Хүмүүн төрөлхтөн нэн эрт цагт он цагийн эхийг бусдаас онцгойрох шинжтэй өдөр байх ёстой хэмээн сэтгэдэг байжээ. Винайн судрын аймагт хамгийн урт, хамгийн ахар өдөр хийгээд өдөр, шөнө хоёр тэнцүү байх өдрийг жилийн эхэн хэмээн үздэг үүх түүхийг тэмдэглэсэн байдаг. Бидний монголчууд энэ жам ёсыг дагаж, нэн эрт цагт намрын өдөр, шөнө тэнцэх өдрийг жилийн эх хэмээн үзэж, цагаан идээ, шинэ тариа ногооны дээжээр найр хурим хийдэг байжээ. Эл найр хуримыг цагаалах гэнэ. Цагаалдаг сардаа Цагаан сар хэмээх чимэг нэр өгсөн нь эдүгээ бидний үед уламжлагдан иржээ. Тэр үед монголчууд сар мичдийн тоололтой байв. Сар мичдийн тоолол гэдэг нь сар мичдийн тохиол болох сар өдрийг тооллын гол шалгуур болгодгоос тэр.
Тэр үед дан ганц сарны буюу билгийн тооллыг баримталдаг байв. Ийм тоололд илүү сар гэж байдаггүй юм аа.
Чингэхлээр сар мичдийн тохиол болох сар өдөр нааш цааш гүйдэггүй.
Энэ нь билгийн тоолол зөв буруу болохыг онох гол шалгуур болдог буй. Хүн төрөлхтөний түүхийн жам ёсоор иргэншиж, дэлхийжиж элдэв сайныг эрэлхийлэн олж, түүнийгээ өөрсдийн сайн зан дадал лугаа ээнэгшүүлэн өөриймсүүлсээр ирсэн түүхтэй. Эзэн Чингис хаан "Арван гурван өчүүхэн хааны гэмийг гэсгээсэн түүх” Монголын эртний түүхийн ном бичгүүдэд тов тодорхой байдаг. Бас эртний түүхтэй Гэгээн Гүүшри хааны хийд орон газар Дацан хийдийн намтарт "1227 онд Чингис хаан Баруун Сиа улсыг дайлан дагуулснаас хойш монголчууд анх Тангад (Тангад. Амдуу орчмын төвдүүдийг монголчууд Тангад гэдэг.), Төвд оронтой харилцаатай болсон байна. Тухайн үед монголчууд Дацан хийдийн өмнө талын Хамар давааны дээр нэг Даяаны дуган байгуулжээ. Дараа нь Сажтаны номын ёсонд сүсэглэх тул Та-Ог Чойжал (tha ‘og chos rgyal) шүтжээ. Дотор нь нэг үхрийн толгойтой шүтээн байсан болохоор хятадууд Хамар давааг Үхэр толгой (牛头山) гэдэг болсон ажээ” хэмээн тэмдэглэжээ. Яг энэ үед жилийн эхийг хаврын тэргүүн сард шилжүүлж, төрд гавъяа зүтгэл гаргасан хүмүүс, төрийн өндөр настан амин гавъяатнуудыг хөхиүлэн шагнаж, нялхас хүүхэд багачуулд ачлал үзүүлж "Бар сар” хэмээн нэрлэжээ. Түүнээс хойш хаврын тэргүүн сард төрийн их баяр хурим хийж, цагаан сар нь бар сард шилжсээр эдүгээ бидний үед дамжин иржээ. Дашрамдуулахад Хятад, Төвдийн хуучин ном сударт билгийн тооллын сарыг Монголын сар хэмээн тэмдэглэсэн байдаг. Бас сурвалжид: "Дээдэс (Саж бандида Гунгаанямбуу) таныг би бээр урин залах хэрэгтэй шалтгаан байнам. Тийм боловч эдүгээ хаан төрийн зарим хэрэг эс бүрдэн гүйцэлдсэн тул нэг хэсэг урин залж чадахгүй ч би энэ цагаас таныг шүтэх амуй. Тийм болохоор Та намайг авран сахьтугай! Өөрийн хэргийг гүйцээсэн хожмын нэгэн өдөр болохын үест Та шавь нартайгаа өөд болж, Монгол оронд шашныг дэлгэрүүлэх хэрэгтэй!” хэмээсэн жуух бичгийг, бэлэг лүгээ сэлттэй хүндэтгэн илгээжээ. Тэр ламтай бодатай эс учирсан ч холоос ламд барин шүтээд, Үйзангийн гурван нандин шүтээн хийгээд бурсан хуврагуудад өргөл хүндлэлийг зохиосон тул Номын их хаан Бурханы номыг тэтгэгч их хаан гэсэн утга. Бурханы шашныг тэтгэгч бүх хаад нь номын хаан болмуй.) шашны өглөгийн эзэн нь болжухуй” хэмээн тэмдэглэжээ (Цэмбэл гүүш. "Их монгол орноо дээдийн ном ямар мэт гарсан ёсны номлол Ялгуусаны шашин их эрдэнийг гийгүүлэгч зул” буюу "Монголын номын гарлага” номын шинэ хэвлэлийн 23 дахь тал.).
