|

Ж.Эрдэнэбат: Орлогын хуримтлал бий болгохоос биш татвар нэмж, бизнесийнхэнд дарамт үүсгэхгүй

 Ж.Эрдэнэбат: Орлогын хуримтлал бий болгохоос биш татвар нэмж, бизнесийнхэнд  дарамт үүсгэхгүй

Хөрөнгө оруулалт буурч, бизнесийн үйл ажиллагаа хумигдан, ажилгүйдлийн түвшин  28 хувьд хүрсэн гээд Монголын эдийн засаг бараан байгаа ч хямралыг хамтдаа туулах боломжтой хэмээн  Засгийн газрын тэргүүн өнөөдөр бизнесийнхэнд итгэл нэмлээ.

МҮХАҮТ Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор "Business Breakfast” өглөөний уулзалтыг тогтмол зохион байгуулж ирсэн юм.

 Тэгвэл шинэ оны эхний буюу 12 дахь удаагийн зочноор Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, өнөөдөр 250 бизнес эрхлэгчидтэй өглөөний цайгаа уулаа.

Уулзалтыг МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа нээж хэлэхдээ, "Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх хөтөлбөртэй бизнесийнхнийг танилцах боломжоор хангаж, бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Ерөнхий сайд танд талархал дэвшүүлье.

 Өнөөдөр Монгол Улсын  эдийн засаг хүндэрч, зээлийн хүү өсч, төгрөгийн ханш 83 хувиар бууран, төсвийн алдагдал 9 хувьд хүрч, банк санхүүгийн салбар дахь хугацаа хэтэрсэн зээл 14 хувьтай гарсан нь бизнес эрхлэгчдэд  хүнд тусч байна. Бизнес эрхлэгчдээс та хөрөнгө оруулалт хийж, бизнесээ өрөгжүүлэх үү гэсэн судалгаа авахад 67 хувь нь "өргөжүүлэхгүй” гэсэн хариу өгчээ. Эл судалгаанаас бизнесийн байгууллагууд нөхцөл байдлыг харзнан үйл ажиллагаагаа хумиж байгааг тодхон харж болно” гэлээ.

 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: "Шинэ Засгийн газар байгуулагдаад хагас жил  болж байна. Улс орны эдийн засаг маш хүнд үед бид ажил хүлээн авсан. Өмнөх Засгийн үед  эдийн засаг хүнд байсан ч жижиг мөнгөн дээр асуудлыг шийдэх боломжтой байв. Тухайлбал өмнө  нь Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд 400-500 сая ам.долларын хөрөнгө босгож  байлаа.  Харин өнөөдөр бид ОУВС-гаас урьд нь босгож байсан хөрөнгийг 10-20 дахин нэмэгдүүлж байж асуудлыг шийднэ. Тиймээс энэ хөрөнгө оруулалтыг шийдэхийн тулд ОУВС-тай хийх хэлэлцээ үргэлжилсээр байна. Санхүүгийн зах зээл, харилцаа холбоотой улс орнуудаас хямд эх үүсвэр бүхий хөрөнгө мөнгө босгох, одоо төлж байгаа  зээлийнхээ өртгийг бууруулах бодлогыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Өнөөдөр бид жилд 500 сая ам.долларын зээлийн хүү төлнө. Тиймээс Засгийн газар иргэдийн төлсөн татварыг хамгийн тохиромжтой хувилбараар хуваарилж, төсвөө баталсан. Харамсалтай нь олсон бага мөнгөөрөө бодсон зүйлээ хийх боломж бидэнд алга. Олох орлогоороо өр л төлнө.  Асуудлыг  зөв бодлогоор шийдэхгүй бол цаашид байдал улам даамжрахаар байгаа. Тиймээс аль болох ард түмэн, үйлдвэрлэгчиддээ төвөг удалгүй шийдвэрлэхийг манай Засгийн газар зорьж байна. Өр зээлийн хугацааг сунган, хүүг бууруулах, эдийн засгаа дэмжин үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, татварын баазаа тэлэх замаар хүндрэлээс гарна. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний тоо, төрлийг олшруулж, хөдөө аж ахуйн салбартаа дөрөөлөн эдийн засгаа төрөлжүүлэхээр төлөвлөлөө.  Гурван сая хүнтэй ард түмний хэрэглээний зах зээл жижиг учир борлуулалт дээр үйлдвэрүүд гацдаг. Мөн бүтээгдэхүүнээ гадаадад зарах гэхээр технологи нь хоцорсон, зах зээлд танигдаагүй гэсэн шалтгаан биднийг хойш татаж байна. Тиймээс бид хамгийн сүүлийн үеийн олонд танигдсан технологийг Монголд нэвтрүүлж,  дэлхийн зах зээлд таниулах хэрэгтэй. Ялангуяа хүнсний салбарт боломж бий. Монголын зайдас хичнээн амттай  ч гадаадын зах зээл дээр олны танил Герман зайдасыг хэрэглэгчид сонгодог. Монголын зайдасыг сонгодог болгохын тулд гадныханд таниулж сурталчлах ажлыг хийх нь чухал. Аливаа улс орон гадныханд юугаар танигдах вэ гэдгээ эхлээд тодорхойлж дараа нь хийдэг. Тухайлбал Солонгос улсын жишээнээс харж болно. Тус улс кино урлагаараа дамжуулан сурталчилгаагаа хийж олон орны хүмүүст танигдаж наад зах нь Солонгосын нэрт дуучдын CD-ийг худалдан авах борлуулалт нэмэгдсэн. Мөн бүх оронд Солонгос хоолны газрууд нээгдсэн нь олон ангит кино сурталчилгааных нь хүч юм. Үүн шиг бид боломжоо эрэлхийлэх ёстой. Тиймээс Монгол Улсыг сурталчлах тусгай агентлагийг байгуулах шаардлагатай байгаа бөгөөд эхлэлийг нь тавиад байна. Бидэнд боломж, гэрэл гэгээ байна. Гол нь боломжоо зөв ашиглаж чадахгүйд л учир бий” хэмээн онцлов.

