Манай нутагт муу гэдэг нэртэйгээрээ алдаршчихсан Мянганыхан гэдэг нэг айл, халуун ам бүлийнхэн байдаг байсан гэдэг юм. Тэднийд бүтэж байгаа ажил гэж бараг байхгүй. Гэрийн эзэн Мянган гэгч хаа найрлаж байгаа айл байна тэнд л явах. Тэгсээр явтал хэдэн адуу нь сураггүй, бас ачилганы гэх таван тэмээгээ хэзээ л бол алдчихсан байх. Эхнэр нь гэж нээрээ л бүтэлгүй нэгэн. Хэдэн малынхаа дэлэнг алдаг оногхон шувтарна. Жаахан сүү саасныгаа айлд аяганы ёроол үзэх гэж сууж байтал гэрт нь үхэр, тугал ороод түүнийг нь сорчихсон байх. Хэдэн хүүхэдтэй ч тэд нь урагшгүйхэн зантай. Сургуульд явдаг нь цүнхтэй дэвтэр номоо гээчихээд ирнэ. Бас болоогүй ээ ангийнхантайгаа дандаа хэрэлдэж байх. Заримдаа бусдын үзэг, харандаа хулгайлсан хэл аманд орж Мянганыг хааяа бухимдуулна.
Энэ айлын тухай яагаад сүрхий дурсаад байгаа юм бэ гэвэл Монгол Улсын Их Хурал гэдэг төрийн том байгууллага маань тэр Мянганыхан шиг бүтлээ алдсан ажил үйлтэй болчихоод байгааг хэлэх гэсэн юм. Хоёр жил гаруйн өмнө болсон УИХ-ын ээлжит сонгуулиар сонгогчид МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн. Одоо 64 суудал эзэнтэй байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ ам бүлээс хэд хэдэн хүнийг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуулийн байгууллагаас удаа дараа санал оруулж ирж байсан. Тэд нь хууль зөрчсөн, хувийн ашиг завшаан хичээснээс улс нийтийн хөрөнгө мөнгө идсэн уусан, эрүүгийн хэрэгт татагдахаар болсон гээд ярьвал барагдахгүй ихийг хэлэх болно. Зарим нь садар самууны хэрэгт орооцолдсноос "явуулах” аргагүйд хүрсэн ч бий. Одоо сонсож байхнээ УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүнийг огцруулах хүчтэй операц үргэлжилж байна.
Түүнийг 60 тэрбумын гэх хэрэгт буруутгаж байгаа нь гол шалтгаан гэх юм. Бас сүүлийн өдрүүдэд УИХ-ын чуулган, байнгын хороод элдэв шалтгаанаар хуралдаж чадахгүй байгаа. Үүнээс болж УИХ-ын даргын нэр хүнд шалдаа уналаа гэцгээж байх юм. Нэрмээс бас ихээ. Ангийнхнаас нь олон хүн нийгэмд шуугиан тариад байгаа ЖДҮХС-гийн зээлийн хулгайч гэгдээд байна. Энэ тухайд М.Энхболд дарга "Миний нэр гараагүй юм чинь” гэсэн янзтай юм хэлэхгүй дүмбийн суугаа.
Өнөөдрөөс өөр нэрмээстэй явдал эхлэх нь бололтой. Ирц хүрсэн, хүрээгүйн хооронд чуулганы хуралдаан явж л байх. Гэтэл эрхэм гишүүдээс хэд хэдэн хүнийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн үйлдсэн хэргийг нь шалгах асуудал Улсын ерөнхий прокуророос тавьж байгаа гэх. Өмнө нь ийм асуудалд тун гүжир хандаж хүчингийн хэрэгт орсон Д.Гантулгаас бусдыг хамгаалж үлдсэн. Тэгвэл одоо бөөн орж ирж байгаа нэрсийг ямраар угтаж авах бол. УИХ-ынхан дотроо сүрхий хагаралтай энэ цагт шийдэхэд сүрхий асуудал болж таарах л болов уу. Тэгээд УИХ-ын дарга нь өөрөө "огцрох тулгалтад” орчихоод байна. Алийг нь урьдаар шийдэх бол гэдэг ч дэс дарааллын хувьд ойлгомжгүй юм. МАН-ын хагарал, хэрүүл зодоон АН-д халдаад хоёр ч гишүүн нь намаасаа гарснаас бүлэггүй болчих гээд байдаг. АН-ын бүлэг үгүй болох юм бол УИХ "хөгжлийн бэрхшээл”-тэй гэгдэх аюул бий. Иймээс УИХ тэр "муу Мянганыхан” гэдэг айлын явдалтай яг дүйгээд байгаа юм даа. Өнөөгийн энэ Их хурлыг яанадаа гэж олон түмэн хэлцэж ядаж байна шүү дээ.
Д.Бичээчхүү
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
403 сэтгэгдэл