүүдийг зөвөөр харж, зөвөөр бичих хүмүүс нь жаахан цөөрсөн санагдсан. Дандаа л муулсан, буруугаар мушгисан харагдах юм. Ерөнхийдөө нийгэм нь тийм болчихсон ч юм шиг… Нэг л их шүүмжилдэг нийгэмд амьдраад байх шиг байна даа, бид.
-Үнэндээ тэр шүүмжлээд элдэвлээд байгаа хүмүүсээс ирээд бөхөө үздэг нь, жинхэнэ барилдаан гэж юу байдгийг мэдэрдэг нь цөөхөн л байх шиг санагддаг ш дээ?
-Харин тийм. Нарийн ширийн юм мэдэхгүй. Энэ барилдаанд барилдахын тулд хэдэн жил, хэдэн сар, хэдэн өдөр яаж бэлтгэл хийдгийг мэдэхгүй ойлгохгүй байна шүү дээ.
-Хүн чаддаг юмандаа аатай байхад гэмгүй гэж өмнөх ярилцлагадаа хэлж байсан. Тэрийг би бөхийн аа гэж байх ёстой гэдэг утгаар хэллээ гэж ойлгосон?
-Сайхан барилдаж чадаж байгаа бол сайхан л эрэмгий байх хэрэгтэй. Ард түмэн бидний тэр сайхан барилдааныг л үзэх гэж цаг зав, хөрөнгө мөнгөө үрж ирж байгаа биз дээ. Бид тэр хүсэл зорилгод нийцүүлж сайхан барилдаан үзүүлэх ёстой. Сүүлийн үед манай том цолтой бөхчүүд сайхан, сайхан барилдаан их үзүүлдэг болсон шдээ. Гоё гоё мэх хийж барилдаж байна. Манай Пүрэвдагва арслан гэхэд сайхан өмсөж байна. Том цолтой бөхчүүд маань ингээд янз бүрийн мэх хийгээд сайхан барилдаад байх юм бол залуучууд маань дуурайгаад барилдааны өнгө төрх өөрчлөгдөнө гэж боддог. Нэг хэсэг монгол бөх маань жаахан унтамхай байдалд орсон шүү дээ. Дандаа л барьц сонгодог. Би тэрэнтэй эвлэрэх дургүй. Хоёр нөхрийг барьц сонгохыг харах гэж хамаг цаг заваа барж суух гэж үзэгчид ирээгүй ньойлгомжтой. Тэд нар чинь гоё барилдаан үзэж, гоё кайф авах гэж л ирж байгаа. Тэр мэдрэмжийг л барилдаан бүрт мэдрүүлвэл гоё байх гэж боддог юм.
-Өмсөх мэх гэснээс саяхан таны өмсөөд давж байгаа нэг бичлэг яваад байна лээ. Тэр хуучны барилдаан уу?
-Заан байхдаа. Нэг залууг өмсөх мэхээр хаясан. Ер нь янз бүрийн мэх хийх гэж оролддог юм. Зургаан залуу зааны үед ямар барилдаан болдог байлаа даа. Санаж байгаа биз дээ? Тачигнасан л юм болдог. Сүхбат аварга Сумъяабазар аваргын хөлийг аваад яг давах шахтал Сумъяабазар аварга дөрвөн хөллөж, барьцыг нь тавиулж зугтаад… гээд гоё гоё барилдаанууд болдог байлаа ш дээ. Хүмүүсийг өндөлзүүлсэн. Одоо бол тийм барилдаан байхгүй болсон байна. Барьц сонгодог, уураг уудаг, таргалдаг ийм л болчихсон. Би хувьдаа барьц сонгохгүй барилдчих юмсан гэж их л хичээдэг юм. Яалтч үгүй өндөр даваанд хааяа барьц сонгох үе байна.

 

Эндээс "үндэсний бөхийн багш нар их муудаж дээ” гэж би харж байгаа…

-Саяхан бөхийн холбооноос допингийн шинэ журам гарсан. Та бол энэ талаар хэдэн жилийн өмнөөс санаа тавьж, дуу хоолойгоо нэмж явсан бөхчүүдийн нэг. Энэ журмыг хэрхэн хүлээж авав?
