Цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш хоёр дахь удаагаа -5.3 хувь хүртэл агшсан. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-д өргөн барьж батлуулсан "Шинэ сэргэлтийн бодлого" цар тахлын дараах эдийн засгийг тэлэх, босгоход зориулагдсан нь нэн ойлгомжтой. Цаашлаад Засгийн газар хөгжлийн том төслүүдийг эхлүүлнэ, хүртээмжтэй өсөлтийг хангана, экспортыг нэмэгдүүлнэ, хөрөнгө оруулалтыг дэмжихээ мэдэгдсэн билээ.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд эхний ээлжид 57 их наяд, бүрэн хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлууд, түүний гарц шийдлийн тухай зургаан багц асуудлын талаар ийн хөндөв. Ямартай ч уг бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр:
- Боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин,
- Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ.
Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасч, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болно. - "Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ хоёр дахин томорно гэж тооцоолжээ.
Нэгдүгээрт. Боомтын сэргэлтийн тухай
Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлэх зорилт тавьжээ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй "Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтууд багтаж байна. Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх аж.
Хоёрдугаарт. Эрчим хүчний сэргэлтийн тухай
Монгол Улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагаддаг. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дуусчээ. "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах зорилт дэвшүүлж байна. ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна. Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулах нь эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой.
Гуравдугаарт. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн тухай
Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.
Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа болно.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна. Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна. Газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь эдийн засгийн бие даасан байдлын чухал зорилтуудын нэг юм.
Дөрөвдүгээрт. Хот, хөдөөгийн сэргэлтийн тухай
Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна.
Их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна. Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж, үүнээс шалтгаалсан алдагдсан боломжийн өртөг сүүлийн арван жилд 11.8 их наяд төгрөг болжээ.
"Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн 30 жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулийн хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын арчаагүй, хариуцлагагүй байдлын төлөөс" гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс анх удаа 420 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Тиймээс Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг гурван чиглэлд 41 километр зайд барих ажлыг эхлүүлж, эхний шугамыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөж байна. Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулна. Богдхан төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал 50 хувиар буурч, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон худалдааны томоохон төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх суурь нөхцөл бүрдүүлнэ.
Тавдугаарт. Ногоон хөгжлийн сэргэлтийн тухай
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд "Хөх морь” үндэсний хөтөлбөрийг санаачилж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй өрнүүлнэ. Цөлжилт, бэлчээрийн доройтол, хүн малын ундны усны нөөц шавхагдсан нь малчдыг хэдэн аймаг дамжсан отор нүүдэл хийх, нийслэл хот руу шилжин суурьших гол шалтгаануудын нэг болж байна. Нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулах шаардлагатай.
Зургадугаарт. Төрийн бүтээмжийн сэргэлтийн тухай
Ид бүтээн байгуулалт урин цагт эхэлдэг, улирлын онцлогтой. Гэтэл Монгол Улсын төсөв арваннэгдүгээр сард батлагдан, төсвийн жил нэгдүгээр сард эхэлдэг. Тендер, сонгон шалгаруулалт, шүүхийн маргаан, бүх шатны шүүхээр заргалдсаар гэрээ ч байгуулж чадалгүй намартай золгодог. Тиймээс төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулахаар тус хөтөлбөрт тусгажээ.
Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавин, хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулахаар тусгажээ.
0 сэтгэгдэл