|

Тост, Тосонбумбын хилийн заагийг тогтоох болсон

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост, тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гарсан боловч өнөөг хүртэл хилийн заагийг тогтоох ажлыг хойшлуулж байгаа талаар тус сумын иргэн Ж.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Б.Дэжид, түүний өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл, "Ногоон сэтгүүлч” төрийн бус байгууллагын тэргүүн С.Ганболд нар өнөөдөр /2016.12.14/ "Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосонбумбын нуруу орчмын бүс нутаг дахь тусгай лизензүүдийг цуцлахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү шүүх хурал одоо тав дахь удаагаа хойшлогдоод байгаа аж.

Б.Дэжид: Хайгуулын зургаан лицензээс болж хилийн зааг тогтоох ажил тодорхойгүй хугацаагаар хойшилж байна

Гурвантэс сум нь нийт 2.9 сая га нутаг дэвсгэртэй. Одоогоор 4617 хүн амтай, 168 малтай монгол орны хамгийн том газар нутагтай сум байгаа. Тост, Тосонбумбын нурууг 2015 оны арванхоёрдугаар сарын 21-нд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гаргаж, байгалийн нөөц газарт авсан. Ингэхдээ тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор гурван жилийн хугацаатай авсан байдаг. Үүний дараа Улсын их хурлаар 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр 35 тоот тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, байгалийн нөөц газрын ангилалд бүртгэсэн. Ингэхдээ хилийн заагийг тогтоох үүргийг Засгийн газарт өгсөн билээ. Гэвч өнөөг хүртэл хилийн заагийг тогтоогоогүй байна. Бид нийт 889 мянган га талбайг хамгаалалтад оруулж, хилийн заагийг тогтоох хүсэлтийг өгсөн байгаа. Үүнд Засгийн газрын зүгээс хоёр ашиглалтын тусгай зөвшөөрөл, 10 хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд албан бус мэдээллээр 40 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн асуудал яригдаж байгаа гэсэн хариулт өгдөг. Ашигт малтмалын газарт өнгөрсөн дөрөвдүгээр сард эдгээр 10 хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлээр нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ 10 тусгай зөвшөөрөл нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд талбай дээрээ хайгуулын ажил хийгээгүй учраас Ашигт малтмалын газар хуулийн дагуу шалгаж, үйл ажиллагааг зогсоох үндэслэл байгаа. Гэтэл найман сарын хугацаа өнгөрч байхад шүүх хурал таван удаа хойшилж, ямар нэгэн шийдвэр гаргахгүй байсаар өдийг хүрлээ. Гэхдээ Ашигт малтмалын газраас хугацаа нь дууссан дөрвөн лизенцийн үйл ажиллагааг зогсоосон. Одоо зургаан компани үлдчихсэн бид шүүхэд хандаж байна.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа "Одоо шүүх хурал дээр эрх ашиг нь хөндөгдөөд байгаа гуравдагч этгээдүүдийг заавал шүүх хуралд оруулна гэсэн байр суурьтай байгаа. Тэр компаниудад нэхэмжлэл хүргүүлсэн боловч хаяг дээрээ байдаггүй. Хамгийн сүүлд Иргэний бүртгэлээс шүүж үзвэл Хятад эзэнтэй компаниуд байна. Нэгнийх нь захирал 2014 оны арваннэгдүгээр сард Монголоос явсан. Нөгөө компанийнх нь захирал 2016 оны дөрөвдүгээр сард Монголоос явсан гэсэн мэдээлэл өгсөн юм. Тэгсэн шүүхээс эдгээр гурван компанийг "түдгэлзүүлье” гэж ярьж байгаа. Хэрэв ийм шийдвэр гаргавал энэ асуудал хойшилж, шийдвэрлэхгүй болох нөхцөл үүсч байна” гэдгийг хэлж байлаа.

Одоогоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт долоон нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт сумын 20 орчим хувь нь тусгай лизенцтэй аж. Тус аймгийн Гурвантэс сум нь Сэлэнгэ аймгийн 80 хувьтай тэнцэх хэмжээний газар нутагтай сум. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн дөрөв, таван сум нутаг дэвсгэргүй болсон гэсэн үг. Гэтэл улс нэг сум гэдэг өнцгөөс харсаар байдаг энэ үеэр онцлон хэлж байлаа.

Г.Дашдэмбэрэл: Эдгээр компаниудын дөрөв нь 3-4 жил огт үйл ажиллагаа явуулаагүй

Тост, Тосонбумбын нурууг хамгаалахаар тус сумын иргэн Ж.Батбаяр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ашигт малтмалын газар тус нурууны орчим байгаа хайгуулын 10 тусгай лицензийн зөвшөөрлийн заримыг нь дуусгавар болгох, ашигтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлээр цуцлах үндэслэлтэй байгаа хүсэлт гаргасан юм. Тэгсэн Ашигт малтмалын газраас зөвшөөрөөгүй учраас шүүхэд хандаж, 2016 оны дөрөвдүгээр сард захиргааны хэрэг үүссэнээс хойш анхан шатны хурал ч хийгдээгүй найман сар өнгөрсөн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр заалтад "...тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлана..” гэж зохицуулна. Сая Б.Дэжид хэлсэн эдгээр компаниудын дөрөв нь 3-4 жил огт үйл ажиллагаа явуулаагүй. Энэ нь сумын байгаль орчны байцаагч, сумын Засаг даргаас 2016 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн албан бичгээр нотлогдож байгаа. Ийм үндэслэлтэй зүйл дээр шүүх хурал хийгдэхгүй удаа дараа хойшлуулж буй шалтгаан нь Захиргааны хэргийн шүүгчээс энэ тусгай зөвшөөрлийг эзэмшигч 10 компанийн эрх ашиг зөрчигдөх учраас гуравдагч этгээдийг шүүх хуралд оруулах зүйтэй гэсэн захирамж гаргасан. Шүүгч нар захирамжийн биелэлтийг хангуулах үүднээс хууль ёсны шаардлага боловч эдгээр нь үйл ажиллагаа явуулж буй нь тодорхойгүй, хаяг дээрээ байхгүй байна. Хамгийн сүүлийн шүүх хурал энэ сарын 8-нд боллоо. Энэ үеэр зарим компаниуд нь Монголоос гарсан. Нэг нь удахгүй Монголд ирнэ гэж байна. Эдгээр компаниуд 2011-2015 онуудад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө батлуулж байсан, хайгуулын ажлаа хийж байсан зардлын тайлангаа явуулж байсан гэдэг. Гэтэл бодит байдал дээр тийм биш байна.

А.СҮРЭН

63 сэтгэгдэл