-Бөхийн холбоо маань маш зөв шийдвэр гаргалаа гэж бодож байгаа. Улиралдаа ч юм уу, сардаа ч юм уу барилдаануудын явцыг харж байгаад залуучуудаас, бүх цолтой бөхөөс авах хэрэгтэй. Ингэж байж их сайхан зөв болно. Зөв сайхан өрсөлдөөн гарна. Бөхийн дэвжээн дээр янз бүрийн уур уцаар, зодоон цохион гараад байгаа, гаргаад байгаа явдал бол допингтой холбоотой байж магадгүй. Ер нь айж ичихээ байсан нөхдүүд их байна шүү дээ. Эрэмбэ дараа гэдэг юм байхгүй болсон. Том цолтой бөхчүүдийнхөө өөдөөс янз бүрийн хараал хэлэх энүүхэнд болсон байна. Эндээс би "үндэсний бөхийн багш нар их муудаж дээ” гэж би харж байгаа. Бөхийн багш гэдэг хамгийн эхэнд эрэмбэ дараа, ёс жудаг, гараа дэвээ гээд бүх зүйлийг зааж өгөх ёстой. Яс маханд нь шингэтэл ойлгуулах ёстой. Гэтэл одоо бөхчүүдэд пауэрлингийн, фитнесийн багш нар багшилдаг боллоо. "Яадаг юм, гараад зодолд, алаад өг” гэдэг юм уу, юун ёс жаяг, эрэмбэ дараа. Өнөөдүүл нь нарийн ширийн барилдаан мэдэхгүй, барьц мэдэхгүй. Мундаг бие хаатай нөхдүүд гарч ирээд бараг л цохиж унагаачих гээд байна шүү дээ. Энэ мэтчилэн алдаа дутагдалтай зүйл их байгаа. Хүн бүр дор бүрнээ хичээгээд явбал арай л өөр байна байх.
-Журам гарчихлаа. Одоо харин шинжилгээгээ хэрхэн авах вэ, үр дүн ямар байх вэ гээд асуулт ч олон л байх шиг байна даа?
-Тэр журмаараа л явчихад болох байлгүй дээ. болдог бол гаднаас хүмүүс ирээд тэр шинужилгээг нь авдаг бол бүр сайн байх. Ер нь мэргэжлийн хүмүүс бол хараад л бараг мэднэ дээ. хэн нь хэрэглэж байна, хэн нь хэрэглээгүй гэдгийг хараад л мэддэг гэж ойлгодог. Жирийн бидний нүдэн дээр илт өөрчлөгдөж байгаа хүмүүс зөндөө л харагддаг. Хүн хөдөлмөрч байж болно гэхдээ тийм хурдан тэгж хувирч өөрчлөгдөнө гэдэг юу л бол гэж боддог юм. манай үндэсний бөх чинь удаан хугацаанд хөдөлмөрлөж байж өөрчлөлт ирдэг спорт байхгүй юу…
-Допинг хэрэглэж байгаа нь илт бөхтэй барилдаад унахаар гомдолтой биз дээ?
-Тийм хүмүүс ихэнх нь барилдаан мэдэхгүй л хүмүүс байдаг шүү дээ. Хүн бяртай байж болно. Бяртай хүмүүс зөндөө л байгаа. Хамгийн голнь зөв барьц өвч, зөв барилдаж сурна гэдэгт л гол нь байгаа юм даа. Хамгийн эхэнд сайхан гараа дэвээгээ сурчих хэрэгтэй. Тэгээд барьц авах, барилдаж сурах хэрэгтэй. Дараа нь тахимаа зөв авч өгч сурах хэрэгтэй. Ингэж байж л бөх нэрэнд эзэн байх болов уу гэж би ойлгодог юм. Гэтэл дэвж чадахгүй, барьц авч мэдэхгүй, барилдаж чадахгүй байж том цол мөрөөдөөд явна гэвэл миний санаанд лав багтахгүй л байна.
-Та өөрөө энэ ёс жаягаа үлгэр авмаар сайхан мөрддөг бөхчүүдийн нэг. Таны тахим авах өгөх хүртэл их сайхан үлгэртэй. Анх бөхийн А үсгээ хэнээр заалгаж байв, та?
