|

”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ? 
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны технологийг өвчтөний шинж тэмдгүүдэд дүн шинжилгээ хийх, өвчтөний өвчний түүхийг ашиглан өвчнийг эрт оношлоход өргөн хэрэглэж байна.
2025 онд AI загваруудыг шинэчилснээр эмнэлгийн дүрслэл, ухаалаг эмчилгээ, өвчтөний тусламж үйлчилгээ зэрэг илүү нарийн төвөгтэй хувилбаруудад AI бодит үйлчилгээ үзүүлж байна.
Одоогийн байдлаар оношилгоо, эмчилгээнд AI хэр их тэсвэр тэвчээртэй ажиллах бол? Технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед хүмүүс хэрхэн өөрийн байр сууриа олох вэ? Бид AI-тэй хэрхэн илүү сайн ажиллах вэ?
Өвчний зөвлөгөөнд оролцож буй 10 дахь "мэргэжилтэн"
Хаврын эхээр Бээжингийн Хүүхдийн эмнэлэгт нэгэн хүнд өвчний талаар олон тасгийн эмч нар уулзаж ярилцсан юм. Даруй чих, хамар, хоолой үзлэгийн тасаг, толгой хүзүүний мэс заслын тасаг, дархлааны тасаг болон арьсны эмчилгээний тасаг зэрэг тасгуудын есөн мэргэжилтэн хамтдаа сууж, хамар, нүүрний хавдартай 5 настай өвчтөний цаашдын оношилгоо, эмчилгээний төлөвлөгөөг хэлэлцэж ярилцлаа.
Цагаан халаадтай эмч нарын дунд хар хувцас өмссөн хоёр ажилтан компьютер ажиллуулж, өвчтөний өвчний түүхийг гаргаснаар мэргэжлийн оношилгооны зөвлөмжүүд дэлгэц дээр гарч ирлээ. Үүнд хамгийн магадлалтай онош, үгүйсгэх шаардлагатай онош, сайжруулах шаардлагатай шинжилгээг багтаасан зөвлөмжүүд мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байв. Энэ бол зөвлөгөөнд оролцож буй 10 дахь "мэргэжилтэн". Тэрээр Бээжингийн Хүүхдийн эмнэлэг болон Байчуань ухаалаг компани хамтран боловсруулсан Хятад улсын анхны "AI хүүхдийн эмч" юм
AI загварын онош хэр зөв бэ? Туршлагатай мэргэжилтнүүдтэй хэрхэн зөвлөлдөж эмчилгээ хийх вэ?
- Энэ нь мэдлэгийн дөрвөн үндсэн эх сурвалжтай. Нэгдүгээрт, сүүлийн таван жилд хэвлэн гаргасан хүүхдийн тасгийн сурах бичгийн бүх шинэ хэвлэлийн агуулга юм. Хоёр дахь нь сүүлийн таван жилд олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн хүүхдийн янз бүрийн өвчний тухай өгүүллүүд юм. Гурав дахь нь Үндэсний Хүүхдийн Эрүүл Мэндийн Төвд олон арван жилийн турш хуримтлуулсан хүнд хэцүү, хүнд тохиолдлууд юм. Дөрөвдүгээрт, 300 гаруй хүүхдийн мэргэжилтэнтэй хийсэн ярилцлага гэж энэ удаагийн зөвлөгөөнийг даргалсан Үндэсний Хүүхдийн Эрүүл Мэндийн Төвийн захирал, Бээжингийн Хүүхдийн эмнэлгийн дарга Ни Шинь ярилаа.
Эдгээр мэдээлэлд тулгуурлан “AI хүүхдийн эмч”-ийг 02-р сарын 13-нд албан ёсоор ашиглаж эхэлснээс хойш хэд хэдэн зөвлөгөөнөөр янз бүрийн салбарын мэргэжилтнүүдийн дүгнэлттэй нийцэж чадна гэдгийг ойлгож байна.
