Ардчилсан нам тав хоногийн дараа Их хурлаа хийнэ. Өмнө нь их, бага ямар ч хурлаар даргаа солино гэсэн мөнхийн зодоонтой явж ирсэн. Уламжлалын дагуу "Намын удирдлагуудыг өөрчилнө” гэж дөвчигнөх хүн энэ удаад ч цөөнгүй байна. Гэвч дүрмээ өөрчилье гэсэн хэсэг нь жин дарж буй. Ингэснээр даргын төлөөх зодоон бус дүрмээ шинэчлэх тулаан эхэлжээ.
Дүрмээ өөрчилснөөр намын даргыг нийт гишүүдээс сонгодог байдлыг өөрчилж магадгүй гэх үг сонгуулийн дараа зарим гишүүний амнаас унасан. Энэ нь өмнөх шиг даргын сунгаа явуулахгүй гэсэн үг. Хэрэв ингэвэл ардчилалд харш гэж эсэргүүцэх хүн ч цөөнгүй байна. Даргын эрх мэдлийн цар хүрээ ямар байх, цаашлаад хэнийг дарга болоход шинэ дүрэм гишгүүр болох вэ. Санаатай эсвэл санамсаргүй цоорхойг байлгах эсэх гээд олон асуудлыг энэ шинэчлэлээр шийднэ. Бүлэг, фракцийн тохироо, толгойлогчдын зөвшилцөл энэ чиглэлд өрнөж байгаа бололтой.
АН-ын дарга анхнаасаа том эрх мэдэлтэй явж ирсэн. Хэнийг нэр дэвшүүлэхийг ганцаараа шийдэж, 100 саяар тогтохгүй мөнгө нэхнэ. Эсвэл тэрийг, энийг намаас хөөсөн, хассан гэх албан бичиг шидэлж дүрэмгүй авирлана. Намын байраа хүртэл зарж завшчихаад хариуцлага хүлээхгүй. Угаасаа 1990 оны ардчиллын дараа хувьчлал нэрээр төрийн өмчийн байшин савыг хурааж идэж хөлжсөн ашиг сонирхол нь энэ намынханд одоо ч байсаар. Тэр үед намын толгойд байсан хүмүүс хэвээр байгаа болохоор арга ч үгүй биз.
Нам доторх энэ мэт хуулиар зохицуулагдаагүй харилцааг гишүүд нь дүрмээр зохицуулах гэхээр гацчихдаг. Хуулиар зохицуулсан харилцаанд буруутай үйлдэл хийсэн этгээд ял шийтгэл хүлээдэг бол дүрмээр зохицуулахаар суларчихдагт гол учир нь бий. Намын дарга нь ингэж даварсаар АН хоёр ч ялагдал хүлээснийхээ дараа л алдаагаа дүрмээсээ хайж засч сайжруулахаар болж байна.
Дүрмийн шинэчлэлийг 2016 оныхоос илүү чамбай болгох, дагаж мөрдөх тал дээр ч ахиц гарна гэж зарим нь тооцоолж буй бололтой. 2016 оны дүрмийн өөрчлөлтийн гол зарчим нь намын даргаа нийт гишүүдээс сонгохоор болсон. Өнөөдөр үүнийгээ өөрчилнө гэвэл "Намын даргыг Их хурлаас сонгохыг зөв гэж үзэж болохгүй” гэх гишүүд ч цөөнгүй. Тэгэхээр намын даргыг ямар журмаар тодруулах вэ гэдэгт АН-ынхан дундын хувилбар гаргахаар зөвшилцөж буй нь нууц биш юм. Ер нь бол АН Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөхөөс өмнө 76 жижиг тойргийн хүрээнд намынхаа дүрмийг хийсэн байдаг. Гэтэл Сонгуулийн тухай хуулиар тойрог томсч нөхцөл байдал өөрчлөгдсөн. Иймээс АН дүрмийнхээ шинэ заалтуудыг хэрэглээгүй.
Намын дарга нь ч хэмжээгүй эрхт эзэн хаан шиг авирлах болсон нь үүнтэй холбоотой. Одоо АН дүрмээ өөрчилж, эрх мэдлийн хуваарилалтыг тэгшитгэж, дагаж мөрдөх журмаа тодорхой болгочихвол намын даргад тал засч, "цүнх барих”, тойрон хүрээлэл үүсгэх шаардлага байхгүй болно.
Энэ үүднээс одоо болох Их хурлаараа дүрмээ шинэчлээд дараа нь намын даргаа тодруулъя гэжээ. Яг энэ байр суурьтаа нэгдэж чадвал АН Их хурлаараа дүрмээ шинэчилнэ. Харин шинэ даргыг 2021 онд л тодруулна. Одоо дарга тодруулбал, дарга болсон хүн өөртөө зориулсан дүрэм захиалчихна. АН дахиад хэмжээгүй эрхт хаантай болно. Ер нь бол шинэчлэл гэдэг зүйл ганц АН-ын ч зовлон биш юм. Үүнийг олж харж чадсан хүн АН-д хуруу дарам цөөн. Улс төрийн бүх намд шинэчлэл шаардлагатай. Асуудлыг Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуулийн шинэчлэлтэй цогцоор нь авч үзэж шийдэх ёстой гэж хэлээд 2016 онд нам дотроо цөөнх болсон цорын ганц хүн бол УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан байв.
Хэдийгээр АН-ыг цаашид авч явах дарга тодрох болоогүй ч суудлын төлөөх "марафон” бол аль эрт эхэлчихсэн. "Монголын нууц товчоо”-ны дүрүүдээс эшилбэл хэн нь Чингис, Жамух, Тоорил хан, Нялх Сэнгүм болохыг цаг хугацаа харуулна. Одоогоор экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намын гишүүнчлэлээ сэргээсэн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намаасаа гараагүй гэдгээ зарласан. З.Энхболд ч ЕТГ-ын даргын албыг хүлээлгэн өгснөөс хойш намдаа ойр байх болсон. Одоогийн Төрийн тэргүүнд ч бас бодол бий, өөрийн хүмүүсийг намын удирдлагад "сойж” байгаа гэх үг яриа дуулддаг. Харин АН-ын залуус аль алинд нь дургүй "Лидер дотроосоо төрдөг. Залуусын эгнээнээс төрсөн лидер намаа авч явах цаг болсон” гэцгээж буй. Эцэст нь АН-ыг нэг хүн л даргална. Тэр эрхэм 2021 онд тодорно.
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
0 сэтгэгдэл