"Миний үгийг сонсохоор мэргэдийн зарлигийг анхаар”! гэсэн эртний мэргэн үг байдаг билээ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд зориулж МБШТөв Гандантэгчэнлин хийд, Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит МБШИСургуулиас "Чингис хаан ба Монгол Бурхны Шашин” хэмээх эрдэм шинжилгээний бага хурал дээр миний нэгэн номын нөхөр Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн нэрт төвдөч доктор, профессор Хотгойд Лхамсүрэнгийн Хүрэлбаатар "Чингис хаан ба Монголын Бурхны Шашин” хэмээх гол илтгэлдээ "Ер нь Бурхны шашнаар дамжсан Төвд, Монголын хаадуудын харилцаа арга билгийн гүн ухаан, хатуу зөөлөн үйлсийн харилцан шүтэлцээ, ном төрийн гадаад дотоод холбоо, шашин төрийн "хос ёсны сургаалд гайхамшигтай нарийн зохицож ирсэн үе үеийн түүхийг илтгэнэ. Чухамхүү энэ үүднээс авч үзвэл, энэ мэтээр Чингис хааны "Буруу үзлийн замд оршсон” арван хоёр бага хаадыг номхотгож, Бурхны шашны нэгэн том нэгдлийн дор зохилдох нөхцлийг бүтээж харшилдах нөхцлийг арилгахыг зорьсон нь зэвсгийн хүчээр улсын талыг алддаг хаадын явдлаас номын хүчээр ертөнцийн талыг авдаг номт хаадын бодлогын ботид жишээ болно. Эл бүхнээс үзэхүл, Чингис хаан бол өнөө бидний хэтийдүүлэн үзэж, мушгин тайлбарлаж байгаа шиг, гагцхүү нутгийг тэлэх, авах, идэх, алах хөнөөхөд чиглэсэн хар дайны бодлогоор улс иргэнийг уулгалан сүйтгэхийг нэгэн хэргийн зорилго болгосон бус, бас хар бөө тал хэнгэрэгтний ёсыг туйлд гартал шүтсэн нэгэн ч бус, чингэснээс бас хамаг бүх шашныг шүтэх хэрэгтэй хэмээн зарлигдан тунхагласан нь бүр ч биш, харин төрийг тэтгэх амьтныг жаргаахын тулд алив зарчим журам, хууль ёсыг дорно дахины эртний их иргэншилт улсын ёсноос авч, сэтгэлийг засах оюуныг гэгээрүүлэхийн тухайд Энэтхэгийн судар номын ёсноос сурч, Төвдийн номын мэргэдийг "Улсын багшид” шүтэж ирсэн их уламжлалын алтан аргамжийн бодлогыг хойч үедээ атгуулсан, чухамхүү номт хаан байжээ. Ер нь Чингисийн хураасан улс иргэн дотор олон шашны хүмүүс байсан нь нэг хэрэг, олон шашинтны улс болгосон нь харин түүхэнд гэрчгүй хэрэг” хэмээн үүнийг ягштал баталж хэлсэн билээ (Чингис хаан ба Монгол Бурханы Шашин. Товхимол. УБ 2006 он. 15-16 дахь тал.) Түүхийн гэрч, мэргэдийн айлдвараас харахад монголчууд арван гуравдугаар зууны үед бурхны шашныг төрийн шашин болгож, цагаан сарыг төрийн их найр хурим хийх сар болгосон нь