Энэ долоо хоногийн эхнээс өрнөсөн улс төрийн үйл явдал Ардчилсан намын эргэн тойронд өрнөв. Тодруулбал, тус намын лидерүүдийн нэг С.Баярцогтын Швейцарийн Холбооны улс дахь дансыг царцаасан, энэ нь Оюутолгойтой гэрээ байгуулсаны "урамшуулал” байх магадлалтай гэсэн Reuters-ийн мэдээлэл долоо хоногийн ээлжит сенсаац болж, Ш.Батхүү, Стандарт банкны зээлийн талаархи оволзсон давалгааг намжааж, орон зайг нь эзлэв. Одоо жаяг жам ёсоор энэ сенсаацийг дарах зөөлрүүлэх үйл ажиллагаа ид дундаа явж байна.
2016 оны сонгуулиас хойш сураг алдраад байгаа "хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур” С.Баярцогт гэнэт ил гарч хэвлэл мэдээллийнхнийг адуу хурааж буй аятай багшируулав.
Хэвлэлийнхэнтэй уулзсан уулзалтаа тэр "хүнд их мөнгө хөрөнгө хэрэггүй” гэсэн илэрхийллээр эхэлж, мөнөөх гай чирсэн 8,2 сая евро буюу 10 сая орчим ам.долларынхаа талаар товчхон хэрнээ тодорхойгүй тайлбөр өгснөөр өндөрлөв. Түүний хэлснээр С.Баярцогт гэгч хүн тийм их мөнгө байтугай гадаадад ганц ч дансгүй, Швейцарьт царцаагдаад байгаа тэр данс нь өөрийнх нь биш Монголын жирийн нэгэн бизнесмэнийх болж таарав. Үүнийг хуулийн байгууллага нягталж тогтоох асуудал учир ингээд орхие.
С.Баярцогтын дуулианы цунамид хамгийн хүчтэй өртсөн нь Ардчилсан Нам болов. Мэдээж, энэ мэдээлэл намыг муухай харагдуулж таарна. Reuters-ийн мэдээг бүрэн орчуулж дуусаагүй шахам байхад тус намын Улс Төрийн Зөвлөл "болдоггүй” гишүүнийхээ асуудлыг яаравчлан хэлэлцэв. С.Баярцогттой холбоотой асуудлаар АН-ын Улс Төрийн Зөвлөл хуралдаж, Үндсэн дүрмийн хороонд шийдвэр гаргуулахаар ханджээ. Тус дүрмийн хороо АН-ын үндсэн дүрмийн 5 дугаар бүлгийн хэд хэдэн заалт болон Улс Төрийн Зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг үндэслэн намын гишүүнчлэлээс хасах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ.
Тус намын Улс Төрийн зөвлөлийн мэдэгдэлд "Монгол Улсаа төлөөлж гадаадын Хөрөнгө оруулагч нартай гэрээ хэлцэл байгуулахдаа эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам эвсэл, нэр нөлөө үл харгалзан хатуу шийтгэл хүлээх ёстой”-г дурдсан. Харин С.Баярын Засгийн газрын үеийн Сангийн сайд С.Баярцогттой холбоотой хэргийг хуулийн байгууллага эцэслэн шийдвэрлээгүй шалгагдаж байгаа асуудал. АН асуудлыг тодруулахаар Швейцарийн хуулийн байгууллагад албан хүсэлт гаргаад байгаагаа хэлсэн. Гэхдээ л тэд намаасаа хөөчихлөө. О.Магнай дарга үүнийгээ "АН нам дамжсан бүлгүүдээс өөрсдийгөө цэвэрлэж байгаа”-гийн нэг нь энэ гэж тодотгов.
С.Баярцогт хэвлэлийн хурал дээр намынхаа энэ алхмыг "Ардчилсан намын гаргасан шийдвэр бол нэмэгдэлтэй. Надаас хэн ч юу ч асуугаагүй. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Манай намын удирдлагууд ийм дуулиан шуугианыг далимдуулан маш богино хугацаанд намаас хөөж байна” хэмээн цаанаа л нэг гомдонгуй хэлнэ билээ. Мэдээж яаж ч баяртай байхав.
Үнэхээр ч мань эрийн хэлсэнчлэн шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад эзэн биетэй нь уулзалгүйгээр эчнээ гаргасан АН-ын шийдвэр аль хэр ардчилсан байв гэдэг нь асуулт араасаа дагуулж байна. Товчхондоо бол үүнийг "Ардчилсан намын ардчилалгүй шийдвэр” гэж харах хүн олон байх шиг. Яагаад гэвэл шийдвэр гаргах процесс нь намын дүрмийн түвшинд явагдсан ч гэлээ ардчилалгүй болчихлоо. Хэрэг эцсийн байдлаар нотлогдоогүй, 1989 оноос эхлэн энэ намаар овоглож ирсэн гишүүнээсээ ганц ч тайлбар авалгүй, асуудал тодорхойгүй, гадаадын агентлагийн мэдээллийг даган ханарч яаран сандран намаасаа хөөсөн нь ардчилалгүй, хөнгөн хуумгай байдлыг харуулав. Ингэж хэлэх нь С.Баярцогтыг зөвтгөж буй хэрэг биш юм.
Нөгөө талаасаа намын нэр хүндийг сэвтүүлж эх орны эрх ашгийг хөсөрдүүлсэн гишүүнтэйгээ хариуцлага тооцож байгаа нь сайн жишиг ч гэлээ олон нийтэд гоё харагдах гээд яарвал даарна гэгч болчихоогүй байгаа гэсэн санаа юм.
Өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн АН-ын гишүүд намынхаа байрны гадаа жагсаал хийсэн. Тэд энэ үеэрээ "Намын удирдлага удаа дараа үндсэн дүрмээ зөрчиж, шийдвэр гаргаж байгаад бид бухимдалтай байгаа”-гаа илэрхийлэхийн хамт "Ардчилсан нам бодлогын нам болохоос боссын нам биш”, "Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын дүрмээ зөрчихөө зогсоо” гэсэн үг үсэгтэй лоозон барьсан харагдана лээ.
Энэ ч бас л сануулга. Ардчилсан намд ардчилал хэр байгаа нь нэг л бүрхэг байна.
346 сэтгэгдэл