-Дүвчин багшаараа л заалгаж байсан даа. Одоо ч багш дээрээ үргэлж ирж, очдог. Алдаа оноо, баяр гуниг бүхнээ бүгдийг нь багштайгаа л хуваалцдаг. Ер нь тахим авна, өгнө гэдэг бол монгол бөхөд ялсан, ялагдсанаа хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл шүү дээ. Элэг бүсээ тайлаад очоод сайхан тахимаа өгчих нь бөх хүний бас нэг чухал чанар шүү.
-Ямар нэг барилдаан дээр элэг бүсээ тайлмааргүй санагдсан үе байдаг уу?
-Байдаг шүү. Нэг цагаан сарын барилдаан дээр Батмөнх заантай барилдаад давсан чинь хөл дээр нь гишгэсэн гээд бөөн маргаан болоод, би эрхээ хүртэл хасуулаагүй юу. Тэр бас их харамсалтай байдаг юм. Ер нь гарын даа хөлийн цэцүүд маш сайн ажиллах ёстой. "Би хараагүй” гээд хэн нэг бөхийг амжилтаар нь хохироох эрх хэнд ч байхгүй. Нэг даваа битгий хэл нэг барьц ямар үнэ цэнэтэйг тэд нар өөрсдөө бүгд мэдэж байгаа. Өөрсдөө барилдаж байсан хүмүүс шүү дээ. Тэнд л алдаж болохгүй байхгүй юу. Нэг барьц авахын тулд ямар их хүч, ямар их оюун ухаан зарцуулдаг гэдгийг хүмүүст ойлгуулах ёстой. Гэтэл давчихаад байхад унасан бөхийг нь давуулчихаж байгаа харагддаг заримдаа. Миний ганц шүүмжилдэг юм бол энэ. Уг нь барилдааныг камераар шүүчихвэл болмоор л санагдаад байгаа юм. Нэг, хоёрын даваанд тийм ойролцоо унаж, давах барилдаан бараг гарахгүй дээ. Даваа өгсөх тусам бөх цөөрөөд камераар шүүх боломж улам их болно. Одоо чинь хэддүгээр зуун билээ дээ?
-Бөхчүүд маань өөрсдөө болох болохгүйн тухай дуугарах нь цөөн юм даа?
-Тиймэрхүү асуудал гардаг л юм билээ. Яг ид барилдаж яваа үедээ бол хэл амнаас төвөгшөөнө, янз бүрийн асуудлаас хол байхыг хичээнэ. Ерөөсөө л амжилт гаргах гол хугацаа 10 жил л байдаг юм болов уу гэж боддог. 10 жил гэдэг маань бас богинохон ш дээ.

 

Зэргэлдээ сумандаа барилдах гээд пургонд суугаад явчихсан…

-Яг энэ мөчид сумын заан цол авч байсан барилдаанаа эргээд нэг дурсвал сонин доо. Булган аймагт авсан гэдэг байх аа?
-Тийм ээ. Булган аймгийн Гурванбулаг суманд анх сумын заан цолоо авч байлаа. Манай сумтай залгаа сум л даа. 2002 онд юм байна.
-Одоогоос 14 жилийн өмнө юм байна. Бөхчүүд зэргэлдээ сум руугаа ногт ганзгалж очлоо гээд л ярьдаг. Түрүүлнэ гэсэн зорилготой оччиж байв уу?
-Үгүй, үгүй. Зүгээр л сайхан барилдъя гэж бодоод очсон. Би тэр жилээс л барилдаж эхэлж байсан үе л дээ. Бөөн хорхой л явахгүй юу. Сумандаа ганц хоёр барилдаанд түрүүлээд үзчихсэн. Зодог шуудаг ч байхгүй нөхөр л сумынхаа нэг ахын малгай, зодог шуудгийг нь гуйж өмсөөд, хромон гуталтай /инээв/. Тэр жилийн наадмаар сумандаа анх барилдаад наймд үлддэг юм. Тэгэхэд манай сумын наадамд 10 гаруй аймгийн цолтон ирж барилдаад сүртэй юм болсон. Өвөрхангайн Хадын Болд гэж аймгийн заан ахад наймд үлдээд унаж байлаа би. Манай сумын наадам арай өмнө 7 сарын 5, 6-ны үед бол луу даа. Тэгсэн хэд хоногийн дараа манай сумын хэдэн сумын заан ах нар Гурванбулаг орж барилдана гэчихсэн пургонтой явж тааралдаад "намайг явах уу” гэхээр нь шууд суучихаж билээ.