Тэрээр үгийнхээ төгсгөлд "Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих замаар орлогын хуримтлал бий болгохыг зорихоос биш татвар нэмэгдүүлж, бизнесийнхэнд  дарамт үүсгэхгүй” гэдгээ илэрхийлсэн юм.

Үүний дараа МҮХАҮТ-аас Ерөнхий сайд оролцох уулзалтыг угтан "Face book” хуудсаараа дамжуулан  14 хоногийн хугацаанд бизнес  эрхлэгчдээс авсан  санал асуулгыг танилцуулав.

Уг хуудсанд  хандсан бизнес эрхлэгчид Төр хувийн  хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, Томоохон төслүүдийг хөдөлгөх шийдлүүд, Татварын бодлого,Үйлдвэржилтийг дэмжих, Төрөөс бизнест оролцох оролцоог багасгах, Төрийн засаглалыг өөрчлөх, Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, Эдийн засгийн төрөлжүүлэлт хийх, Хөрш орнуудтайгаа худалдааны нөхцөл байдлыг сайжруулах, тариф бууруулах, Санхүүгийн либералчлал, авлигыг бууруулах гэсэн 10 үндсэн санааг хэлжээ.  

"Business Breakfast” өглөөний уулзалтад саналаа хэлсэн бизнес эрхлэгчдийн үгийг тоймлон хүргэе.

 "Меговатт” ХХК-ийн захирал Ч.Зундуй-Осор:

-Монгол Улсад Эрчим хүчний эх үүсвэр бий болгох цаасан дээрх  60 гаруй төсөл бий. Үүнд  нүүрсээр ажиллах цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний станцын  төслүүд багтдаг. Дээрх төсөл  хэрэгжээгүй гол шалтгаан нь хатуу нүүрсэн дээр цахилгаан станц барих технологи нь хоцрогдсонтой холбоотой. Үнэндээ гадны  зарим орнууд ийм станцуудыг торгодог шүү дээ. Эрчим хүчний эх үүсвэр болох энэ салбарт гадны хөрөнгө оруулалт орж ирдэггүй. Тиймээс  манай компани хоёр төсөл санал болгосон.  Эхнийх нь Улаанбаатарын агаарын бохирдолд II цахилгаан станцын дэд бүтцийг ашиглаж, өнөөдрийн байгаа хугацаа нь дууссан 24 мегаваттын станцыг буулгаж 240 МВт-ын цахилгаан станц барих төсөл юм.  Уг цахилгаан станцын эх үүсвэр нь гэр хорооллыг цахилгаанаар хангах, мөн 200, 240 МВт-ын аккумуляторын нөөцийн станцуудыг гэр хорооллын станцуудад нэмж байрлуулна. Энэ станцыг дэлхийн олон оронд хэрэглэдэг. Ийм аргаар хотын утааны 80 хувийг бууруулах боломжтой. Дараагийн төсөл нь  Багануурт нүүрсний хийн эрчим хүчний 460 МВт-ын  станцыг барих юм.  Уг станцыг Америк, Европт хэрэглэдэг бөгөөд  10-20 минутад тохиргоог өөрчлөх боломжтойгоороо давуу талтай.

