УИХ-ын нэгдүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Н.Батбаярыг мэдэхгүй монгол хүн цөөн. Гэхдээ ихэнх нь хөгжлийн саад, гал тахьдаг, төрийн ордонд, чуулганы хуралдаанд согтуу оролцдог гэдгээр нь мэднэ. Харин төрсөн нутаг хэмээн онгирдог Архангайнхан нь бол өөрсдийг нь гаргууд сайн хулхидаж, гандан буурахгүй буцаад ирдэг нөхөр хэмээн хошигнож байгаа аж. Уг нь намынхан нь түүнийг овоо дориун эдийн засагч гэж монголчуудынхаа санхүүг атгуулсан үе бий. Үндсэндээ бүхэл бүтэн Эдийн засаг хөгжлийн яам гээчийг байгуулж, сайдаар нь томилсон. Харамсалтай нь Н.Батбаяр Монгол Улсыг бус өөрийн намын нөхрийнхөө хувийн компанийн хөгжлийн төлөө ажилласан гэдэг нь өдгөө ил болж, шүүхийн байгууллагын үүдээр эргэлдэх болсон. Түүнийг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хамт АН-ыг Засгийн эрх барих хугацаанд Чингис, Самурай бондын мөнгийг захиран албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутган шалгаж байгаа.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татсан байдаг. Өнгөрөгч оны наймдугаар сард хэргийг хэрэгсэхгүй болгосон ч дөрөвдүгээр сараас дахин шалгаж эхлээд байна. Мэдээж Н.Батбаяр өдгөө нэр дэвшин өрсөлдөж байгаа нь аймагтаа нэр хүндтэйдээ, АН-даа нэг суудал авч ирэх боломжтойдоо бус. зөвхөн өөрийгөө шүүхийн байгууллагаас зайлуулж, сонгуулиар ялалт байгуулчихвал УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хаацайлах гэсэн оролдлого гэдэг нь харагдаж буй.
Тодруулбал, Архангай аймагт түүний охин Б.Жаргалан нэр дэвших тухай яриа газар аваад байсан. Гэтэл гэнэт охин Б.Жаргалан нь АН-ын дэд дарга болж мань Фортуна өөрөө нэр дэвших эрх өвөртөлсөн. Өдгөө сонгуулийн сурталчилгааныхаа үеэр өмнө нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд байхдаа аймагтаа "Гудамж” төслийг хэрэгжүүлсэн хэмээн шоудаж байгаа нь цаад утгаараа "Аймагтаа зам тавих гэсэн биш ялтан болох нь” хэмээн гоншигнож байгаагаас ялгаагүй. Уг нь архангайчууд төрд сонгож, илгээсний хариуд Фортуна Н.Батбаярыг түрийвчээ түнтийлгэнэ чинээ санаагүй. Харин ч хариу нэхэлгүй зам тавьсан гэж бодож байсан нь үгүй болж, өнөөдөр дахин санал "гуйж” явна. Үндсэндээ архангайн хөгжлөөс дөрвөн жилийг хойш татахаар эргэн ирж, нэр дэвшиж байгаа бололтой.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
0 сэтгэгдэл