|

Н.Энхбаяр: Хоёр нам намайг сонгуульд өрсөлдүүлэхээс айж байна

Н.Энхбаяр: Хоёр нам намайг сонгуульд өрсөлдүүлэхээс айж байна

 


МАХН, ИЗНН, Монголын уламжлалын нэгдсэн намууд 2020 оны сонгуульд "Та бидний эвсэл” байгуулж оролцохоор болсон. Тиймээс өнөөдөр мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд хүргүүлсэн байна. Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяраас тодрууллаа. 

-Эвслийн зүгээс мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ. Мөрийн хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл өгөөч? 

-Мөрийн хөтөлбөртөө үйлдвэрчний алба, эмэгтэйчүүд, залуучууд, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх саналыг нэлээн тусгаж өгсөн байгаа. Тэгэхээр энэ нь хэдэн намын мөрийн хөтөлбөр биш нийт иргэдийн мөрийн хөтөлбөр юм. Бидний гол зорилго бол байгалийн баялгийг ард түмний өмч болгох. Ард иргэдээс санал асуулга авахад дийлэнх нь тогтмол орлогогүй учраас зовж байна гэсэн байна. Тэгэхээр байгалийн баялгийг ард түмний өмч болговол Монголчууд орлогын хомсдолгүй болох боломжтой. Мөн хөрөнгө оруулалтын бодлого өөрчлөгдөнө. Бид хөшөө босгохгүй, өөрсдийгөө сурталчилсан арга хэмжээ явуулахгүй. Харин цэвэр үйлдвэрлэл явуулж ажлын байрууд бий болгоно. Сүүлийн жилүүдэд шинэ үйлдвэр огт баригдсангүй.

Байгалийн баялгийг ард түмний өмч болгож, ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд зээлийн хүүг бууруулахыг зорьж байна. Өндөр хүүтэй хадгаламж, зээлийн тогтолцоог засна. Монгол банкны бодлогын хүүг бууруулсны дараа зээлийн хүү буурч, Монголчууд ажилтай, орлоготой болох боломжтой. Иргэн бүрийг орон сууцжуулах мөрийн хөтөлбөрийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүн бүрийг хамруулах боломжтой төсөл гэж үзэж байгаа. Тиймээс энэ асуудлыг судалж, судалгаанд тулгуурлаж хэрхэн хэрэгжүүлэх аргыг боловсруулна. 

-Та сонгуульд нэр дэвших уу. Сонгуульд нэр дэвших хууль эрх зүйн боломж бүрдсэн үү?

-Энэ асуудал байгалийн баялагт эзэн суусан хүмүүсийн хийж байгаа ажил юм.  Учир нь Намбарын Энхбаяр гэдэг хүн өмнө нь Ерөнхийлөгч байхдаа Оюутолгой, Таван толгойг ард иргэдэд өгөхийг зоридог байсан. Тэгэхээр Н.Энхбаярыг унагаж байж эдгээр байгалийн баялгийг гадныхантай хувааж авна. Эрх баригч хоёр нам намайг сонгуульд өрсөлдүүлвэл ард түмэн сонгочихно, Н.Энхбаярын баг сонгуульд ялвал байгалийн баялгыг ард түмэнд хуваачихна гэж айж байна. Тиймээс өөрсдийн гар хөл болсон хүмүүсээр хуулийн төсөл санаачлуулаад байна. Өөрсдөө хүн хүчиндэх, ЖДҮ-г цөлмөх, улсаасаа урвах, хүн хороох мөртлөө сонгуульд оролцож болдог. Харин намайг  хэлмэгдүүлчихээд ял эдэлж байсан гээд сонгуульд оролцуулахгүй байхаар хуулийн зохицуулалт хийж байна.

Цэц шударга бол хүнийг насаар нь сонгох, сонгогдох эрхээс нь хасахгүй байх. Миний сонгогдох эрхийн цаана ард түмний сонгох эрх байгаа. Тэгэхээр миний эрхийг болон ард түмний эрхийг хорьж болохгүй. Ардчиллын амин сүнс бол сонгууль. Сонгууль зөв явагдвал ардчилал тэнд байна. Сонгууль буруу явагдвал ардчилал устана гэсэн үг. Гэтэл АН ардчиллыг сэргээх нь битгий хэл МАН-тай нийлж устгаж байна.

-Тавантолгойн асуудал дээр төсөл хэрэгжүүлж байсан сайдыг шүүхэд дуудаж, ял төлөвлөн цагдан хориод байна. Үүнийг юу гэж харж байна вэ?

-Яг намайг хэлмэгдүүлсэн шиг үйл явдал давтагдаж байна. Тэр үед шүүх шийдсэн асуудлыг яах билээ гэх мэт ярилцлагууд явж байсан. Бид өөрт тохиолдсоны дараа л юмыг мэдэрдэг. Энэ харамсалтай цаг дуусаасай гэж бодож байна. Би энэ асуудлыг өөрийн биеэр мэдэрсэн учраас засч, залруулна. 

Шүүх шударга ажиллаж хэргийг шийдэх хэрэгтэй. Хэрвээ буруугүй бол хэнийг ч үндэслэлгүйгээр хэрэгт холбож болохгүй. Мөрдөн байцаах ажил ёс журмын дагуу явах ёстой. Шүүх захиалгагүйгээр ажиллах ёстой. Харамсалтай нь, ард иргэд шүүхийг шударга байдал алдагдсан газар гэж харж байна. Тиймээс бид шүүхийг шударга болгохын тулд мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа учраас мөрийн хөтөлбөртөө тусгасан зорилтууддаа хүрч чадна гэж бодож байна.

Т.Эрдэнэчимэг 


0 сэтгэгдэл