илэрхий байна. Цагаан сарыг цаг үеийн байдлаас болж заримдаа хааж боох хандлагатай байсан боловч эцэг өвгөд, эрдэмтэн мэргэдийн заавраар түүхэн уламжлалаа ард түмний дунд алдаагүй билээ. Монголчууд дэлхийн улс түмний ихэнхитэй хөл нийлүүлэн дэлхийжиж буй өнөөгийн нийгмийн шинэ тогтолцооны үед цагаан сарын үндсэн агуулга үгүй болж өнгө мөнгөний нэгэн үзүүлэлт болмоор маягтай болсныг хөгшин залуугүй өөр зуураа ярилцаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч шуудхан ярьцгаах боллоо.
"Хөгшин хүнээс үг сонс! Хүдрийн хүйснээс заар ав!” хэмээсэн мэргэн үг байх тул өөрийн мэдэж сонссон зүйлээс хэдэг үг сараалахаар шийдвэй.
Нэгэн зүйл. ЦАГААН САРААР "ЗЭТГЭР БАЯРЛУУЛЖ, ЗОВЛОН ДАГУУЛАХГҮЙ”
Миний ах, бид хоёрыг бага залуу байхад жар шүргэсэн настай эцэг минь бид хоёрт нэгэн өдөр сануулга дуртгав. Аавын хэлэх нь: "За би 13 насандаа 37 сүүдэртэй эцгээсээ өнчин хоцорч, бэлбэсэрсэн эх, гурван охин дүүдээ дэм болох гэж хатуу хүтүүг амссан хүн. Тэр ч яахав ертөнцийн амьтны амьдрал болдог л юм. Энэ хүмүүний биеийг "Олдох нь бэрх эвдрэхэд нь амархан огторгуйн гилбэлгээн мэт” гэж Богд лам айлдсан болохоор намайг хэзээ ч юм нэгэн өдөр байхгүй болчихвол "Та хоёр уй гашуу боллоо” гээд цагаалахгүй байгуузай! Манай нутгийн заншил бол "Зэтгэр баярлуулж, зовлонг дагуулахгүй” гээд эцэг эх, элэг нэгт өтгөс бурхны оронд явсны дараа жил цагаалж, өнгөтэй өөдтэй байдаг юм. Хуучны ёсоор нохой хүүхэд баярлуулахаас илүү эрхэм буян үгүй гэх тул тэр жил хүүхдийн хувь илүү сайн өгөх хэрэгтэй!” хэмээвэй. За мэдлээ гэчихээд, засгийн буянаар хөдөө гадаа хээрийн хайгуул шинжилгээ хийж явахдаа энэ тухай номын мэргэдийн учиг шавхруу болсон өтгөсөөс асуун болгоолгуулахад яг л аавтай минь адилхан хариу өгч байж билээ. Хүмүүн өөд болоход ямар нэгэн зэтгэрээр хорлогдлоо хэмээх үзэл бодол байх тул уруу царайлж, тэр зэтгэрийг баярлуулж, дахин түүнд чадагдан зовлон дагуулахгүй хэмээснээс болоод л цагаалах ёстой юм гэдгийг ухаарч авсан даа. Аавын минь ээж, миний хайртай хөгшин ээж цэл залуу гучин таван насандаа бэлбэсэрснээс хойш дөрвөн хүүхдээ бодоод, хүн амьтантай суулгүй жаран найман жилийг элээж, зуун гурван сүүдэр зооглоод өвлийн дунд сарын хорин таванд таалал болсон, түүний дараа жилийн цагаан сараар аав хүүхдийн хувь илүү бэлдүүлж, цагаан сараар хүүхэд баярлуулж байсныг тод санаж байна аа.