"Ametros Solutions” компанийн "Добу” брэндийг  үүсгэн байгуулагч Н.Ганхүлэг:

-Бид анхны Монгол таблетыг зохион бүтээж, патентаа авсан.  Бүтээгдэхүүнээ гадаадад эксортлож эхэлсэн. Дотоодод тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийсэн байгаа. Бидний ухаалаг утасны микро процессор "Самсунг”-ийн S-7 маркийн утаснаас  илүү хүчтэй. Үүнийг хүмүүст ярихаар итгэдэггүй.  Одоогоор бид Казахстан улс руу зургаан сая ам.долларын экспортын гэрээ хийгээд байна. Гурав, дөрөвдүгээр сараас худалдаанд гарч эхэлнэ.   "Амазон" групптэй эхний шатны хэлцлүүдээ хийсэн.  Энэ бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргахад бидэнд их хэмжээний хөрөнгө босгох боломж байхгүй. Тиймээс Засгийн газраас дэмжлэг үзүүлэх боломж бий юу?.

"Умард Алт Монгол” группын захирал А. Циен-Ойдов

-Чөлөөт бүсийг хөгжүүлэх  тухай Монгол улс  10 жилийн өмнөөс  ярьж эхэлсэн ч ажил хэрэг болсонгүй. Манай групп үндэсний 36 аж ахуйн нэгжийг нэгтгэж чөлөөт бүсийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Бид 48х48 сэндвичэн барилгын том карказын инженерийн асуудлыг шийдлээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Чөлөөт бүсийг дэмжиж хөгжүүлнэ гэж тусгасан. Бид өөрсдийнхөө бололцоог ашиглан ажлаа эхэлсэн.  Хоёр хөршийн  чөлөөт бүсийг  байгуулбал манай улсад орох  ашиг  нэмэгдэнэ. Энэ  чиглэлээр Засгийн газар ямар үйл ажиллагаа явуулах вэ. Бид хэрхэн оролцох боломжтой вэ?

Нүүдэл Агрофарм ХХК-ийн захирал Ж.Баттөгс:

- Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын сүү,сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахын тулд  бид  эрчимсэн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай. Тэр утгаараа манай компани  эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхээр гадны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тодруулбал Францаас үржил шимтэй үхэр импортлож  Монголдоо нутагшуулан  хоёр хөршдөө мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг  экспортлох том зорилт дэвшүүлсэн. Энэ асуудлаар холбогдох газруудад саналаа өгсөн ч одоог хүртэл хариу авч чадахгүй байна. Тиймээс  танд энэ саналаа албан бичгээр өгье.  

Бизнес эрхлэгчдийн санал, асуултад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ийнхүү хариулав.

          -Эрчим хүчний үйлдвэрлэлийн хувьд маш олон  төсөл байгаа ч хэрэгжих нь ховор. Нэг компанитай гэрээ байгуулдаг  ч  тендерт шалгараад ажлаа хийдэггүй. Тухайлбал Таван толгойн цахилгаан станцыг барих төсөл хэрэгжүүлэгч дөрвөн жил болсон ч  ажлаа эхлээгүй байна.  Тиймээс энэ жилээс  тендерт хугацаа заадаг болсон.  Манай цаг уурын нөхцлөөс болж  жилийн хагаст  л бүтээн байгуулалт өрнөх боломжтой. Энэ жилээс  тендерт ялсан компани дөрөвдүгээр сарын 1 гэхэд ажлаа эхлэхгүй бол гэрээг цуцлан шинээр тендер зарлана.

       -Утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн. Манай Засгийн газар утааг багасгах эхний аргыг шөнийн тарифыг тэглэх гэж үзсэн. Нэг айл  хоёр хувин нүүрс хийдэг байсан бол орой унтахдаа нүүрс түлэхгүй  цахилгаан халаагуур асаагаад унтдаг болно гэсэн үг. Энэ нь хамгийн эхний арга хэмжээ. Цаашдаа нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглоно. Огт гал түлэхгүй бай хэмээн хорино гэдэг бол  худлаа. Тиймээс гаргаж байгаа утааны хорыг багасгахад анхаарч ажиллана. Ингэхийн тулд эрчим хүчний үйлдвэрлэл, шугам сүлжээг сайжруулах шаардлагатай. 2017 оноос энэ ажлуудыг эхлэхээр төлөвлөсөн. 198 мянган айл өрхийг  2.5 МВт цахилгаан хэрэглэх боломжтой шугам сүлжээг энэ ондоо багтаан хийнэ. Мөн 20 мянга гаруй айлыг  4 МВт хэрэглэх боломжтой болгох  шугам сүлжээг татна. Сэргээгдэх эрчим хүчний талаар ШУА-тай  хамтран бид судалж үзсэн.  Манайх шиг хүйтэн орон өвлийн цагт сэргээгдэх эрчим хүч ашиглах нь хүнд юм билээ. Мөн бидний  амьсгалдаг агаар маш их тоосжилттой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  гаргасан дүгнэлтээс  5-6 дахин их, зарим газар 10-20 дахин өндөр тоосжилттой. Энэ тоосжилт маань сэргээгдэх эрчим хүчний станцыг  эвдэх  сөрөг нөлөөтэй. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний үнэ маш өндөр.  Тиймээс хамгийн боломжтой  хувилбар нь усан цахилгаан станц гэж тооцож байна.

