|

Шинэ удирдагч Тайвань, Хятадын харилцааг хэрхэн өөрчлөх вэ


Тайванийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн үр дүн Бээжинд муу мэдээ болж, хоёр талын хүйтэн харилцаа цаашид ч үргэлжлэх болно гэж шинжээчид үзэж байна. 
Тайваний эрх баригч Ардчилсан дэвшилт намаас (АН) гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдов. Энэ нь тус арал 1996 онд анхны даргаа сонгосноос хойш нэг ч улс төрийн нам Засгийн эрхэнд хоёроос илүү удаа үлдэж байгаагүй амжилтыг эвдсэн юм.  Бүрэн эрхийн хугацаа нь албан ёсоор эхлээгүй байгаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Виллиам Лай Чинг-тэ ялалт байгуулсныхаа дараа хэлсэн үгэндээ “Тайвань дарангуйллын эсрэг ардчиллын талд зогсохыг сонгосон” гэжээ.
Бээжин Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний сүүлийн 10 жилийн засаглалын үед тус улс ардчилсан засаглал бүхий аралтай “дахин нэгдэх” шийдвэрээ эрчимжүүлсэн. Бээжин сонгуулийн өмнө Тайванийн санал хураалтыг  дайн ба энхтайван хоёрын хоорондох сонголт хэмээгээд  Лайг Ерөнхийлөгчөөр сонгогдвол бүс нутгийн энхтайванд заналхийлэх аюултай салан тусгаарлагч гэж буруутгасан.
Тайваний Үндэсний Ченчи их сургуулийн улс төр судлаач Лев Начман DW-д  өгсөн ярилцлагадаа "Бээжин Лайд сэтгэл хангалуун бус байна. Энэ бол муу мэдээ, учир нь тэдний ялахыг хүсээгүй хүн ялсан" гэжээ. Тамкангийн их сургуулийн харилцааны мэргэжилтэн Чан Ву-уэ Хятадын ихэнх албаны хүмүүс ийм үр дүнг урьдчилан харж, хариу арга хэмжээ авахад бэлдэж байсан гэдгийг онцолсон байна. Тэрээр "Сонгуулийн өмнөх цэргийн сүрдүүлгийн арга хэмжээ, эдийн засгийн дарамт сонгуулийн дараа  эрчимжих магадлал өндөр байна” гэв.
Хятадаас 100 милийн зайд орших Тайвань бол дэлхийн хамгийн чухал галын цэгүүдийн нэг юм. АН засаг барьсан сүүлийн найман жилд хоёр талын албан ёсны яриа хэлэлцээ түр зогссон. Лай засгийн эрхэнд гарах гэж байгаатай холбогдуулан Вашингтон болон барууны бусад ардчилсан орнууд түүний Хятад дахь бодлого нь хоёр эргийн харилцааг хэрхэн өөрчлөхийг анхааралтай ажиглаж байна. Эрдэмтэн Начман "Дайн болно гэж би бодохгүй байна. Гэхдээ илүү мөстэй харилцаа цаашид үргэлжлэх төлөвтэй байна” гэжээ. Сингапурын Үндэсний их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Чонг Жа Иан “Ши Жиньпин Тайваний сонгуулийн үр дүнд  сэтгэл дундуур байгаа бөгөөд Тайваньд үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа ч БНХАУ-ын эдийн засаг хүнд байгаа энэ үед нөхцөл байдал  хурцадмал байдалд шилжихээс эмээж байж магадгүй” гэсэн байна.

0 сэтгэгдэл