Дараагийн алхамд Бээжингийн Хүүхдийн эмнэлэг нь Хэбэй болон бусад мужуудын анхан шатны эмнэлгүүдэд AI хүүхдийн эмчийг сурталчлах болно. Ингэснээр илүү олон хүүхэд муж орноосоо гаралгүйгээр хүүхдийн өндөр чанартай эмчилгээг хүртэх боломжтой.  
AI технологи нь оношилгоог илүү үнэн зөв нарийвчлалтай болгохоос гадна эмнэлзүйн онцлог, эмчилгээний загварыг "дахин засварлах" боломжтой.
Цочмог цус дутагдлаар тархинд цус харвахыг  “Тархины цус харвалт” гэдэг. Тархины цус харвалт нь маш аюултай тул харвалт өгсөн даруйд 4.5 цагийн доторх эмчилгээ нь түүний тархины үйл ажиллагааг сэргээж чадах эсэхэд маш чухал юм. Харин уламжлалт эмчилгээ бол өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлж, олон удаа үзлэг, оношилгоо, зураг дүрслэл, лаборатори хийдэг бөгөөд энэ нь хэдэн цагийн турш үргэлжилдэг.
Энэ цагийг хэрхэн богиносгож болох вэ? Мэдрэлийн өвчин судлалын Үндэсний Клиник Судалгааны Төвийн Тяньтань зураг дүрслэлийн судлалын төвийн орлогч захирал Жин Жин:
- AI зэрэг технологийг ашиглаж үйл явцыг сайжруулах нь 'асуудлыг шийдвэрлэх' түлхүүр юм гэж хэллээ.
AI–ийн зураг дүрслэлийг илүү нарийвчлалтай боловсруулах технологийн тусламжтайгаар жижиг хэмжээтэй, хөдөлгөөнтэй бөгөөд ердийн MRI-тэй ижил төстэй шинжилгээний хариу авах боломжтой. Энэ нь үзлэг хийх цагийг хэмнэж, эмчилгээний өмнөх зураг дүрслэлийн үнэлгээг ердөө таван минутад хийж дуусгах боломжтой болохыг судлаачид хэллээ.
Тяньтань эмнэлэг нь эмнэлзүйн үнэлгээ, дүрс оношилгоо, эмчилгээг шинэлэг байдлаар хослуулан 32 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий "Яаралтай цус харвалтын тасаг" -ийг байгуулсан байна. Энэ нь эмнэлэгт орохоос эхлээд эмчилгээ хийх хүртэлх хугацааг 20 минут хүртэл богиносгодог. "Яаралтай цус харвалтын тасаг"-ийг Хятадын олон мужийн 30 орчим эмнэлэгт нэвтрүүлжээ.
Нийт улс орны хэмжээнд илүү олон эмнэлгүүд AI-аар эмнэлзүйн оношилгоо, эмчилгээ, эмнэлгийн нөөцийн менежмент зэрэг үндсэн хувилбаруудад оролцох боломжийг хурдасгаж байна.
Бээжингийн Чинхуа Чангэн эмнэлгээр жишээлэхэд, одоогийн байдлаар бүх тасгууд DeepSeek том загвартай холбогдсон бөгөөд ухаалаг туслах оношилгоо, эмнэлзүйн судалгаа, анагаах ухааны боловсрол, удирдлага, менежментийн үйл ажиллагаа зэрэг талын ажлын үр дүнг дээшлүүлж байна.
Эмч нарын үнэ цэн бүр ч илүү тод харагдаж байна
AI эмнэлгийн үйлчилгээнд илүү их тусламж үзүүлж, тэр ч байтугай ер бусын үр дүн, нарийвчлалыг харуулж байгаа юм. AI нь эмч нарыг "ажил алдуулах" уу?  гэж олон хүн санаа зовж байна.
