|

ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600 гаруй сая тонн нүүрс зарах байжээ


Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр зам бараг одоогоос 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орох байсан ч Монголын тал өргөн царигтай төмөр зам барьсан. Мөн олон нийтийн дунд зарим хэсэг нь "Танк орж ирэх гэж байна", "Төмөр замаар Хятадууд вагоноор орж ирнэ" гэх хийрхсэн улстөржилтийн улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацаанд орсон. Үүний улмаас бид ямар хэмжээний боломжийг алдсан бэ гэдэг нь асуудал дагуулаад буй.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ "Төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан гэх тооцооллыг манай яамнаас гаргасан. Харин Хятадын талаар 2.3 орчим тэрбум ам.долларын алдагдал, зардал хүлээсэн.
Хил холболтын төмөр зам холбогдсоноор манай улс нийтдээ 120 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэнэ" гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл бид 2015-2024 оны хооронд буюу сүүлийн 10 жилд Монгол Улс хэчнээн хэмжээний нүүрсийг экспортод гаргасан талаарх мэдээллийг Гаалийн Ерөнхий газрын эх сурвалжтайгаар хүргэж байна. Тодруулбал,
-2015 онд 14.4 сая тонн байсан нүүрсний экспорт 2023 онд 69.6 саян тоннд хүрчээ-
2015 онд 14.4 сая тонн, 2016 онд 25.6 сая, 2017 онд 33.0 сая, 2018 онд 35.8 сая, 2019 онд 36.5 сая, 2020 онд 28.6 сая, 2021 онд 15.7 сая, 2022 онд 31.7 сая, 2023 онд 69.6 сая, 2024 оны 12-р сарын 1-ний байдлаар 74.2 сая тонн нүүрсийг экспортолсон байна.
Өөрөөр хэлбэл, нийт 365.1 сая тонн экспортолсон гэсэн үг. Хэрвээ сайд Ц.Туваан хэлсэн 232 сая тонн нүүрсийг экспортолж чадсан бол нийт 597.1 сая тонн нүүрс экспортлох боломж байжээ.

0 сэтгэгдэл