-Морио хээр орхиод уу?
-Айлд орхиод… /инээв/. Нутгийн дандаа л таньдаг айлууд байгаа юм чинь. Нэг айлд захиж захичихаад пургонд суугаад явсан. Тэгсэн сумынхаа нэг ахтай үлдээд түрүүлж, сумын заан болж байлаа.
-Ер нь өссөн орчин бөх болоход чухал нөлөөтэй гэж ярих юм билээ?
-Бидний үеийн хүүхдүүд чинь дандаа л барилддаг байсан ш дээ. Би багаасаа барилдах дуртай. Ээж минь эхэндээ "Дэмий бөх дээлийн гарз гэдэг юм, хамаг дээл ураад хаячихлаа” гээд л загнана. Би чинь айлын бага болохоор нэлээд эрх талдаа. Үе тэнгийнхэнтэйгээ барилдаад бүгдийг нь хаядаг болоод өнөөдүүл маань барилдаж өгөхөө болиод дээд үеийн ах нартай үздэг болсон. 13-тай байхдаа 20 хүрч яваа ах нартай ач тач л барилддаг байж. Жил ирэх тусам сайжраад л байдаг юм билээ. Тэгээд л ерөнхийдөө барилдъя гээд хот руу орж ирсэн дээ.
-Аав тань залуудаа барилдаж байсан юм болов уу, их л том биетэй хүн байна лээ шүү?
-Манай аав барилдаж байгаагүй ээ. Олон хүүхэдтэй айлын ганц хүү гээд эрх танхи талдаа өссөн. Барилдах сонирхол муутай байсан юм шиг байгаа юм. Цэрэгт байхдаа ганц удаа барилдаж байсан гэж ярьдаг юм.
-Ээж нь хүүгийнхээ энэ олон сайхан амжилтын зах зухыг харж амжсан болов уу?
-Ээж минь саяхан 2010 онд бурхан болсон юм шүү дээ. Улсын цол авахыг минь харж амжаагүй ч гэлээ одоо тэнгэрээс хүүгээ харж байгаа байх аа. Хүүгээ бөх болно гээд явахад их дэмжсээн. Бэлтгэл хийж байгаад очихоор "хүү минь их бэлтгэл хийгээд ядарч байгаа, одоо амар, амар” гээд л бөөцийлнө. Ээжийн минь талд барилддаг хүмүүс нэлээд байсан. Аавын талд ч гэсэн. Хоёр талын бөхийн удамтай. Манай аав Мижиддорж арслан хоёр чинь төрсөн эгч дүүсийн хүүхэд юм шүү дээ. Ээжийн талд болохоор эмээгийн маань дүү нар барилддаг хүмүүс байсан.
-Адъяахүү багш нэг судалгаа хийсэн байдаг юм билээ. Тэр судалгаагаар улсын цолтой бөхчүүдийн дийлэнх нь нэлээд том болтлоо ээжийнхээ хөхний сүүг хөхсөн байдаг юм байна. Энэ бас учиртай юм байна шүү гэж байсан?
-Магадгүй. Би гэхэд бас л 5-6 хүртлээ ээжийнхээ мөөмийг хөхдөг байсан шүү. Эхийн сүү гэдэг чинь өөрөө мундаг зүйл байхгүй юу. Сүүндээ цадсан хүүхэд шиг… гэж манай монголчууд ярьдаг шүү дээ. Тэгэхээр эхийн сүүнд их "учир” байж таарна. Наад зах нь бие хаа нь өсгөлүүн сайхан болно. Бяр тэнхээ суухад ч нөлөөтэй байх. Манай ээж бид нарт орой болгон үхрийн сүү хөөрүүлж өгдөг байсан. Тэр ч бас сайн нөлөөтэй л байсан байж таараа.
