|

Н.Баяртсайхан: 2019 онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ

Н.Баяртсайхан: 2019 онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай эдийн засгийн сэргэлт, цаашдын сорилтын талаар ярилцлаа.
 
-Үндэсний статистикийн хорооноос эдийн засгийн өсөлт 2018 онд идэвхжиж 6.9 хувь хүрснийг зарласан нь сүүлийн дөрвөн жилийн дээд үзүүлэлт боллоо. Эдийн засгийн өнөөгийн байдал, Монголбанкны оруулсан хувь нэмрийн талаар ярилцлагаа эхэлцгээе.
 
-Монголбанк нэг талаас эдийн засагт итгэх итгэлийг сэргээх, нөгөө талаас санхүүгийн зуучлалыг хэвийн байлгахад чиглэж ажилласнаар эдийн засгийн сэргэлтийн таатай хөрсийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан гэж хэлж болно. Эдийн засаг IV улиралд идэвхжсэнээр ДНБ-ийн өсөлт бидний төсөөллөөс давлаа. Энэ үед инфляци найман хувь орчимд хадгалагдаж байгаа нь Төв банкны зорилтот түвшинтэй нийцтэй байна. Бид өнгөрсөн 2016, 2017 онуудад макро эдийн засгийг тогтворжуулж, тулгараад байсан хүндрэлүүдийг богино хугацаанд хохирол багатай даван туулахад гол анхаарлаа хандуулсан. Бодлогын шинэчлэлүүд, олон улсын байгууллагууд болон донор орнуудтай хамтын ажиллагаа үр дүнтэй явж ирснийг энд онцлох нь зүйтэй. Эдийн засагт оролцогчдын итгэлийг сэргээх, зээлжих зэрэглэлийг сайжруулах, гадаад өр төлбөрүүдийг дахин санхүүжүүлж, өсөлт бий болох таатай орчныг бүрдүүлэхэд эдгээр алхам чухал байв. Харин 2018 оны хувьд, эдийн засгийн сэргэлтийн жил бoллоо. Бизнесийн үйл ажиллагаа ийнхүү идэвхжиж, эдийн засагт тэлэлт явагдахад хөрөнгө мөнгө шаардлагатай. Үүнд банкны салбарын зээлийн өсөлтөөр санхүүжсэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, зээлийн өсөлт 20 хувь давж, сар тутам банкны салбараас хоёр их наяд гаруй төгрөгийн санхүүжилт эдийн засагт хэвийн нийлүүлэгдэж байгаа нь Төв банкнаас хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, банк санхүүгийн салбарыг шинэчлэх реформууд үр дүнд хүрч байгаагийн нэг илрэл юм. Санхүүжилтийн өртөг ч харьцангуй таатай болж, зээлийн жигнэсэн дундаж хүү сүүлийн нэг жил гаруйн хугацаанд гурван пункт орчмоор буурч 2018 оны эцэст 16.9 хувь болоод байна. Үүнтэй зэрэгцээд экспорт долоон тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд түвшинд, ГШХО гэхэд 1.9 тэрбум ам долларт хүрсэн нь өсөлтөд томоохон түлхэц үзүүллээ.
 
-2015-2016 онууд, 2017 оны эхэн үе бол Монголын эдийн засгийн хувьд хүндхэн жилүүд байсан. Та Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдоод юунд анхаарч ажилласан бэ?
 