Нэгэн зүйл. ЦАГААН САРД ЗОРИУЛЖ, АМЬТНЫ АМЬ ХӨНӨӨДӨГГҮЙ
Бидний багад цагаан сараар ууц тавьдаг айл бараг л байгаагүй юм даг. Хааяа нэг настайхан айл тавханцаг ууц нэртэй сүүлгүй жижигхэн ууц тавьдаг байв. Залуу гэр бүл бол хонт шаант, дөрвөн өндөр, хош (гургалдай, цагаан мах, хошного гэх мэтээр нэрлэдэг.), гарих цусхан тавиад л болох нь тэр. (Баруун Ойрадууд хонины баруун хаа индэр дээрээ шатаадаг заншилтай гэж аав минь айлдаж байсан.) Харин бурхандаа хонины толгойгоор чонхор тавьдаг л даа. Эдгээр шүүсийг өвлийн идэшний махнаасаа л бэлдчихнэ. Нэгдэл нийгэм ч үүсээгүй өнгөрсөн зууны хоёрдугаар хагасын эхээр л ийм байсан юм. Тэр үед Алтай давахад бяруу шиг том биетэй даваа хагалдаг эрэг, сэрх алиныг тэр гэхэв. Гэхдээ л тийм сайхан эрэгний ууцаар ширээгээ чимдэггүй байсны учир нь "Цагаан сард зориулж, амьтны амь хөнөөдөггүй” байсантай холбоотой юм байжээ. Одоо тэгэхэд "Чаа гэх ямаагүй, чуу гэх нохойгүй” миний мэт энэ их хотын суугуулууд ууцны уралдаанд оролцоод ч юугаа хийх юм билээ гэхэрхүү эсэргүү бодол төрдөг өө. "Тэгээд тавханцаг тавьчихая гэхээр эхнэр хүүхдүүд энэ түмний ёсыг эвдлээ” гэцгээх нь яршигтай. Хэн ч гаргасан ёс юм бүү мэд! "Монгол хүний омруутах нь манай хүмүүний галзуурахаас нит” хэмээн Төвдийн нэгэн эрдэмтний айлдвар цагтаа буув бололтой…
Нэгэн зүйл. ЦАГААН САРААР ЦААСАН МӨНГӨ БАРЬЖ БЭЛ БЭНЧИНГЭЭ ҮЗҮҮЛЭХ НҮГЭЛ
Монголчууд цагаан сарын шинэдээр улаан гараар золгохгүй хэмээн бэлгэ зохиож, хадагтай золгодог ёсон буй. Золгодог хадгаа шинэ хуучирахаар нандигнан хадгалдаг. Тийнхүү хадгалах нь ихэс дээдсийн мутарт хүрсэн энэ эрхэм эдэд дээдсийн адис жинлав тогтсон хэмээх үзэлтэй холбоотой гэнэ ээ. Энэ ёсыг үл мэдэгч заримууд золголтын хадгийг нь шүүрч аваад зовоох нь байдаг бололтой. Заримууд золголтын хадгаа хуруу гарандаа уяад, сэргэмжтэй аашлах нь инээдэмтэй. Харин ахас ихэс, багш тэргүүтэндээ өргөх хадгаа эхэлж өргөсний дараа золголтын хадагтайгаа золгодог билээ. Цагаан сараар цаасан мөнгө барьж золгох ёс байсангүй. Эдүгээ заримууд бэл бэнчингээ харуулах мэт мөнгө барих нь цаагуураа цаад хүнээ жаахан басамжлаад байгаа ч юм шиг… Цагаан сарыг угтаж ихэс, дээдэс, амин гавъяат өндөр настнаа хүндлэх ёсыг төр захиргааны байгууллага, компаниуд, төрийн түшээд хийж буй нь дэлгэрүүштэй сайн хэрэг ээ. Цагаан сараар мөнгө төгрөг өгмөөр байгаа бол амьтны нүднээс хиагасхан шиг бурхан шүтээнд нь залваас зохистой. Харин гал голомтны шүтээн буй айлын бурханд хадаг мөнгө өргөн, мөргөж сөхөрдөг нь нийтийн ёс оо.
