|

Түүртэх учиргүй ХОХИРОЛ


Саяхныг хүртэл манай улсад сэтгэл санааны хохирлыг тогтоох жишиг үнэлгээ байгаагүй. Үүний улмаас бусдад үл харагдах, биет бус хохирлоо иргэд тэр бүр үнэлүүлж, барагдуулах боломжгүй байсан. Тэгвэл Монгол Улс 2023 оны долоодугаар сарын 3-наас анх удаа хүний сэтгэл санааны хохирол, амь насыг үнэлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Улмаар Улсын дээд шүүхээс сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх жишиг загварыг баталсан. Ингэснээр эд материалаас гадна сэтгэцийн эрүүл мэндэд учирч байгаа хохирлыг үнэлж барагдуулдаг тогтолцоо бий болов.
Гэвч уг хууль хэрэгжиж эхлээд хагас жилийн хугацаа өнгөрч байхад иргэдийн дунд хуулийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг хэвээр. Нөгөө талдаа уг хууль учир дутагдалтай засаж, залруулах асуудал их байгааг хуульч, судлаач нар шүүмжилж буй.
Эдийн бус хохирлын эрэн үе
“Сэтгэцэд учирсан хор уршиг” буюу сэтгэл санааны хохирол гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг хэлдэг байна. Түүнчлэн “Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгоно. Мөн сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно хэмээн Улсын дээд шүүхээс гаргасан тогтоолд тусгажээ.
Олон улсын практикт сэтгэл санааны хохирлын аргачлалыг хүнд, хөнгөн, хүндэвтэр хэмээн гурав ангилж авч үздэг байна. Түүнчлэн олон улсад янз бүрийн аргачлалаар хохирогчийн сэтгэл санааны нөхөн төлбөрийг тогтоодог. Тухайн орны нийгэм, эдийн засгийн байдал, хөгжлийн түвшин, ДНБ зэргээс шалтгаалаад харилцан адилгүй. Жишээлбэл, АНУ-д сэтгэл санааны хохирлыг тогтоох дээд хэмжээг зааж өгч, нэр төр, алдар хүндэд халдсан, гүтгүүлсэн, доромжлол амссан тохиолдол олон сая ам.долларын нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой байдаг аж.
Харин манай улсын хувьд “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг таван зэрэглэлд хуваан ангилсан. Дээд шүүхээс баталсан жишгээр сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу нэгдүгээр зэрэглэл 0-3 хувь, хоёрдугаар зэрэглэл 4-8 хувь, гуравдугаар зэрэглэл 9-15 хувь, дөрөвдүгээр зэрэглэл 15-30 хувь, тавдугаар зэрэглэл 31-99 хувь гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хувьчлан тооцох юм.
Илүү тодорхойлбол хүний сэтгэцэд хохирол учруулсан бол 2.7 сая төгрөг болон түүнээс дээш 80 хүртэлх сая төгрөгөөр үнэлүүлж нөхөн төлбөр авах боломжтой аж.
Өмнө нь энэ төрлийн хохирлыг тодорхой тусгаагүй байснаар олон хүмүүс сэтгэл санаагаараа цаашлаад эд хөрөнгө, амь насаараа хүртэл хохирсоор ирсэн. Тэгвэл энэхүү хохирлыг барагдуулах хууль эрх зүйн орчин бүрдсэнээр биет бус хохирлын хэмжээ буурах эерэг үзүүлэлт гарч буйг салбарынхан онцолсон. Гэсэн хэдий ч шинэ хуулиар иргэн хохирлоо барагдуулахад нэлээдгүй их шат дамжлагыг давах шаардлагатай.
Төр завшиж, иргэн хохирдог тогтолцоо
Монгол Улсын хууль тогтоомжоос үүдээд аливаа гэмт хэргийн хохирогчид сэтгэл санаагаараа хохирч үлдэж, харин зарим тохиолдолд төр дундаас нь торгох арга хэмжээ авч завшиж өнөөдрийг хүрсэн. Тэгвэл эл байдлыг Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд засаж буйг салбарынхан онцолсон. Хэрэв хохирогч сэтгэл санааны хохиролтой гэж үзвэл уг хохирлоо тухайн гэмт этгээдээс нэхэмжлэх бүрэн боломжтой. Гэтэл уг хуулийн хүрээ зарим зөрчлийн хэрэгт үйлчлэхгүй байгааг өнгөрөгч нэгдүгээр сард болсон тохиолдол харуулсан юм.
Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр нохойгоо хөтөлж явсан өсвөр насны охиныг насанд хүрсэн эрэгтэй өшиглөж байгаа бичлэг цахим орчинд цацагдаж, иргэдийг багагүй бухимдуулсан. Улмаар тус хэрэгт цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, охины биед халдсан иргэнийг 300 мянган төгрөгөөр торгосон юм. Гэтэл энэ хэрэгт хохирогч охин сэтгэл санааны хохирлоо тухайн этгээдээс нэхэмжилж авах боломжгүй байсан юм. Учир нь манай улсад зөрчлийн хэрэгт сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин байдаггүй. Харин эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 84 гэмт хэрэгт сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн заалттай гэж тусгажээ.
Уг заалтад хүн амины, хүний эрүүл мэндийн эсрэг, хүний бэлгийн эрх чөлөөний эсрэг, хүний халдашгүй чөлөөтэй байхын эсрэг, ялгаварлан гадуурхлын эсрэг, хүүхдийн эсрэг гэмт хэргүүд бүхэлдээ мөн сонгуулийн үеийн худал мэдээлэл тараах хэргүүд, хулгай, дээрэм, залилан, байгаль орчин бохирдуулах, зам тээврийн хэрэг, эрүү шүүлт тулгах зэрэг эрүүгийн төрлийн гэмт хэргүүд хамаарч байгаа юм. Харин зөрчлийн төрлийн хэрэгт сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх боломжгүй. Ийм зүйл заалт тусгагдаагүй байгаа юм. Иймд шинээр батлагдсан хуулийг дахин нэг өндийж харах шаардлага бий болж буйг хуульч, судлаач нар хэлж буй.
Түүртэх учиргүй ХОХИРОЛ“АКР” хуулийн фирмийн хуульч Б.Ариунзаяа
"Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Эдийн бус хохирол”-ыг “Сэтгэцэд учирсан хохирол” гэж оруулсан нь буруу. Харин олон улсын нэршлээрээ “Эдийн бус хохирол” гэж тусгах нь зүйтэй байсан. Тухайлбал “Сэтгэц” гэдэг үгийг ашигласны улмаас сэтгэцийн өөрчлөлттэй, сэтгэцийн эмгэгтэй болж байж, энэ төрлийн хохирлоо шаардах эрхтэй хэмээн ойлгогдохоор байна. Мөн энэ хуулиар сэтгэл санааны хохирлоо тодорхойлуулахын тулд заавал шүүх шинжилгээний байгууллагад очиж, сэтгэцийн байдлаа шалгуулах, үйл явдлыг дахин ярих шаардлагатай болж байна. Тухайлбал, тухайн хохирогч цагдаад гомдлоо гаргана, өмгөөлөгчдөө ярина, дахиад сэтгэл санааны хохирлоо шаардахын тулд шинжээч эмчид ярих болж байгаа юм. Ингэж хохирогчийг дахин сэтгэл санаагаар хохироох шаардлагагүй. Олон улсын жишгээс харахад Япон, Герман, ОХУ, АНУ зэрэг улсад сэтгэл санааны хохирлоо шаардах эрхийг хуулиар зохицуулсан байдаг. Гэхдээ заавал гуравдагч этгээд буюу шинжээчээр нотлуулсан байхыг шаарддаггүй. Түүнчлэн зөвхөн 84 төрлийн гэмт хэрэгт хязгаарлаж байгаа нь учир дутагдалтай."
Ийнхүү манай улс олон улсын жишгийн дагуу иргэдийнхээ сэтгэл санаанд учирсан эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх чухал алхмыг хийлээ. Гэхдээ ойлгомжгүй, учир дутагдалтай зүйлс олон байна. Хүний эрхийг дээдэлсэн ардчилсан улсад энэ төрлийн тогтолцоо ус агаар мэт хэрэгтэй ч чирэгдэлгүй, хүртээмжтэй зохион байгуулах нь нэн чухал.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

0 сэтгэгдэл