-Эдийн засагт тулгараад байсан сорилт хүндрэлүүдийг даван туулахад Төв банкны оролцоо чухал байсан бөгөөд таван гол ажлыг онцлох нь зүйтэй. Нэгдүгээрт, банкны салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл. Эдийн засгийн уналтаас гарахын тулд банкны салбарт томоохон реформ хийх зайлшгүй шаардлагатай байв. Ер нь аливаа реформ хууль эрх зүйн орчны шинэчлэлээс эхэлдэг. Иймд салбарыг зохицуулж ирсэн гол хуулиуд зарим нь анх батлагдсанаас хойш 10-20 жил өнгөрч, цаг үеийн шаардлагад нийцэхгүй болсон тул зайлшгүй шинэчлэх цаг нь болсон байв. Энэ нь нийт 10 гаруй хуулийг багтаасан өргөн цар хүрээтэй ажил бөгөөд санхүүгийн салбарын тулгуур хуулиуд шинэчлэгдэж, Төв банк болон арилжааны банкны үйл ажиллагаанд мөрдөгддөг дүрэм журам шат дараатай сайжраад явж байна. Хоёрдугаарт, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд оролцсон оролцоог нэрлэж болно. 2016 он гэхэд төсөв, мөнгөний бодлогын орон зай шавхагдаж, гадаад өр төлбөрүүдийн эргэн төлөх хугацаа тулж, зах зээл дээрх итгэл унан, ханшийн савлагаа нэмэгдэн санхүүгийн тогтвортой байдал, макро тогтвортой байдалд эрсдэл учрах нөхцөл байдал үүсээд байсан үед энэ хөтөлбөр зайлшгүй байв. Амжилттай хэрэгжүүлэхийн тулд олон хүний хүч хөдөлмөр, уйгагүй зүтгэл шаардагдсаныг онцлох нь зүйтэй. Хөтөлбөрийг дуустал нь үргэлжлүүлж, амласнаа биелүүлэх нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, зах зээлд оролцогчдын итгэлийг хадгалахад чухал юм. Гуравдугаарт, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч 3.5 тэрбум ам.долларт хүргэж гурав дахин нэмэгдүүлэхэд Монголбанк чухал үүрэг гүйцэтгэсэн. Дөрөвдүгээрт, Төв банкны алдагдлыг бууруулах чиглэлд хийсэн ажлуудын үр дүнд хуримтлагдсан алдагдлыг 1.2 их наяд төгрөгөөр бууруулаад байна. Мөнгөний бодлогод итгэх итэлийг хадгалахад Төв банк санхүүгийн байдлаа эрүүл байлгах нь маш чухал юм. Эцэст нь Монголбанкны хүний нөөцийг чадавхижуулах, ажиллах орчныг сайжруулахад мөн анхаарч ажиллалаа. Төв банкны ажил хэр сайн байхаас макро эдийн засгийн тогтвортой байдал ихээхэн хамаарна. Харин Монголбанкны ажлын чанар ажилтнуудын ур чадвар, ажиллах орчноос ихээхэн хамаарах тул энэ маш чухал юм.
 
-Гэхдээ Таныг Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд 1-2 хувь байсан инфляци найман хувь давж өссөн гэдэг дайралт шүүмжлэлүүд цөөнгүй байна. Хэдийгээр эдийн засаг өссөн ч Төв банк үндсэн зорилтоо биелүүлж чадсангүй гэдэгт ямар тайлбар өгөх вэ?
 
-Санал шүүмжлэл мэдээж байж болно, гагцхүү үнэн зөв дүгнэлтүүд байх нь чухал болов уу. Монголбанкны хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээг олон улсын байгууллагууд, зээлжих зэрэглэл тогтоогчид, мэргэжлийн шинжээчид арай өөр байр суурьнаас дүгнэдэг. Инфляцийн хувьд, хэт нам дор түвшинд орох нь манайх шиг хөгжиж буй орны эдийн засаг царцанги байдалд орсны илрэл болдог гэдгийг анхаарах нь зүйтэй. Эдийн засгийн бүтэц, дэд бүтцийн хөгжил, цаг уурын онцлог, орлогын түвшин, хэрэглэх зан төлөв гээд үнэд нөлөөлдөг суурь шалтгаануудыг аваад үзэхээр Монголд өндөр хөгжсөн орнуудын нэгэн адилаар инфляци 1-2 хувь орчимд хадгалагдах нөхцөл хараахан бүрдээгүй. Гэтэл 2016 оны III болон IV улиралд үнэ хэт нам дор түвшинд орж, бүр дефляци ажиглагдсан нь эдийн засаг агшиж байсны нэг шинж тэмдэг байв. Өөрөөр хэлбэл, тухайн үед өрхийн орлого 12 улирал дараалан буурахын зэрэгцээ банкууд зээлээ хумиж зах зээл дээр мөнгө хомсдож байсан тул худалдан авалт саарсан илрэл болж үнэ хөдөлгөөнгүй байсан гэсэн үг. Харин 2018 оны хувьд эдийн засгийн идэвхжлийг дагаад дотоод эрэлт нэмэгдэн, энэ нь үнийн өсөлтийн тодорхой хэсгийг бүрдүүлж буй. Тухайлбал сар бүрийн инфляцийн 30-40 хувь нь эрэлтийн шинж чанартай хүчин зүйл болоод байна. Харин үлдсэн хэсэг нь эдийн засгийн идэвхжилтэй шууд холбоогүй нийлүүлэлтийн шинж чанартай зүйлсээс шалтгаалж байна. Монголбанк мэдээж инфляцийн өрнөлийг нарийвчлан шинжилж, цаашдын төлөв нь дунд хугацаанд Төв банкны зорилтот түвшин найман хувьд нийцтэй байхаар мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, бодит эдийн засгийн идэвхжлийг дэмжиж байна.
 