-Ээж тань бас нэлээд биерхүү хүн байжээ, зургийг нь харахад…?
-Эмэгтэйчүүд дотроо нэлээд том биетэйд орно шүү. Манай эгчийг харсан биз дээ. Тэр эгчирхүү л бие хаатай хүн байсан даа, залуудаа. 41 размерийн гутал өмсдөг. Өндөр нь бараг 180 орчим см байсан. Мижиддорж арслан хөдөө манайхаар их очдог. "Дээр үед эмэгтэй хүн барилддаг байсан бол манай энэ л барилдах байсан юм…” гэнэ ээжийг.
-Ах эгч нар бол бүгд л аваргаас том биетэй харагдана лээ. Ах нар барилдсангуй юу?
-Ер нь надаас том ш дээ. Барилдсангүй. Миний дээд талын ах бол надаас өндөр. Бараг 190 см орчим. Тэр ахыгаа л барилдах байсан болов уу гэж боддог юм. даанч өөрөө сонирхол муутай байсан. Бид нар гэртээ хоорондоо бас барилдана аа. Барилдах чинь бас авьяас шүү дээ. Тэр ах маань бидэн дотроо арай л илүү авьяастай нь байсан юмдаг.
-Нөгөө Хишгээ заан бөх болгоно гэж хотод авчираад хөдөө зугтаад явчихсан гэдэг ах уу?
-Үгүй биш. Тэр чинь миний хамгийн том ах байгаа юм. Миний дээд талын ах тийм авьяастай. Жаахан ичимхий, тэгээд барилдаагүй л дээ.
-Барилдсан бол гэх үү, одоо?
-Үгүй ээ. Тийм юм ярьдаггүй юм аа. Дотроо бол боддог байж магад. Дүү нь сайхан барилдаад аварга цол авахыг хараад "би бас барилдсан бол” гэж бодсон л байх.
-Хашаат сум бөх сайтай юм аа. Улсын аварга, арслан, заан… Дэлхийн хошой аварга… гээд л ? 
-Манай сум бөх олонтой. Дээр үедээ Лүн сум гэж байхад олон том цолтой бөхчүүд байсан юм билээ. Манай сумын Хүрэлбаатар начин 1986 онд улсын цол авах үед би төрөөд удаагүй байж. Тэр цагаас хойш 25 жилийн дараа би улсын цол авсан байдаг юм. Манай Батцэцэг байна. Чөлөөтөөр сайхан барилдаж байна. Бид хоёр нэг багшийн шавь нар. Энэ жил олимпийн аварга болчих болов уу гэж их харж байлаа. Гэхдээ 2020 оны Токиогийн олимп байна даа. Тэнд сайхан барилдах байх аа. Нутгаас минь олимпийн аварга төрчихвөл сайхан л байна даа. Бас манай Ойдов багш, Дүвчин багш гээд олон мундаг бөхчүүд уг гарал нь Хашаатынх юм шүү дээ. Хуучин Лүн сум гэж байх үед төрсөн.
-Дүвчин багш нь шавийгаа аварга болох үед бусдаас их баярласан болов уу?
-Их л баярласан байх. Багшийгаа ганц баярлуулсан байх гэж бодож байна. Багш маань хэр баргийн юманд хөл алдахгүй ээ. Ямар ч үед намайг загнана, зэмлэнэ. Алдаа оноог минь хэлж өгнө.
-Багш хүний хайр нь дотроо, хал нь гаднаа гэдэг л тэр байх даа?
-Ер нь ил магтаж баярлаж сүйд болохгүй. Би бол тэдний хүүхэд шиг л байдаг. Хөдөөнөөс орж ирээд багшийнхаараа байнга л орж гарна, хоол ундыг нь иднэ. Манай багшийн эхнэр Солонгоо эгч чинь их сайхан хүн байдаг юм шүү дээ. Багшдаа болон багшийнхаа гэр бүлд маш их баярлаж явдгаа энэ дашрамд уламжилъя. Улам сайн барилдаж багшийнхаа ач тусыг хариулна гэж үргэлж бодож, хичээж явдаг юм шүү дээ.
-Хүчний бэлтгэл хэр их хийж байна?
