Оюутан залуусын ирээдүйн амжилтыг нээхэд чиглэсэн олон санаачилга, боломжийг санал болгодог байгууллага бол ХААН Банк. Ялангуяа мэдээллийн технологийн салбарт залуусын оролцоо, ур чадвар маш чухал байдаг тул энэ чиглэлд тус банкны зүгээс онцгой анхаарал хандуулж, залуу үеийнхэнтэй хамтран ажиллах боломжийг байнга эрэлхийлдэг. Үүний нэг жишээ бол "Цалинтай дадлагажих хөтөлбөр" юм. Энэхүү хөтөлбөрийг ХААН Банк зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад онолын мэдлэгээ бодит ажил дээр хэрэгжүүлэх боломжийг олгодог.
2024 оны хувьд тус хөтөлбөрт нийт 39 оюутан хамрагдаж, ХААН Банкны Мэдээлэл технологийн газруудад цалинтай дадлага хийлээ. Оюутнууд энэ хугацаанд банкны дотоод системийн хөгжүүлэлт, автоматжуулалтын шийдлүүд, дижитал бүтээгдэхүүнүүдийн сайжруулалт зэрэг олон чухал төсөлд оролцон мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлсэн юм.
Paid internship гэж юу вэ?
Paid internship буюу цалинтай дадлага нь оюутан, залууст мэргэжлийн чиглэлээрээ бодит ажлын орчинд ажиллан онолын мэдлэгээ практиктай хослуулж, ажлын туршлага хуримтлуулах боломжийг олгодог хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудыг их сургуулийн ширээнд сурсан зүйлсээ бодит нөхцөлд хэрэгжүүлэхэд тусалж, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг онцлогтой.
Харилцаа холбоо үүсгэх нь
Дадлагажигч залуус зөвхөн мэргэжлийн ур чадвараа хөгжүүлээд зогсохгүй нэгдмэл хамт олны нэг хэсэг болдог. Тиймдээ ч хөтөлбөрийн явцад харилцан нэгнээсээ суралцах, туршлага солилцох, мэргэжил нэгтнүүдтэйгээ урт хугацааны харилцаа холбоо үүсгэдэг. Энэ нь зөвхөн банкны төдийгүй, Монголын мэдээллийн технологийн салбарын ирээдүйн лидерүүдийн сүлжээг бий болгох үндэс суурийг тавьж байна. Мөн аливаа шинэ санааг хамтдаа эрэлхийлж, асуудлыг шийдвэрлэх чадвартай багийг бий болгож, ирээдүйд хамтдаа томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг авчирдаг нь энэ хөтөлбөрийн нэгэн чухал давуу тал юм.
Карьерын сууриа тавих боломж
Карьерынхаа эхлэлийг зөв тавих нь залуу мэргэжилтнүүдийн амжилтын гол түлхүүр юм. Хөтөлбөрт хамрагдсанаар оюутнууд зөвхөн онолын мэдлэгээ гүнзгийрүүлэхээс гадна, бодит ажлын орчинд ажиллах туршлага хуримтлуулж, ирээдүйн карьераа амжилттай эхлүүлэхэд шаардлагатай бүхий л ур чадваруудыг эзэмших боломжтой. Тухайлбал, дадлагажигчид банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцон төслийн багийн гишүүн болж ажиллахдаа асуудал шийдвэрлэх, төсөл удирдах, бусадтай харилцах зэрэг ур чадваруудыг эзэмшдэг. Мөн дадлага хийх явцад оюутнуудын зорилго, хүсэл тэмүүлэл тодорхой болж, ирээдүйн карьераа ямар чиглэлд хөгжүүлэхээ ойлгож авдаг. Тиймээс тус хөтөлбөр зөвхөн нэг удаагийн дадлага биш, харин ирээдүйн мэргэжилтнүүдийн амжилтын замыг нээх чухал алхам юм.