-Тэгвэл ам.доллартай харьцах төгрөгийн ханш 2000-аас 2600 болж унасанд Монголбанкны Ерөнхийлөгч хариуцлага хүлээ гэдэг хэр үндэслэлтэй вэ?
 
-Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал ямар байсныг эргээд нэг санацгаая. 2016 оны хоёрдугаар хагаст төгрөгийн ханш огцом суларч, 20 гаруй хувь унаснаар хамгийн хурдтай суларсан валютуудын нэг болж байв. Энэ бол 2011 оноос хойш төсөв сахилга батгүй явж ирснээр ямар ч орон зайгүй, 2012 оноос хойш өрийн удирдлага тааруу явж ирснээр гадаад өр төлбөрүүдийн эргэн төлөлт тодорхой бус, төлбөрийн тэнцэл дээр өндөр алдагдалтай явж ирснээр валютын нөөц шавхагдаж, зах зээл дээр итгэл унасны шууд үр дүн байв. Төгрөгт итгэх итгэл унаснаар ханшийн хямралд хүрэх, валютын зээлүүд хурдтай чанаргүйдэж банк санхүүгийн тогтвортой байдал алдагдах, гадаад өр дээрээ дефолт зарлахад ойрхон ийм л  хямралын дүр зурагтай эдийн засгийг хүлээж авсан шүү дээ. Үүнээс бид хоёр том сургамжийг авах ёстой. Юуны өмнө, төсөв сахилга баттай байж өрийн удирдлага чухал гэдэг нэг том сургамж юм. Хоёрдугаарт, Төв банк төсвийн шинжтэй хөтөлбөрүүдэд их хэмжээний төгрөгийн нийлүүлэлт хийснээр төлбөрийн тэнцэл дээрх өндөр дарамтыг үүсгэж, валютын нөөцөө шавхаад өрөөр бүрдүүлэх ёсгүй гэдэг зүйл юм. Харин өнөөдөр валютын нөөцөө нэмэгдүүлээд, өр төлбөрүүдээ дахин санхүүжүүлж хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээд, банк санхүүгийн тогтолцоогоо эрүүлжүүлсэн үр дүнд хүрээд байна. Үүний тулд ипотекийн зээл зэрэг Монголбанкнаас их хэмжээгээр төгрөг нийлүүлж санхүүжүүлснээр ханшид дарамт учруулж байсан хөтөлбөрүүдэд хязгаар тавих, банкны системийг активын чанарын үнэлгээ буюу эрүүл мэндийн бүрэн үзлэгт олон улсын стандартын дагуу оруулж өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, Төв банк болон Банкны тухай хууль гэх мэт чухал хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж Төв банкны сайн засаглал, хараат бус байдал, шийдвэр гаргалт, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулаад байна.
 
-Хэдийгээр валютын нөөц 3.5 тэрбум ам.долларт хүрсэн боловч 2018 онд төгрөг ам.долларын эсрэг 8.9 хувиар суларчихлаа шүү дээ. Энэ юутай холбоотой вэ?
 