-Би хүчний бэлтгэл нэг их хийдэггүй юм даа. Энд Төрөө багш дээрээ хааяа ирж хөнгөн маягийн бэлтгэл хийгээд, хийх ёстой дасгалуудаа хийгээд л явдаг юм. /Аваргыг Алдар спорт хорооны чийрэгжүүлэлтийн төвд хүчний бэлтгэл хийж байхад нь очиж ярилцсан юм/.

 

Цочоовол Ганбат арслангаас их бяр гарахаар юм билээ…

 

-Аваргыг их бяртай гэдэг. Бярныхаа хэмжээ багцааг үзэж байв уу?
-Бяртай гэвэл надаас бяртай хүмүүс зөндөө л байгаа ш дээ /инээв/.
-Барилдааны бяр, юм өргөх бяр гэж хоёр өөр зүйл байна аа?
-Ер нь бол тийм ш дээ. Барилдаан дээр бяр гаргана гэдэг бол шал өөр асуудал. Энд штанганд ихээр суугаад шахаад байгаа хүмүүс барилдаан дээр очоод тэр бяраа гаргаж чадахгүй тохиолдол зөндөө л байдаг. Тэгэхээр барилдана гэдэг бяр гаргахаас илүү мэдрэмж юм л гэж боддог доо. Зөв мэдрэмжтэй байх юм бол ямар ч бяртай хүнийг хаяж болно.
-Таны барилдаж үзсэн бөхчүүдээс хамгийн бяртай нь хэн бол…?
-Олон л бөхтэй барилдаж үзсэн. Ганбат арсланг цочоовол их бяр гарах бөх юм гэж боддог. Цочихоороо л их бяртай, бяр гаргаад байгаа санагддаг юм.
-Ямар бөхтэй барилдахад эвгүй байх юм бэ?
-Мэдрэмж өндөртэй бөх л эвгүй дээ.
-Ерөнхийдөө уян хатан чанар бас дажгүй биз?
-Би ч тийм уян хатан биш дээ. Хатуудуу л хүн шүү дээ.
-Хүмүүс болохоор харьцангуй уян хатан талдаа юм гэж юм билээ?
-Хатуу хүмүүс нь ихэсчихгүй юу /инээв/.
-Анх бөх хүү орж ирээд хийж байсан бэлтгэл, өнөөдрийн бэлтгэл хоёрыг харьцуулашгүй биз дээ?
-Шал өөр ш дээ. Анх бэлтгэл хийж байхад хүндрэлтэй юм зөндөө л байдаг. Наад зах нь ачаалал даах чадвар суугаагүй байдаг. Одоо бол ямар ч ачаалал, ямар ч бэлтгэлийн цаана гарах суурь суучихсан болохоор асуудалгүй.
-Нааж этэх мэхийг тун даамгай хийдэг байсан. Сүүлийн үед нэг их хийхгүй байна уу?
-Анх сурсан мэх маань. Нэг хэсэг их хийдэг байсан. Одоо хүн болгон мэддэг болчихоод хийлгэхээ байсан. Сүүлийн үед давхар ачих, хавирах гээд мэхүүдийг голлож хийж байна даа.
-Гэхдээ сурчихсан юм чинь байж л байгаа даа?
-Хааяа эв нь таарвал орно оо.
-Саяхан шинэ оны өмнө асрамжийн газрын хүүхдүүд баярлуулж, буян хийсэн гэж сонслоо. Энэ бас их сайхан мэдээ л дээ. Бид бөхчүүдийнхээ зөвхөн барилдаан амжилтаас нь гадна нийгэм рүү хандсан сайн үйлсийг нь бусдад дуулгахыг бас зорьдог. Тэгэхгүй бол хүмүүсийн дунд буруу ойлголт их байдаг л даа. Бөхчүүд харамч нарийн гэх мэт…?