-Би тэгж бодохгүй байна гэж Ни Шинь хэлэв. 2022 оноос эхлэн Үндэсний Эрүүл Мэндийн Комисс болон Хятадын Уламжлалт Анагаах ухааны газар хамтран "Интернетийн оношилгоо, эмчилгээнд хяналт тавих нарийвчилсан дүрэм (туршилт)” гаргасан. Дүрэмд: Эмнэлгийн байгууллагууд интернетээр оношилгоо, эмчилгээний үйл ажиллагаа явуулахад жорыг эмнэлгийн эмч нар гаргах ёстой. Жорыг автоматаар гаргахыг хатуу хориглосон байна. Энэ нь AI зөвхөн онош, эмчилгээний зөвлөмж өгч чадахаас биш эцсийн онош, эмчилгээний төлөвлөгөөг эмч өөрөө шалгах хэрэгтэй гэсэн үг юм.
Анагаах ухааны салбар өөрийн гэсэн онцлогтой бөгөөд өвчтөний аюулгүй байдал үргэлж нэгдүгээрт байдаг. Эмч нарын удирдлага дор AI оношилгоог сайжруулах нь хамтын ажиллагааны хамгийн тохиромжтой загвар юм. AI-г хэр өргөн ашиглах нь хамаагүй, харин хамгийн эхний хариуцлагыг зөвхөн эмч л үүрч чадна гэж Анагаах ухааны шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл "Эрүүл мэндийн салбар"-ын гүйцэтгэх ерөнхий редактор Жэн Юйжюүнь хэлэв. Тэрээр хэдэн жилийн өмнөөс эхлэн "AI эрүүл мэндийн үйлчилгээ"-ний талаар анхаарч ирсэн юм.
Бээжингийн Чинхуа Чангэн эмнэлгийн Анагаах ухааны шинжлэх ухааны төвийн захирал Ли Дүн:
- Хэдийгээр AI нь их хэмжээний өгөгдөлд найдаж олон талбарт ухаалаг туслах оношилгоо хийдэг ч одоогоор эмч нарыг орлож чадахгүй гэж хэлэв.
Үүнийг AI хүүхдийн эмч нарын судалгаа, хөгжил баталж байна. Байчуань ухаалаг компанийн хариуцсан холбогдох албаны хүн:
- Хүүхдийн 300 гаруй мэргэжилтэнтэй ярилцлага хийж, тэдний оношилгоо, эмчилгээний санааг  "AI-д заах" боломж олгосон байна гэж хэлэв.
Үүнээс гадна, AI-гийн чадавх хурдацтай өргөжин тэлж байгаа үед хүмүүнлэгийн тусламжийн салбарт эмч нарын үнэ цэн буураагүй, харин илүү тод харагдаж байна гэдгийг олон мэргэжилтэн байнга дурдаж байсан юм.
Анагаах ухаан бол практик шинжлэх ухаан. Ирээдүйд анагаах ухааны боловсрол нь онол, практикийг нягт уялдуулан хөгжүүлэхэд илүү их анхаарал хандуулж, оюутнуудын практик боломжуудыг нэмэгдүүлж, эмнэлгийн туршлага хуримтлуулах ёстой гэж Жэн Юйжюүнь хэлэв.
Засаглалыг AI-гийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлнэ
 "AI эмч" маш хурдан ажиллаж эхэлснээр эмч нарын үнэ цэнийн талаар бодохоос гадна, эм эмнэлгийн салбарынхан ч бас тунгаан бодох асуудал юм. Тоо баримтын засаглал, салбарын зохицуулалтын өнөөгийн түвшин технологийн хөгжилтэй нийцэж байна уу?
Ли Дүн:
- AI загварын технологи нь эмнэлгийн үйлчилгээнд бодит ашиг тусыг авчирч, мэргэжилтнүүд болон хяналтын байгууллагууд AI-гийн учруулж буй сорилт бэрхшээлүүдийг нухацтай авч үзэх хэрэгтэй гэж хэлэв.
Нэг. Өгөгдлийн чанар нь AI-г ухаалаг эрүүл мэндийн салбарт үр дүнтэй ашиглаж чадах эсэх түлхүүр юм.