Менторуудаас суралцах нь
Нэг зүйл онцолбол, “Цалинтай дадлагажих хөтөлбөр” нь оюутан залууст мэдээлэл технологийн салбарын шилдэг менторуудаас суралцах боломжийг олгодог. Тэдний өгсөн зөвлөгөө, чиглүүлэг нь оюутнуудын ирээдүйн карьерт томоохон түлхэц болж, амжилтын замыг нээхэд тусалдаг.
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цахимжуулах чиглэлд мэргэжлийн хүчирхэг баг ажилладаг. Харин оюутан залуус энэ багийн туршлагатай мэргэжилтнүүдээс зуны турш суралцдаг. Мэдээллийн технологийн тасралтгүй ажиллагааны захирал Д.Жанибек тус хөтөлбөрийг дүгнэн ярихдаа "Цалинтай дадлагажих хөтөлбөр нь залуу үеийнхэнд мэдлэг, туршлага, ур чадвараа хуваалцах боломж юм. ХААН Банкны мэдээллийн технологийн газарт дадлагажих нь оюутнуудад зөвхөн мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхээс гадна, бодит төсөл дээр ажиллах, асуудлыг шийдвэрлэх, хамт олонтой нягт харилцаатай ажиллах зэрэг олон талын туршлагыг хуримтлуулах боломжийг олгодог. Миний хувьд энэ хөтөлбөрт оролцсон оюутнуудын эрч хүч, санаачилга, суралцах хүсэл эрмэлзэл маш их таалагдлаа. Бид тэдэнд зөвхөн практик ур чадвар олгоод зогсохгүй, өөрийгөө нээх, ур чадвараа хөгжүүлэх, ирээдүйн карьераа зөв чиглүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг зорилоо" гэлээ.
Оюутнуудын сэтгэгдэл
Тус хөтөлбөр нь залуусын хувьд мэргэжлийн туршлага олж авах, цаашдын карьерын чиглэлээ тодорхойлоход томоохон боломжийг олгожээ. Тухайлбал ШУТИС-ийн Мэдээлэл Холбоо Технологийн сургуулийн оюутан Ш.Хангарьд "Сайхан хамт олны дунд орж, нэгэн гэр бүл шиг болж ажилласан нь үнэхээр гайхалтай байлаа. Эхэндээ ийм дотно, найрсаг уур амьсгалтай гэж төсөөлөөгүй ч, хамт олон минь намайг элгэмсгээр хүлээн авсан. Дадлагын сүүлчийн өдөр зуслангийн хамгийн сүүлчийн өдөр шиг гунигтай байлаа. Ямартай ч би сургуулиа төгсөөд ХААН Банканд ажиллана гэсэн хамгийн эхний зорилго минь тодорхой болсон" гэв.
ШУТИС-ийн оюутан З.Эгшиглэн “Энэ дадлагаар шинэ мэдлэг, туршлага хуримтлуулж, олон найз нөхөдтэй боллоо. Найз залуутайгаа хамт хөтөлбөрт тэнцэж, дадлага хийх боломж олдсон. Багийн эерэг уур амьсгал, хамтран ажиллагсдын дэмжлэг, хамтын хөгжилд чиглэсэн орчин нь бусад байгууллагаас онцгой санагдсан. Жилийн өмнө тавьсан “ХААН Банканд ажиллана” гэсэн зорилгодоо хүрч, одоо хичээлийнхээ хажуугаар банканд үргэлжлүүлэн ажиллах болсондоо баяртай байна” хэмээлээ.
Эгшиглэнгийн хувьд дадлага нь зөвхөн ажлын туршлага хуримтлуулах биш, харин ирээдүйн карьерынхаа чиглэлийг тодорхойлох маш чухал алхам болсон байна. Найрсаг хамт олон, ажиллах эерэг уур амьсгал нь түүний хувьд урт хугацааны карьерын зорилгоо биелүүлэх замыг нь нээж өгчээ.
Бодит хувь нэмэр
Цахим банкаар тэргүүлэгч ХААН Банк цаашид ч дотоодын боловсролын салбарыг дэмжиж, ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх зорилгоор “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийг тасралтгүй хэрэгжүүлэх аж. Энэ нь зөвхөн банкны салбарт ч бус, Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй томоохон үйл хэрэг юм.
0 сэтгэгдэл