-Наадах чинь бас нэг асуудал байгаа юм аа. Бидний авдаг бай шагнал олны нүдэн дээр ил байх юм л даа. Тийм болохоор бөхчүүд дандаа л авдаг гэж хардаг шиг байгаа юм. Бөхчүүд маань хүмүүст харагдаж, мэдэгдэхгүйгээр буян их хийдэг байх. Ер нь буянг заавал ард олонд мэдэгдэж, шоу зорилгоор хийснээс бараг далдхан хамгийн гол нь сэтгэлээсээ хийчихвэл тэр жинхэнэ буян болно гэж боддог. Тэрнээс биш би тэглээ, би ингэлээ гээд яриад байвал тэр маань шоу тал руугаа болоод явчих биз. Нэгэнт та асуусан болохоор… Сосо гээд 140-өөд хүүхэдтэй асрамжын газар байдаг юм байна лээ. Манай гэр бүл тэнд очиж шинэ жилийн бэлэг гардуулсан. Тэр тухай манай Хадаа гэж найз фэйсбүүкт тавиад тараачихсан бололтой байна лээ.
-Ер нь байнга олны нүдэн дээр ил амьдрах хэцүү юу. Хаана ч явсан хүн болгон танина. Бараг л алхам бүрийг чинь биччих гээд л…?
-Цэргийн арслан байх үеэс л тийм байдал эхэлсэн дээ. Одоо ч бараг л дасчихаж. Гэхдээ ямар ч үед зөв байх юмсан гэж хичээдэг. Би ганцаараа бөх биш. Миний ард өчнөөн сайхан залуучууд бөхөөр хичээллэх гээд, бөх рүү орох гээд зогсож байна. Ямар ч үед ганцаараа юм шиг аашилж авирлаж болохгүй. Ер нь зөв үлгэртэй байхсан л гэж хүсдэг дээ.
-Залуус маань өөрсдөө та нараас халдаад элдвийг асуух, зөвлөх юм уу?
-Үгүй ээ, яахав. Нутгийн дүү нар, залуучууд асууна аа, асууна. Бид ч гэсэн мэдэх чадах юмаа хэлээд л өгөхийг боддог.
-Шинэ жил болох гээд урига, заллага их ирж байна уу?
-Ирнэ, ирнэ. Гэхдээ 29-ний барилдаан болох гээд тэрэндээ голлож анхаарч, бэлтгэл сургуулиа хийгээд шинэ жилийн асуудлыг хойш тавингуй л байна. /Энэхүү ярилцлагаа Ерөнхийлөгчийн цомын барилдааны өмнө авсан билээ…/
-Сая нэг хүн аваргад маань 29-ний цом л дутуу байна, бусдыг нь бол авчихсан даа гээд их бахархаж бичсэн харагдана лээ, фэйсбүүкт?
-Яахав, сайхан барилдана даа. Заавал түрүүлэх албатай биш. Гэхдээ төрөөс зохион байгуулдаг энэ том сайхан барилдаанаа хүндэтгээд оролцолгүй яахав. Ялангуяа энэ жил төрийнхөө наадамд түрүүлсэн бөхийн хувьд… Бэлтгэлээ сайхан хийгээд сайхан барилдана аа.
-Шинэ оноо хэрхэн угтдаг вэ?
-Бусад гэр бүлүүдийн л нэгэн адил угтана даа.
-Тамирчин хүний ар тал, гэр бүл гэдэг амжилтынх нь бараг 50 хувь байдаг гэж нэг алдартай тамирчин хэлсэн байдаг?
-Тийм шүү. Манай гэр бүлийн хүн Булган аймгийн Тэшиг сумын харьяат. Батжаргалын Солонго гэж сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй бий. Манайх хүү, охин хойртой. Хүү маань 8 настай, охин маань ой гарантай. Ийм л ам бүл бий дээ.
-Алдарт аваргуудын удмын бүсгүй гэ?
-Тийм ээ. Алдарт Намхай, Лувсанжамбаа аваргуудын удмын бүсгүй. Манай хүний ээжийнх нь ээж Аваргын Дорж гэж хүний охин юм гэнэ лээ. Булган аймгийн Сайхан сумын гаралтай хүмүүс л дээ.
-Хүү одоо жаахан л байна. Гэхдээ бөхөд дурлаж байгаа шинж мэдэгдэх юм уу?
-Одоогоор мэдэгдэхгүй л байна.

Эх сурвалж: МҮБХ Бөх сонин


292 сэтгэгдэл