Нэгэн зүйл. МЭНД МЭДЭХ ЁСОН
Цагаан сарын хамгийн эрхэм ёс нь настны мэнд мэдэх юм. Цагаан сараар хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс газар бүр жаал өөр байх боловч өөр хоорондоо төсөлдүү юм. Намайг багад манай нутгийнхны цагаан сарын мэндчилгээ ихээхэн урт, уран сайхан өнгө аястай байдаг сан. Тэр заншил одоо ч хэвээрээ байгаа нь бахдууштай. Золгосны дараа байр суудлаа эзлээд ах түшиг хүний өмнө очиж, доор суурь барин мэхэсхийгээд хөөргөө барин мэнд мэдэх ёстой. Хөгшин аав, Хөгшин ээж, түүнээс дээших өндөр настан амин гавъяат, номын багшид (Төрийн гурван өндөр суудалтан байж болох юм) "Лагшин тунгалаг амархан айлдаж байна уу?” хэмээн мэндийг нь асууна. Энэ мэндчилгээг одоо бараг хэлэхээ байжээ. Хариуд нь "Мэнд ээ! Бие амархан байна уу?” гэдэг. Өөрийн аав ээж, хадам аав ээж, ах эгч, хадам ах эгч, өөрөөс нэлээд ах түшиг хүмүүс хийгээд засаг ноён (одоо бол засаг дарга, төрийн түшээд гэх мэт) тэргүүтний мэндийг "Лагшин амархан айлдаж байна уу?” хэмээн мэднэ. Хариуг өмнөх мэтээр өгдөг. Өөрөөс хэдхэн ах, үе тэнгийн хүмүүсийн мэндийг "Битн (бие тань) амар байна уу?” гэдэг. Хариуд нь "Мэнд ээ! Бие амар байна уу?” гэдэг. Залгуулаад "Өвлөө тэнхээ лагшингаар сайн оров уу?”, "Өргөө хотлоороо мэнд сайхан оров уу?”, "Сүрэг мэнд сайн оров уу?”, "Сүрэг тарган сайн оров уу?”, "Ном судар их болгоож амьтны тусыг их бүтээв үү?”, "Мани мэгзэм их уншиж, буян их хураав уу?” , "Түмэн олноо болгоож, төрийн хэргийг сайтар бүтээв үү?” гэх мэт нас сүүдэр, зиндаа зэрэг дэвд нь тохируулсан мэндчилгээ үргэлжилнэ.
Эдгээрийн хариу болох "Сайн орлоо. Сүрэг мэнд сайн оров уу?”, "Ажил алба их залгуулж, алт мөнгө их хураав уу?”, "Үйл угалз их мэтгэв үү?”, "Эрдэм ном их сурав уу?”, "Арилжаа наймаа их хийв үү?”, "Аян жин сайн тээв үү?” гэх мэтээр тухайн хүмүүний ажил мэргэжилтэй холбоотой хариулт талбидаг. Чингээд "Сүрэг тарган сайн хаваржиж байна уу?” хүүрнэлдэх ёсон байна аа.
