|

Трамп ОХУ болон БНХАУ-ыг АНУ-д аюул учруулж болзошгүй орноор нэрлэжээ

Трамп ОХУ болон БНХАУ-ыг АНУ-д аюул учруулж болзошгүй орноор нэрлэжээ

 

Ерөнхийлөгч Дональд Трамп цаашид илүү чанга гадаад бодлого баримтална гэдгээ Үндэсний аюулгүй байдлын стратегиа танилцуулах үеэр онцолжээ. Түүний мэдэгдэл сонгуулийн кампанит ажлынхаа үеэр дэвшүүлж байсан "Америкийг эн тэргүүнд тавина" гэсэн зорилтод нь үндэслэсэн аж. Үүгээрээ тэрбээр өмнөх засаг захиргааны гадаад бодлогын бүтэлгүйтлийг "шүүмжилсэн" байна. Түүнчлэн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нь хойш АНУ дахин хүчирхэгжсэнийг дэлхий нийт харсан гэдгийг дурджээ. Тэрбээр "Жил хүрэхгүй хугацааны дотор АНУ дахин хүчирхэгжсэнийг дуулгахад таатай байна. Үүнийг дэлхий нийт харсан. Засгийн газрын хамгийн тэргүүнд хүлээх үүрэг иргэдийнхээ төлөө зүтгэх. Бид ирээдүйн боломжийг ашиглахын тулд өнгөрсөнд гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс цаашид гаргах шийдвэр, арга хэмжээ бүгд "Америкийг эн тэргүүнд тавих” зорилтод үндэслэх болно. АНУ шинэ эриний өрсөлдөөнд аль хэдийнэ нэгдээд байна" гэж мэдэгджээ.

Мөн худалдааны харилцаанд анхаарал хандуулна гэдгээ онцолсон байна. Учир нь Дональд Трампын үзэж буйгаар "Эдийн засгийн хөгжил цэцэглэлт үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй” ажээ. Үүнээс гадна Конгрессоос баталсан Үндэсний аюулгүй байдлын баримт бичигт БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, олон улсын терроризм, БНХАУ болон ОХУ-ыг АНУ-ын эдийн засгийн ноёрхолд заналхийлж буй өрсөлдөгчид" гэж тодорхойлжээ. Хэдий тийм боловч Вашингтон тэдгээр их гүрнүүдтэй харилцан түншлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн байна. Трамп "Орос, Хятад нь бидний хувьд эдийн засгийн хүчтэй өрсөлдөгч байхаас гадна аюул заналхийлэл учруулж болзошгүй орнууд юм. Гэхдээ бид тэдэнтэй түншлэлийн хэлхээ холбоо тогтоож, харилцаагаа сайжруулахад анхаарах ёстой” гэжээ. Уг хамтын ажиллагааны тод илрэл нь саяхан АНУ-ын Тагнуулын байгууллагынхан Санкт Петербург хотод халдлага үйлдэх гэж байсан тагнуулын мэдээллийг ОХУ-ын албаныханд дамжуулж, алан хядах ажиллагаа болохоос урьдчилан сэргийлж чадсан явдал аж. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратеги нь маш том баримт бичиг бөгөөд үүнд Хятадын эдийн засгийн өсөлтөд сэтгэл зовниж буй америкчуудын үзэл бодол, цаашид авах арга хэмжээнүүд зэргийг тусгажээ. Мөн уг баримт бичигт Хойд Солонгосын болзошгүй цөмийн дайны асуудлыг ч тусгаж, хэрхэн хариу арга хэмжээ авах тухай ч багтжээ. Мөн энэ үеэр АНУ-ын Тэнгисийн цэргийн генерал Жозеф Дандорф 2025 он гэхэд БНХАУ Оросоос илүүтэй Америкийн хамгийн том аюул болно гэж мэдэгджээ. Тэрбээр 2025 онд Хятад Улс манай хамгийн том аюул болж хувирна. Хятадууд манай хүчийг сулруулах, Номхон далай дахь холбоотнуудыг салгах ажиллагааг эрчимтэй явуулж байна” хэмээсэн байна. Мөн тус улсын зэвсэгт хүчний шинэчлэл нь яваандаа АНУ-ыг гүйцэж түрүүлэх нөхцөл бүрдүүлэх магадлалтай гэнэ. Хятадын гадаад ертөнцөд нөлөөгөө тогтоох бодлого ч эрчимтэй хэрэгжиж байгаа.

Тухайлбал тус улс 2000 оноос хойш Африкт 220 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, өнгөрсөн сард зүүн Африкийн Жибути Улсад анхны хилийн чинад дахь цэргийн баазаа байгуулсан юм. Туүнчлэн "Бүс ба Зам” төслийн хүрээнд Еврази даяар эдийн засгийн нөлөөгөө дэлгэрүүлэх бодлого баримталж байгааг генерал тайлбарласан байна.


Эх сурвалж: www.bbc.com

154 сэтгэгдэл