-Валютын нөөц нэг тэрбум ам.доллар, түүнийгээ гадаад зээлээр бүрдүүлж байсан үетэй харьцуулахад одоо үнийн тогтвортой байдал болон санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулах огцом савлагааг үүсгэхгүй байх нөөцийг хуримтлуулаад байна. 2018 оны хувьд, Холбооны нөөцийн банк дөрвөн удаа хүүгээ нэмсэн, хөгжиж буй орнуудаас гарах валютын урсгал нэмэгдсэн зэрэг нийтлэг шалтгаанаар улс орнуудын мөнгө тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг сулрах хандлага ажиглагдлаа. 140 гаруй орныг хамарсан энэ процесс Америк-Хятадын худалдааны маргаан гүнзгийрэхтэй зэрэгцээд оны II хагаст эрчимтэй үргэлжилсэн бөгөөд Австрали доллар 10.8, Канад доллар 8.5, Хятадын юань 5.7 хувиар тус тус суларсан байна. Манай дотоод валютын захын хувьд, оны эхний хагаст харьцангуй тогтвортой байсан бол хоёрдугаар хагаст ханш сулрах дарамт ихэссэн. Үүнд нэг талаас эдийн засгийн сэргэлттэй холбоотой валютын бодит эрэлт нэмэгдсэн нь нөлөөллөө. Барааны импорт гэхэд 2016 оны 3.5 тэрбум ам.доллар байсан бол 2018 онд бараг зургаан тэрбум ам.доллар хүрч өсөөд байна. Үйлчилгээний импорт ч эрс нэмэгдэж, тээврийн зардалд 810 сая ам.доллар төлсөн байна, аялал жуулчлалаар гадагш явах хүн нэмэгдэж жилдээ 700 гаруй сая ам.доллар зарцуулдаг болсон байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ашигт ажиллагаа сайжирснаар хөрөнгө оруулалтын ногдол ашиг хэлбэрээр гадагшлах урсгал өссөнөөс гадна Чингис, Димсам бондуудын өр төлбөрүүд хийгдлээ. Харин нөгөө талаас экспортын тээвэрлэлт дээр гацаа үүссэн, улстөрд тогтворгүй байдал үүсэх вий гэсэн болгоомжлол нэмэгдсэн зэрэг шалтгаанаар зах зээл дээр савлагаа нэмэгдсэн. Хэдийгээр төлбөрийн нийт тэнцэл оны ихэнх саруудад алдагдалтай явсан ч, алдагдлын хэмжээ харьцангуй бага тул огцом савлагаа үүсгэхээр эдийн засгийн суурь шалтгаан үгүй. Иймд зах зээлийг тогтворжуулахад чиглэн Монголбанк бодлогын хүү, интервенцээс гадна мэдэгдэл, нээлттэй захиагаар дамжуулан бодит мэдээллийг зах зээлд түгээх, мэдээллийн тэгш бус байдлаас үүдэлтэй зах зээл дээрх савлагааг бууруулах чиглэлээр арга хэмжээг авсан. Интервенци л гэхэд 2018 онд 1.2 тэрбум ам.долларыг валютын захад нийлүүлснээс, ханшийн савлагаа ихэссэн 11, 12-р саруудад 485 сая ам.доллар нийлүүлсэн байна. Өнгөрсөн хоёр жилд валютын нөөцийг нэмэгдүүлсэн нь энэ боломжийг олгосон бөгөөд цаашид ч огцом савлагаа үүсгэхгүй байх баталгаа болж байгаа. 2020 оноос цааш гадаад өр төлбөрүүд хүлээгдэж буй үед бид эргээд 2016 оны нөхцөл байдалд орохгүйн тулд нөөцөө үргэлжлүүлэн нэмэгдүүлэх шаардлагатай.
 
-Эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өндөр өсөлттэй байгаа ч иргэдэд төдийлөн мэдрэгдэхгүй хүртээмж багатай байна гэж их яригддаг. Яавал өсөлтийн үр шим илүү хүртээмжтэй байх вэ?
 
-Эдийн засаг уналтай үетэй харьцуулахад өсөлттэй үед үр өгөөжийг нь иргэд улсын төсвийн зарцуулалтаар, тухайлбал эмнэлэг, сургууль, зам дэд бүтэц болон бусад нийтийн бараа үйлчилгээгээр дамжуулж шууд бусаар хүртдэг. Харин шууд цалин орлогын өсөлтөөр хэр зэрэг мэдэрч байна вэ гэдэг чухал асуудал юм. Эдийн засгийн өсөлт хүртээмжтэй байхын тулд өсөлтийн ард хэр их баялаг бий болсон бэ, түүнийг хэрхэн бүтээсэн бэ гэдэг хоёр зүйлийг задалж ярих шаардлагатай. Нэгдүгээрт, жишээ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэрлэсэн дүнгээр 28 их наяд төгрөгийн хэмжээтэй байсан эдийн засаг маань 32 их наяд болж 15 хувь буюу дөрвөн их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтөөс үнэ ханшийн нөлөөг цэвэрлээд, гурван сая хүн амдаа хуваагаад үзвэл тийм ч их мөнгө биш болно. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хэмжээ маань өөрөө харьцангуй жижиг тул бага сууринаас өндөр өсөлт тооцогдлоо ч, бий болж буй өсөлт дорвитой том биш байна гэсэн үг. Харин нөгөө талаар, энэхүү өсөлтийг бий болгоход цөөн хэдэн салбар өндөр өсөлттэй, гол үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал, уул уурхай болон боловсруулах үйлдвэрлэл зэрэг салбаруудыг онцолж болно. Иймд өсөлтийг хэр олон хүн, хэрхэн оролцож байгаагаас шалтгаалаад үр өгөөж нь харилцан адилгүй хуваарилагдаж байна гэсэн үг. Эндээс дүгнэхэд, эхний ээлжинд өсөлт өөрөө аль болох тогтвортой байх ёстой гэдэг нь харагдаж байна. Ингэснээр эдийн засгийн суурь өөрөө тогтвортой тэлж, илүү олон хүнд хүртэх хэмжээний өсөлтийг бий болгох потенциальтай болно гэсэн үг. Тэгээд мэдээж өсөлтийг бий болгоход шууд гар биеээр оролцох чадвартай хүмүүсийн тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал чухал. Энэ нь цаанаа боловсрол, бүтээмж, эдийн засгийн төрөлжилттэй уялдах асуудал юм.
 
