|

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

 

 

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай аймагт цас, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.  Баруун болон говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны "Саруул” хотхоны 115 дугаар байрны 6 дугаар давхарт иргэн Н-ийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 21:49 цагт хүлээн авсан.  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 21:56 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан. Иргэн Б /22 настай, эрэгтэй/ 6 дугаар давхрын цонхоор үсэрч нас барсан мөн иргэн Н /46 настай, эмэгтэй толгойноос нь цус гарсан, хөл толгойг нь скочоор хүлсэн/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж Баянзүрх дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

3.Зам тээврийн осол:

 Автозамын осол: Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн "Полгион” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 18 км-т/ Бага оврын ачааны автомашин онхолдсон тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 18 км зам туулан 22:30 цагт очиход тус багийн "Өгөөмөр” гэдэг газраас аймгийн төвийн чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан "Портер” загварын ачааны автомашин онхолдож автомашины төмөр эд ангид тус сумын иргэн О /38 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны "Тэрэлжийн гарам” гэдэг газар /Налайх дүүргээс зүүн хойд зүгт 40 км-т/ Тэрэлж амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан "Прадо-95” загварын суудлын автомашин Туул голын усанд суусан тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 40 км зам туулан 14:00 цагт очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б /35 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Л /32 настай, эрэгтэй/, С /31 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/, Б /30 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд аварч автомашиныг нь уснаас татан гаргасан.

Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт багийн "Гацаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ Алтанбулаг сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан "Прадо-120” загварын суудлын автомашин Туул голын усанд суусан тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 10 км зам туулан 15:31 цагт очиход нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Д /41 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/-г эсэн мэнд аварч автомашиныг нь татан гаргах боломжгүй тул орхисон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


0 сэтгэгдэл