Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан баруун, төв, говийн аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга болох тухай "Анхааруулах”, "Сэрэмжлүүлэх”, "Урьдчилан сэргийлэх” зэрэглэлтэй цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн мэдээг үндэслэн Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллалаа.
Тухайлбал, 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн баруун болон төв, говийн аймгуудын нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас автозам, давааны нөхцөл байдал хүндэрсэн зэргийг харгалзан Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймгийн нутагт Автотээврийн тухай хуульд заасны дагуу дээрх аймгуудын Засаг даргын захирамжаар 3 дугаар сарын 22, 23-ны өдөр орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан.
Мөн Монголын үндэсний олон нийтийн телевиз, UBS телевиз, Монголын үндэсний олон нийтийн радио болон "Авто радио” FM, Зарлан мэдээлэх дуут дохиоллын 12 цамхагийн цахим самбар, бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байхыг олон удаагийн давтамжтайгаар иргэд, олон нийтэд хүргэлээ.
Түүнчлэн 03 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд 10 аймгийн 24 суманд нийт 44 иргэн сураггүй болсон дуудлагыг хүлээн авч 36 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 44 автомашин 294 зорчигчид тусламж үйлчилгээ үзүүлж, нийт 330 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалаад байна. Одоогоор сураггүй болсон долоон иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн 300 зорчигчтой 12 автобусыг төв суурин газар хоноглуулж, 7 чиглэлийн 30 тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулалгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
0 сэтгэгдэл