-Эдийн засгийн цаашдын төлөвийн талаар ярилцъя. Дэлхийн эдийн засагт ч тэр, дотоодын орчинд ч тэр "Эрсдэл”, "Сорилт”, "Тодорхой бус байдал” гэх зэрэг түлхүүр үгсийг онцлох боллоо. Энэ нөхцөлд Монголбанк хэрхэн ажиллах вэ?
 
Ерөнхий дүр зургараа өнгөрсөн 2018 онд макро эдийн засаг нэлээд сайн гүйцэтгэлтэй жил байсан бол 2019 онд сэргэлт үргэлжилнэ гэж харж байгаа. Экспортын орлого, ГШХО, банкны салбарын зээлийн нийлүүлэлт, төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтууд зэргээс харахад эдийн засгийн идэвхжил хадгалагдах болов уу. Хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспортын гүйцэтгэл сайн байх төлөвтэй байна. Сорилтууд бий ч тэдгээрийг хэрхэн даван туулах вэ, гэдгээс их зүйл хамаарна. Монголын эдийн засаг эмзэг бүтцээсээ болоод үргэлж л сорилт дунд явж ирснийг онцлох нь зүйтэй. Иймд 2019 он бол эрсдэлд давхар бэлдэх жил байх болно. Бид өнгөрсөн хоёр жилд өрийн хямрал, ханшийн хямрал, банк санхүүгийн хямрал гэсэн гурвалсан хямралаас холдож, эдийн засгаа тогтворжуулаад сэргэлтийн замд нь орууллаа. Харин одоо 2020 он гараад хүлээгдэж буй гадаад өр төлбөрүүд, дэлхийн эдийн засгийн удаашрал ба худалдааны маргаантай холбоотой тодорхой бус байдлууд сорилт болж байна. Энэ үед Төв банкны хийх ажил маш тодорхой юм. Нэгдүгээрт бид банк санхүүгийн системийг эрүүл найдвартай, хүчирхэг болгоход гол анхаарлаа хандуулж эхлүүлсэн реформоо үргэлжлүүлэх болно. Санхүүгийн систем эрүүл найдвартай, санхүүгийн зуучлал хэвийн явагдсанаар эдийн засагт санхүүжилтүүд, хувийн хөрөнгө оруулалтууд хэвийн үргэлжлэх гол нөхцөл болно. Үүний тулд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлж эхэлснээс гадна, макро зохистой бодлогыг хэрэгжүүлснээр долларжилт, хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлтөөс үүдэж ирээдүйд санхүүгийн секторт эрсдэл хуримтлуулахгүй байх арга хэмжээнүүдийг аваад байна. Банкны салбарт шаардлагатай бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг ч авах болно. Түүнчлэн валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой юм. Энэ нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах, дефолтын эрсдэлд орохгүй байх, ханшийн огцом савлагаанаас сэргийлэх гол баталгаа болно. Мөнгөний бодлогын хувьд зах зээлийн зарчмаар олон улсын жишгээр үргэлжлүүлэн хэрэгжүүлж, үнийн тогтвортой байдлыг хадгаллж, инфляцийн дарамтгүй өсөлтийн орчныг бүрдүүлэх замаар эдийн засагтаа хувь нэмэр оруулна. Олон улсын байгууллагууд, донор орнууд, зээлжих зэрэглэл тогтоогчид, мэргэжлийн шинжээчид, хөрөнгө оруулагчийн хэний ч нүдээр харсан мөнгөний бодлогыг хариуцлагатай, зохистой хэрэгжүүлэх нь маш чухал. Иймд бодлогын шийдвэрийн үндэслэл болдог тооцоолол судалгаа, хамтын зарчмаар шийдвэр гаргах процесс, гаргасан шийдвэрээ зах зээлд түгээх сувгуудаа олон улсын сайн жишигт нийцүүлж хийхэд анхаарч байна. Ингэснээр Төв банкны бодлого шийдвэр нээлттэй ил тод, хариуцлагатай байх үндэс болно.
 
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа!
 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

48 сэтгэгдэл