     -Добу брэндийн таблетний талаар  бид компанийн удирдлагатай уулзсан. "Самсунг” компанитай Америкийн зах зээл өрсөлдөх тухай ярьж байна билээ. "Самсунг” бол  маш олон жилийн түүх, туршлагатай. Тиймээс  Америкийн зах зээлд өрсөлдөнө гэж битгий яриа гэж захисан. Засгийн газар монгол бүтээгдэхүүнийг дэлхийд сурталчилахад  тусална. Хэн  хаана ч хичнээн төгрөгөөр гэрээ байгуулж болно. Гэхдээ зах зээлд бүтээгдэхүүнээ гарган хэрэглэгчдэд таниулж, итгэлийг олж авч байж санхүүжилт босгодог.

       -Чөлөөт бүс байгуулах асуудал хоёр хөршөөс шууд хамаардаг.  Бид хичнээн сайхан байр, нөхцөл бий болгосон ч хоёр хөршийн байдлаас шалтгаална. Одоохондоо бид зөвхөн худалдааны чөлөөт бүс ярьж байна. Цаашдаа үйлдвэрлэлийн чөлөөт бүсийг  ярих хэрэгтэй. Үйлдвэрлэлийн чөлөөт бүсийг ярихаар  манай улсын хамаг хөрөнгийг гадныхан үнэгүй ашиглаад татвар төлөхгүй гарна хэмээн  хүмүүс харддаг.  Үнэндээ ажлын байр, бүтээн байгуулалт нэмэгдэж үйлдвэрүүд хөгжсөнөөр Монгол Улсад орох ашиг үүнээс хэд дахин их гэдгийг бодолцох ёстой.

      -Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж байж хотын хэрэгцээг хангана гэдэг санаа бол яах аргагүй зөв. Өргөн уудам нутгаар нүүдэллэн амьдарч буй малчдаас бүтээгдэхүүнийг цуглуулан нийслэлд хангах нь хэрэглэгчдэд хэтэрхий үнэтэй тусна. Тиймээс хоттой ойролцоо эрчимжсэн фермүүд байгуулбал илүү хямд өртөгтэй болно. Энэ чиглэлээр Засгийн газар бодлогоороо туслах боломжтой. Тухайлбал  Мал хамгаалах сан дахь мөнгөөр өндөр  үр ашигтай мал оруулж ирэх,  мөн бизнесийнхний  гаднаас оруулж ирж буй малд татвар, гаалийн хөнгөлөлт үзүүлэх  арга хэмжээ авна.

Ийнхүү  бизнес  эрхлэгчид өөрсдийн хийж бүтээж буйг хэрхэн оновчтой хөгжүүлэх, цаашид төр засгаас ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар  танилцуулж,  санал, төслүүдээ  Ерөнхий сайдад гардуулсан юм.

Уулзалтаар бизнесийнхэн Ерөнхий сайдад хандан эдийн засгийн хямралын үед  хумих бус тэлэх бодлого баримтлан төсвөө тэлж, ажлын байр нэмэгдүүлж байж хүндрэлийг даван туулна. Төрийн зарим чиг үүргийг ТББ-уудад шилжүүлэх, хамтран ажиллах, валютын ханшаас болж зээлийн хүүгийн дарамтад байгаа компаниудын зээлийг сунгах, тодорхой хугацаагаар хүүгүй болгох талаар дэмжлэг үзүүлэх, татварын таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

Харин Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд "Бизнесийн ирээдүйн загвар бол ногоон үйлдвэрлэл юм. Ногоон үйлдвэрлэлийг дэмжихээр хүн ам олноор цуглах газрыг сонгон төвүүд байгуулан сурталчилна. Мөн хүү багатай зээлийг ногоон үйлдвэрлэлд олгох талаар банкуудтай санал солилцож, эхлэлийг Хас банк тавихаар болсныг онцлоход таатай байна. "Та бүхний амжилтаас миний амжилт хамаарна. Бизнесийнхний дэмжлэг бидэнд хэрэгтэй. Засгийн газраас бизнес эрхлэгчдээ бүрэн дэмжинэ” гэлээ.

Энэ үеэр Ерөнхий сайдад хаяглан ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн  саналыг МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг өргөн барьснаар уулзалт өндөрлөсөн юм.

 

 Б.Заяа

МОНЦАМЭ


816 сэтгэгдэл