|

Хувийн хэвшилтэйгээ тэрсэлдэх төр

Компани байгуулах явдал аймгаас аймагт халдварлах болов

Аймгууд дэргэдээ орон нутгийн өмчит компани байгуулдаг жишиг тогтлоо. Ингэснээр хувийн хэвшлийн орон зайг õайр найргүй булаах болов. Энэ хэрээр бизнесийн орчин баялаг бүтээгчдэд улам халгаатай болж байна. Ялангуяа, орон нутагт. Төртэй өрсөлдсөн бизнесийн олонх нь дампуурдаг. Ийм эрсдэл тэдний өмнө хөндөлсөж, хөдөөгийн хөгжлийг чөдөрлөж мэдэх нь. Унац сайтай салбар болгонд төрийн нэрээр орон нутгийн өмчит компаниуд эрх мэдлээр далайлган шургадаг зуршил хавтгайрав. Бизнесийн орчин орон нутагт тэр хэрээр өдөр ирэх тусам муудаж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргадаг аймгуудын өрсөлдөх чадварын тайлангийн үндсэн үзүүлэлтийн нэг нь бизнесийн үр ашиг. Уг үзүүлэлт аймгуудын өрсөлдөх чадварыг хойш нь багагүй татаж байна. Тухайлбал, өрсөлдөх чадвараар сүүл мушгиж байгаа аймгуудад бизнесийн орчин хүндхэн хэвээр.

Ийм үед аймгууд толгой мэдэн компани байгуулах болсноор нөхцөл байдлыг улам хүндрүүлэх эрсдэлтэй гэж зарим эдийн засагч хэлж байсан юм. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим ч үүний эсрэг гэдгээ илэрхийлж, бизнест хутгалдах төрийн оролцоо хэрээс хэтэрч байгааг анхааруулсан удаатай. Улсын төсвөөс хамааралтай байдлаа халах гэж аймаг болгон шинэ орлогын эх үүсвэр хайх нь олширсон. Хүслээ биелүүлэхийн тулд орон нутаг хувийн хэвшилдээ ахиу боломж олгох бус өмнө нь хана хэрэм босгох нь нэмэгджээ. Үүнийг сөрөх хүч хувийн хэвшлийнхэнд даанч алга. Ялангуяа, бор зүрхээрээ ажлын байр бий болгож, орон нутагтаа татвар, хураамжаа цаг тухайд нь төлдөг том, жижиг аж ахуйн нэгжүүдэд төртэй өрсөлдөх тэнхээ дутна. Өөрийн гэсэн өмчтэй болох амбийцаа аймгууд дарж чадахгүй байна. Тиймээс "саалийн үнээ”-тэй болохоор нэгэнт шийджээ. Үүнийг хэн ч зогсоож хүчирсэнгүй. Компани байгуулах явдал аймгаас аймагт халдварлаж байна.

Татвар болон худалдан авалт, хөгжлийн бодлогоороо гахай үүрч, ганзага зөөж явсан бизнес эрхлэгчдээ орон нутаг дэмжих атал ана мана өрсөлдөх аж. Ийм хүч тэнцвэргүй "тулаан”-д хэн ялах нь тодорхой. Баянхонгор аймаг гэхэд уул уурхайн бизнес эрхэлж байгаа бол Хөвсгөл барилгын материалын зах зээлд хүч үзэхээр болжээ. Угтаа хувийн хэвшлийнхэн эл талбарт тоглох учиртай. Гэвч орон нутгийн өмчит компани давуу эрхээр эзэн суух аж. Говь- Алтай аймагт ундны цэвэр усны бизнес цэцэглэж, орон нутгийн өмчит үйлдвэр хувийн хэвшлээ нухчин дарж байна. Бизнесийн цэвэр өрсөлдөөн бус төрийн монополь аймагт ноёрхлоо тогтоож, хамаг "өрөм”-ийг нь хамна. Ийм нөхцөлд баялаг бүтээгчдийн бий болгосон бизнес яаж тэлж, томрох билээ. Говь-Алтай аймагт л гэхэд цэвэр усны үйлдвэр байгуулахаар банкнаас зээл авсан хэд хэдэн аж ахуйн нэгж хүндхэн байдалд орсон нь удаатай. Орон нутаг хувийн хэвшлийн хөл хүрэхгүй байгаа салбарт өрсөлдөх атал жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн "зиндаа”-наас үл хэтэрнэ.