Бээжингийн Чинхуа Чангэн эмнэлэг мэргэжлийн түвшний AI ухаалаг туслахыг ажиллуулав. Зөвхөн мэргэжлийн оношилгоо, эмчилгээний хэлбэрээр боловсруулсан стандартчилсан, өндөр чанартай мэдээллийг эзэмшсэнээр л AI загвар чухал үүрэг гүйцэтгэж чадна. Энэ зорилгын тулд эмнэлгийн мэдээлэл цуглуулах, хадгалах, хуваалцах талаар холбогдох дүрэм журмыг аль болох түргэн гаргахыг холбогдох хэлтсүүдэд уриалан гаргах хэрэгтэй гэж Ли Дүн хэллээ.
Хоёр. Эмнэлгийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал нь бас үл тоомсорлож болохгүй асуудал юм.
Бээжингийн Хүүхдийн эмнэлэг нь AI хүүхдийн эмчийг судалж, хөгжүүлэх явцад өвчтөний нэр, биеийн үнэмлэхийн дугаар, гэрийн хаяг зэрэг оноштой холбоогүй нууцлалын мэдээллийг илрүүлэхгүй. Бээжингийн Чинхуа Чангэн эмнэлэг нь орон нутгийн байршуулалт болон сүлжээг таслах аргаар гуравдагч талын байршлаас үүдэлтэй аюулгүй байдлын эрсдэлээс зайлсхийсэн байна.
Эцэст нь засаглалын удирдлага хяналтын чадавхыг AI-гийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэхийн тулд "Анагаах ухаан ба орчин үеийн инженерийн технологи харилцан уялдсан авьяас чадварын боловсон хүчин"-ийг аль болох түргэн хүчирхэг хөгжүүлэхийг хэрэгтэй.
Эмч, өвчтөнүүдийн бодит хэрэгцээг хангахын тулд AI-гийн чадавхыг хэрхэн ашиглах вэ? Эрүүл мэндийн үйлчилгээний чадавхыг дээшлүүлэх хил хязгаар хаана байна вэ? Хууль тогтоолын түвшинд ямар зохицуулалт, хязгаарлалтууд тавих ёстой вэ гэх зэрэг. Энэ нь компьютер болон хиймэл оюун ухаан хэрхэн ажиллах зарчмыг ойлгох төдийгүй, маш их эмнэлгийн туршлага хуримтлуулах шаардлагатай.
Одоогийн байдлаар эмнэлгийн салбар “Анагаах ухаан ба орчин үеийн инженерийн технологи харилцан уялдах”-ыг дэмжиж байна. Гэхдээ ирээдүйд “Анагаах ухаан ба орчин үеийн инженерийн технологийг харилцан уялдуулах” нь хангалтгүй гэж би боддог. AI нь эмч нарын ажиллах арга барил, эмнэлгийн оношилгоо, эмчилгээний загвар, тэрчлэн нийгмийн бүхэл үйл ажиллагааг шинэчлэн засварлаж байгаа учраас засаглалыг AI-гийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэхийн тулд энэ хоёр салбарын мэдлэг, сэтгэх арга барилыг гүн гүнзгий нэгтгэх шаардлагатай гэж Ли Дүн хэлэв.
Бээжин хотын Тяньтань эмнэлгийн судлан гаргасан “Яаралтай цус харвалтын тасаг”.  Зургийг: Бээжин хотын Тяньтань эмнэлэг  
 
2024 оны 10-р сарын 17-нд Жиансү мужийн Наньтүн хотын Түнжөү дүүргийн Ардын эмнэлэгт ухаалаг роботууд эмч нарт мэс засал хийхэд тусалжээ. Зургийг: ЖАЙ ХҮЙЮҮН
 
 
Эмчилгээний талаар зөвлөлдөх үеэр Бээжингийн Хүүхдийн эмнэлгийн AI хүүхдийн эмчээс оношилгоо, эмчилгээний төлөвлөгөөг танилцуулж байна.Зургийг: ХҮӨ МИНЬХАНЬ 
 
 
Зохиогч:
Нийтлэл: ХҮӨ МИНЬХАНЬ, ВАН МЭЙХУЙ
Найруулагч:
Редактор: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:
Солонго сэтгүүл

0 сэтгэгдэл