|

Түвдээс эхлэн ээдэж гашилсан Монгол тархи

 
 Түвдээс эхлэн ээдэж гашилсан Монгол тархи
Түвдизм-Мөхлөө эхэлсэн Түвд орны явцуу хэлний шашнаар Монголыг дөрлөсөн сарлаг шиг хөтлөн зайдагнасан.
Манжизм-Хоосон цол хий шагналаар Монголыг илжиг шиг хураасан.
Большевизм-Европт хий үзэгдэл байсан үзлийг тэрэгний моринд оруулахаар цаламдсан.
Америкизм-Чалчих эрхтэй ч цадах эрхгүй боолуудын өрөнд дөнгөлөгдсөн түүх рүү хөтөлсөн.

Монгол гэх бүдгэрсэн алдар бол "МӨНХ ГАЛ" ын бэлгэдэлд хураангуйлагдсан мандмал бадрангуй соёлын тэмдэг, ГАЛ ГОЛОМТ" хэмээх амин шүтээний гүн ухаанд төвлөсөн төрийн мандан бадрахын дохио, гайхамшигтай угсаатны цол байсан бол МААНИ,ЭФҮ,ПРОЛЕТАРИ, ЛИБЕРАЛ арцалдааны зүдүү орон болов. Бидний ухаан санааны унтаршгүй нурам дөл, чинад зүрхнээ орших удмын утга, өв, энэ ертөнцөд зөвхөн бид Монгол үндэстэн л бүтээж чаддаг хувь заяатай хосгүй ухаан, эрдмүүд дээрх харь үзлүүд дунд дарагдав.

Тугалынхаа зэлнээс холгүй ухаантай гэж алийн болгон бусдын ам харж ТҮВДИСТ үүд, МАНЖИСТүүд, ЗӨВЛӨЛТИСТүүд, ЛИБЕРАЛЧУУДад гоочлуулан тулга тойрсон аахар шаахар үзлийг нь үнэн гэж үнэмшиж суух вэ? Бас Монголчууд бичиг мэддэггүй харанхуй энэ тэр гэж донгосцгоох дон алслах тусмаа архагших төлөвтэй. Бичиг мэдэх, мэдэхгүй нь хамаагүй ТӨРМӨЛ УХААН, ЭС-ЦУС-ЯСны хар хайрцгийн бодлого,хар багаас ухаан суулгасан онол эрдэмтэйг нь мэддэггүй зөвхөн крилл 35 үсэг, харийн таримал боловсрол, орос, англи хэл зэрэг мэдлэгүүд шаардах нь, тэгээд өөрийгөө "Ухаантай" гэж эндүүрэх нь эмгэнэлтэй.

Харийн тэжээврүүд "бага боловсрол ч үгүй ЧИНГИС хааныг бодвол би бакалавр төгссөн, дээд мэргэжилтэй хүн" хүн гэж өөрийгөө дөвийлгөх, аягүй бол аав, ээжээ боловсролгүй дорд, би л энэ айлд "диплом" той нь гэж онгирох гашилсан толгойнууд орчин үе мөн болж таарах нь. Солонгос маягийн чөргөр эрээн мяраан бол Монгол биш. Монгол эрс гэж чийрэг, эрэлхэг, ухаалаг, гудиггүй хүний МҮС сайтай тэс өөр залуус байдаг юм. Би малчин эцгээ бодвол гадаадад сурсан Польш, Орос, Англи хэлтэй, ухаантай мэдлэгтэй хүн гэж ярих нь харин ч өөрийн бөндгөргүй, Монголоо мартсан гаднын тэжээвэр гэж харагдуулна.

Тэд өнөөдөртөө мэдэмхэйрэн мөнгө олдог, төр самардаг ч нөгөөдөр хүртэл наслах нэргүй, мөргүй, бүтээлгүй тухайн цаг үеэ төлөөлөн шоологдох хуулмал зээлмэл хуучин новш нь түүхийн хог руу түрэгдэн хаягддаг тавилантай. Тэд харийн хэл соёлыг гадарладаг давуу талаараа нууц нөөцийг олж баяжуулан сэдэх, ухаарах, сэхээрэх аваас мэдлэг боловсролынх нь хэрэг Монголдоо гармаар. Гэтэл өөрсдөөсөө тэс өөр заяа тавилантын замаар оруулах харийн ном үзлийг тэр чигт нь хуулж Монголоо хувиргах гэх нь адгийн мунхаг үйлдэл мөн.  Иймэрхүү их мэдэгчид нүцгэн бие, төрөлх ухаан, билэг эрдэм өв удамшлаараа сэхээрэхгүй. 1890 онд төрсөн бол Манжийн хааныг бараадан магтана, 1920 онд төрсөн бол хар шар феодлуудыг сөнөөх Зөвлөлт ногоон малгайтан болох жишээтэй. Германы суут сэтгэгч Г.Гегель " Монголчууд хүн төрөлхтөнд ой ухаан хайрласан юм" гэж хэлсэн.

Энэтхэгийн суутан М.Ганди " Монголчуудын соёл, түүх дэлхийг өөрчилсөн" гэсэн. Тэр бүү хэл Японы О.Хидэхиро " Дэлхийн түүхийг Монголын ЧИНГИС хаан эхлүүлсэн" гэж бичиж батлахыг хичээсэн байх. Хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрдөг эртний Монголчуудын нүүдэлч малч ухаан эрдмийн гайхамшиг гэж байна. Монголд үнэхээр энд тэндхийн үзэл хэрэггүй. Тэр ардчилал, эрх чөлөө, либерализм алиных нь ч талаар элдэв юм донгосч хэрэггүй. Сонголтын( ардчилалын) агуу ухагдхуун байсан учраас ухаалаг биш язгууртнуудаас илүү ер бусын ухаалаг эрэлхэг харц БООРЧИ, МУХУЛАЙ, ЗЭВ, СҮВЭДЭЙ нар тодорсон юм.

Эрх чөлөөний эрхэмлэл байсан учраас " Хүний эрхээр жаргахаар Өөрийн эрхээр зов" гэх мэт олон арван хэлц сургаал гарч. Их засаг ЦААЗ ад " баян ба ядуу, ноён ба дордос адил тэгш" гэж заасан нь өнөөгийн ард нийтийн СОНГОЛТ ын нийгэм, эрх биш гэж үү? Ямартаа эр хүнийг " Эрхтэй хүн" гэж төр цэргийн бүх эрхийг хүлээлгэн, эм хүнийг " Эмхтэй" байх ёс тогтоосон гэх вэ? Энэ ухагдхуунууд нэгдүгээрт физик, хими, астрономи гэх мэт орчин үеийн шинжлэх ухаануудын нэгэн адил хүн төрөлхтөнд байдаг л ухаан эрдэм.

Монголчууд энэ талаар юу ч мэдэхгүй малгайтай малнууд байсан юм биш. Физик байсан учраас л эсгий хийж, хими байсан учраас айраг цэгээ исгэж, астрономи байсан учраас л хэдэн мянганы тэртээгээс цаг хугацааны хором мөчийн зөрүү гаргадаггүй цаглабар нар, сар, одод, мичдийн тоололтой байж. Монголчилно гэдэг муу болгоно гэсэн утга биш, хөрс ус тэнгэр, газар шороо, Монгол ухаан эрдмээрээ шалган дасган уусгана гэсэн санаа. 
Үргэлжлэл бий...
 
"Монгол ухаан 9- н эрдэм" номноос
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү


483 сэтгэгдэл