Сайнаа тордох бус уул уурхайн бизнест дийлэнх нь хөл алдаж байна

Монгол Улсын хэмжээнд нийслэл, орон нутгийн өмчит нийт 210 гаруй компани бүртгэлтэй байдаг. Эдгээр компанийн зарим нь үнэндээ шаардлагагүй төдийгүй өрөнд баригдаж, өтөнд идэгджээ. Ийм атал аймгууд бизнест гараа дүрэх санаархлаа улам лавшруулсаар. Орон нутгийн зах зээл эмзэг, багтаамж бага, эргэлдэх мөнгөний хэмжээ ч тоотой. Хэдий ийм боловч уг зах зээл рүү тооцоо судалгаа, нарийн төлөвлөгөөгүй будаг нь ханхалсан компаниуд орж ирсээр. Тэд төр гэсэн нэрийн дор өөрсдийн сүр хүчээ гайхуулж явна. Гэвч тамга хийгээд даргаас өөрцгүй, татварын мөнгөөр "угжуулдаг” компанийн тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай. Орон нутгийн удирдлагууд үндсэн үүрэгт ажлаа умартаж, ашиг хонжооны эрэлд ханцуй шамлан дайрах янзтай. Энэ болгоны хөлд баялаг бүтээгчид үрэгдэж, бизнесийн орчин доройтсоор. Уг нь, бизнесийн таатай орчныг баялаг бүтээгчдэд бүрдүүлж өгөх нь төр, засаг хийгээд орон нутгийнхны хүлээсэн үүрэг бус уу. Гэвч хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн бүтэц дээрх байдлаар нуран унахад ойрхон байна.

Сүүлийн 26 жилийн ололтоо орон нутаг үгүйсгэж, өөрсдийн онцлог шингэсэн компаниуд нь давжаарч эхэллээ. Зүгширч яваа бизнес, зүтгэж олсон зах зээлээ орон нутгийнхан хадгалж үлдэх гэж амь тэмцэнэ. Гэтэл аймаг, орон нутгийн удирдлагууд нь өөрсдийн дураар бизнесийн орчныг гажуудуулсаар. Улсын хөгжлийг улстөрчид бус хувийн хэвшил нь тодорхойлдог. Ялгаагүй орон нутгийн нүүр царайг ч мөн адил баялаг бүтээгчид бүрдүүлдэг. Харин үүнийг бий болгох "эрх чөлөө”-г нь бизнес эрхлэгчдэд төр засаг болон орон нутаг хангалттай олгосон уу гэвэл үгүй болов уу. Хөл дээрээ бат зоссон бизнес орон нутагт хуруу дарам цөөн. Энэ нь бодлогын тогтворгүй байдал, өрсөлдөөн шударга бус хэвээр байгааг нэг талаар илтгэнэ.

Аймаг бүрт давуу болон сул тал бий. Саараа засаж, сайнаа тордох бус уул уурхайн бизнест дийлэнх нь хөл алдаж байна. Өөрсдийн тодотгол болж ирсэн бүтээгдэхүүнээ брэнд болгоход анхаарах бус өнөөдрийн ашгийн төлөө улайрах нь их болжээ. Уг нь тогтвортой орлого тогтвортой хөгжлийг цогцлоодог. Гэвч урт хугацааны үр ашигт орон нутаг төдийлэн анхаарлаа хандуулах нь багасчээ. Монгол Улсын нийт хүн амын 60 орчим хувь нь орон нутагт ажиллаж, амьдардаг. Иргэдийн дийлэнх нь суурьшиж буй 21 аймагт бизнес ном журмаараа бус төрийн эрхшээл дор зутарч байна.

Нийтлэлч Б.Баяртогтох

446 сэтгэгдэл