|

ХААН Банк БНСУ-ын Шинхан банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа


Харилцагчдын хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа өнөө үед дэлхийн санхүүгийн байгууллагуудын хэрэгжүүлж буй томоохон санал санаачилга, цахим өөрчлөлтийг харилцан дэмжиж, хамтран ажиллахаар ХААН Банк БНСУ-ын Шинхан банктай дижитал шилжилтийн стратегийн түншлэл чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Шинхан банкны дэд ерөнхийлөгч Су Хан Лим болон ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр нар оролцсон юм. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Шинхан банк өөрийн дижитал стратеги, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цахим шинэчлэл, харилцагч төвт дижитал инновацийн үйлчилгээ болон нөүхауг хуваалцах, биет болон дижитал салбар хоорондын уялдаа холбоо, ажилтнуудын үр ашигтай байдлыг сайжруулах, шинэлэг дижитал дэд бүтцийг бий болгох тал дээр зөвлөх зэрэг ХААН Банктай өргөн хүрээнд идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлэхээр болсон байна.
ХААН Банкны төлөөллүүд өнгөрсөн жил хоёр ч удаа Шинхан банкны төв оффист зочилж, дижитал инновацын шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ болон Сөүл хотын төвд нээгдсэн DIGILOG дижитал салбартай танилцсан бөгөөд энэхүү жишгээр өнгөрсөн 4-р сард өөртөө үйлчлэх банкны  Digi Go дижитал салбараа Яармагт жишиг болгон байгуулаад буй. Ингэснээр бид харилцагчидтайгаа улам ойртож, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг өөртөө үйлчлэн шуурхай авах боломжийг бүрдүүлээд байна.
Шинхан банк нь дижитал шилжилтээр улсдаа тэргүүлэгч, шилдэг банк бөгөөд Японы Киробаши санхүүгийн группт дижитал шилжилтийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, цахим үйлчилгээний шилдэг туршлагаа хуваалцаж байсан бол энэ удаа Монгол Улсын хамгийн том банк ХААН Банктай ийнхүү хамтран ажиллаж, дижитал шилжилтийн “нөүхау”-гаа “экспортлох”-оор болжээ.
зураг 
Шинхан банкны дэд ерөнхийлөгч Су Хан Лим “Монголын хамгийн том банк ХААН Банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь Шинхан банкны дижитал шилжилт дотоодод төдийгүй гадаадын улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж байгааг харуулж буйгаараа чухал ач холбогдолтой. Цаашид ч мөн дижитал инновацыг бид тасралтгүй хөгжүүлж, гадаадын улс орнуудад олон шинэ түнштэй болж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэж онцоллоо.
ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр “ХААН Банк дижитал шилжилтийг  хурдасгах, цахим үйлчилгээнүүдээ харилцагчдад амар хялбар, хүртээмжтэй болгох чиглэлд Шинхан банктай хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаадаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд ХААН Банк дижитал шилжилтийг амжилттай өрнүүлж, дэд бүтцийн сайжруулалтаас гадна технологийн шинэчлэлд томоохон хөрөнгө оруулалт хийгээд байна. Харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шинэлэг, найдвартай, шуурхай үйлчилгээ үзүүлж хамтдаа өсөх тэрхүү эрхэм зорилгодоо бид улам ойртон ажилласаар байх болно” гэв.
Ташрамд дурдахад, ХААН Банк 2006 онд Монголын арилжааны банкнуудаас хамгийн анх төлөөлөгчийн газраа БНСУ-д нээсэн  бөгөөд тус улсад ажиллаж амьдардаг монгол иргэддээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү ойртуулж, амар хялбар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Тухайлбал, БНСУ-ын Хана банктай хамтран Монгол руу хамгийн хямдаар, хурдан шуурхай мөнгөн гуйвуулга хийх “Hana EZ” үйлчилгээг нэвтрүүлээд буй билээ.  
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

0 сэтгэгдэл