Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн "Цэцэрлэг бороо-1” экспедиц нь цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2018 оны 5, 6 сард Цахир, Өндөр-Улаан, Ихтамир, Булган, Төвшрүүлэх, Цэнхэр сумдаар хур тунадас нэмэгдүүлэх, газар тариалан болон бэлчээрийн ургамлын ургацыг нэмэгдүүлж, гадаргын ус, усан сангийн нөөцийг тэтгэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхзорилгоор нийт 7 удаа явуулжээ.
Ажиллагаа тус бүр үр дүнтэй болж, давхардсан тоогоор нийт 120,958 км2 талбайд 676.7 сая төгрөгийн 33,831,860 м3 ус оруулсан байна. Үүнээс цалин томилолт болон урсгал зардалд 16.4 сая төгрөгийг хасаж, 660,3 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Долоон удаа үүлэд нөлөөлөхдөө нийт 16 пуужин, 48 гр урвалж, ноцоох зуух 1 удаа ажиллуулж 5 ш түлш шатааж, 50 гр урвалж зарцуулж, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан байна.
Мөн 5-р сард ихээхэн хэмжээний нутаг дэвсгэрийг хамарсан үүлгүй, үүл болон агаар дахь услагын хэмжээ бага, аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 12-24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хашаат, Өлзийт, Өгийнуур, Булган сумдын нутгаар секундэт 15-24 метр бусад сумдын нутгаар 12-14 метр хүрч, 10 м/с дээш салхитай өдрийн давтагдал ихэнх сумдын нутгаар 17-24 удаа ажиглагдсан, хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр нь Цэцэрлэг, Чулуут, Хотонт, Өндөр-Улаан сумдын нутгаар 16-19 өдөр, бусад сумдын нутгаар 21-28 өдөр ажиглагдсан зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан нөлөөлөх боломж бага байжээ.
Хэдий тийм боловч хур тунадасны хэмжээг зохих түвшинд нэмэгдүүлж, таримал болон бэлчээрийн ургацанд дэмжлэг үзүүлэн 6, 7-р сард газрын гарц сайжирч ган тайлагдан зуншлага эрс сайжирсан гэж үзэв.
58 сэтгэгдэл