Нэгэн зүйл. ХАР XУЛУУ ХАРШУУЛАХ ЁСОН ҮГҮЙ
Мэнд мэдэхийн ялдраа хөөрөг зөрүүлдэг. Хөөрөг зөрүүлэхэд дүү хүмүүн ах хүндээ хөөргөө бөглөөг нь суллан доор суурь барин мэхийн барихад ах түшиг хүмүүн хөөргийг нь хоёр гардан аваад өвөр дээрээ талбисны дараа өөрийн хөөргөө мөн өмнөх мэт зөрүүлдэг. Ах түшиг хүмүүний хөөрөг авч тамхилсны дараа өмнөх мэт хөөргөө сольцгоодог. Түүнээс биш хөөрөг зөрүүлэнгүүт харшуулах ёсон үгүй. "Хар чулуу харшуулах нь хагарч салахын бэлгэ” хэмээн ихэд цээрлэдэг юм аа. Энэ соёл нь үнэт чулуун эдлэлийг унагаж хагалж бяцлахаас хамгаалсан мэргэн арга ажгуу.
Нэгэн зүйл. БЭЛЭГ ДУРСГАЛААР БЯЛХАЛЗУУЛАХ ЁСОН ҮГҮЙ
Цагаан сараар золгуутчины гар цайлгах эрхэм ёсон буй. Чингэхдээ хэр бярандаа тааруулан барьдаг. Харин хүүхдэд хувь өгдөг. Хүүхдийн хувь нь боов, еэвэн, чихэр, жимс тэргүүтнээс бүрдэнэ. Бидний багад зарим айлууд арав, хорин мөнгө өгдөг байсан нь одоогийн зуу, хоёр зуун төгрөгтэй тэнцэх мэт.
Нэгэн зүйл. ХАР АРХИНД СОГТОЖ, ХАМАГ УХААНАА АЛДАХ ЁСОН ҮГҮЙ
Архи нэр муутай ч идээний дээж болдог тул цагаан сараар сархад барих ёсон буй. Чингэхдээ дөч хүрээгүй идэр залуу хүмүүст архи хийдэггүй. Ялангуяа хүү, охин, хүргэн, бэр, ач, зээ, ачанцар, зээнцэртээ архи барихыг хатуу цээрлэнэ.
Нэгэн зүйл. ШИНЭ САРААР ШҮЛЭМДЭЖ ҮНСЭХИЙГ ЦЭЭРЛЭНЭ
Цагаан сараар үр, хүүхэд, ойр дотно хүмүүсээ үнсэхдээ үнэрлэхээс бус уруул амаа дэвсэн шүлсдэн шүлэмдэж үнсэх ёсон үгүй. Ариун цагааны бэлгэдэлт өдөр хүмүүний нүүр царайг нус нулимс тэргүүтэн ариун бусаар бохирдуулахгүй гэсэндээ л тэр л дээ.
Нэгэн зүйл. ДЭНДҮҮ ДАНХАЙСАН ИДЭЭ ТАВИХЫГ ОЙШООДОГГҮЙ
Монголчууд нас намба, алба даягийн зэрэг дэв, эрдэм чадвар зэрэгтэй тааруулж идээ будаагаа засдаг. Ер жирийн албат харлиг хүмүүс сондгой тоотой боовоор гурав буюу таван үе идээ засах нь нийтийн ёс оо. Наяаас дээш настай амин гавъяат нар болон нутаг хошууны алба даягтан нар долоон давхар идээ засч болно. Эрт цагт хошуу ноён, хошууны хийд орны хамба, чойрж тэргүүтэн ихэс дээдсүүд есөн үе идээ засдаг байсан хэмээн чих дэлсэв.
Ард түмнийхээ ариун ёс заншлыг өвлөн авахыг чухалчилж буй өдгөө үед өөрөөс дүү заримуудад хэрэг болох болуужин хэмээн хэдэн үг сараалснаас бус бусдад зааж сургах гэсэн хэрэг биш ээ. Газар газрын ёсон өөр өөр тул өнөө хэр нь мартагдсан өчнөөн зүйлийн сайхан заншил байхыг хэн мэдэхэв. Авч огоорохын мэргэн оюунаар шүүж, хэрэггүй мэт зүйлсийг чихнийхээ хажуугаар шуугуулиад өнгөрөөхийг хүсье. Та бүхэн "Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилдээ амар амгалан байж, санасан сайхан үйлс тань сагаг будаа мэт арвижиж байхын өлзийт ерөөл өргөе.
36 сэтгэгдэл