|

“100 сая бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн үйлдэл”

АН 2020 оны УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвших хүсэлтэй гишүүдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авч, 180 хүн энэ мөнгийг тушаасан нь ил болсон. Мөн энэ хүмүүс дахин 300 сая төгрөг тушаах мэдээлэл байгаа. "25 дугаар суваг” телевиз "Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээрээ "100 сая ба 60 тэрбум” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийг эдийн засагч, судлаач Х.Ганхуяг хөтөлж, "АН-ын шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв, МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, уул уурхайн инженер, эдийн засагч Л.Наранбаатар, уул уурхайн бодлого, засаглал судлаач Г.Дамдинням, хуульч, өмгөөлөгч Н.Хангай нар оролцсон юм.  Энэ хэлэлцүүлгээр хэн юу ярьсныг тоймлон хүргэж байна. 

-100 сая төгрөгийн асуудал хэзээнээс яригдаж эхэлсэн бэ. Одоогийн байдлаар хэчнээн хүн дэнчингийн мөнгөө тушаачихаад байна вэ?
П.Галиндэв: -2016 онд МАН-ын 60 тэрбумын хэрэг босож, 2017 оны сонгуулиар үргэлжилсэн. Одоо 2020 оны сонгуулиар 100 саяын асуудал сөхөгдөж байна. Нэг нь 100 сая, нөгөө нь 60 тэрбум гэж байгаа боловч энэ нь яах аргагүй төр, намын албан тушаалыг эрх мэдэлтэй хүмүүс зарах гэсэн хууль бус үйлдэл. 100 саяын асуудал манай намд 2017 оноос эхэлсэн.  Тухайн онд АН ялагдаж, залуус намаа, үндсэн дүрмээ шинэчилье гээд шинэчлэл явагдсан. Үүний үр дүнд АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдсон. Энэ үеэс л мөнгөний схем манай намд хэрэгжиж эхэлсэн. Анх 2017 онд АН-ын даргад нэр дэвшихийн тулд 250 сая төгрөг тушаа гэж намынхаа гишүүдийг хөрөнгө чинээ, мөнгөөр нь ялгаварласан. Ийм арга барилтай хүн ямар албан тушаалд байхаас үл шалтгаалж арга барил, хандлага нь өөрчлөгддөггүй юм байна. Энэ намраас 2020 оны сонгууль дөхөж, нэр дэвших хүмүүсийн сунгаа яваад эхлэнгүүт С.Эрдэнэ намын нэр дэвших сонирхолтой гишүүдээсээ заавал мөнгөн босго авна гэж зүтгүүлсээр намын Үндэсний бодлогын хороогоор батлуулж, 100 сая төгрөгийг гаргаж ирсэн. Үндэсний бодлогын хорооны тэр шийдвэр, намын даргын бодлого, шийдвэр хууль бус. 

Н.ХАНГАЙ: УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬД ДЭНЧИН ГЭДЭГ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ

-180 хүн, хүний 100 сая төгрөг гэхээр 18 тэрбум төгрөг болж байгаа юм. Хэвлэлийн хурлын дараа С.Эрдэнэ "Энэ бол олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэл” гэж ярилцлага өгсөн. Тэгэхээр дэнчин гэж яг юу юм бэ. Улс төрийн нам санхүүжилтээр дэнчин гэж мөнгө татаж болох уу?
Н.Хангай: -Улс төрийн намын тухай хуульд дэнчин гэдэг ойлголт байхгүй. Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын санхүүжилт гишүүний татвар, талархан дэмжигчийн хандив гэх мэт долоон зүйлээс бүрдэнэ. Үндэсний бодлогын хорооноос гаргасан шийдвэр, олон нийтэд хүрсэн мэдээллээр бол 100, 300 саятай холбоотой асуудал нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн жилд зарцуулагдах гэж байгаа  гэж ойлгогдож байна. Гэхдээ хуульд зааснаар хандивын хэмжээг иргэн бол таван сая, хуулийн этгээд 20 сая төгрөг гэж хязгаар тогтоосон.Тэгэхээр 100 сая үнийн дүнгийн хэмжээгээрээ хандив биш болж таарч байгаа. Татвар юм бол Үндэсний бодлогын хороо ямар байдлаар шийдсэн, хууль эрх зүйн ямар үндэслэлтэй болохыг ил тод, нээлттэй зарлах ёстой. 

-Наранбаатар та АН-ын гишүүн байж байгаад 2016 оны сонгуульд Дархан-Уул аймагт бие дааж нэр дэвшсэн. Яагаад бие дааж нэр дэвшсэн бэ. Одоо болоод байгаа шиг үйл явдал өмнө нь болж байсан уу?
Л.Наранбаатар: -Намын дотоод санхүүжилтээс болж бие даасан гэвэл худлаа. Би залуучуудтайгаа хамтраад, намынхаа болж бүтэхгүйг шүүмжлээд явдаг байсан. Үүний нэг нь намын санхүүжилтийг ил болгох. 2015 онд 12 заалттай шаардах бичиг өгч байсан ч нам хүлээж аваагүй. 

Намаа шинэчлэх үзэл, улсаа хөгжүүлэх бодлогын санаачилга маань дэмжигдээгүй учраас намаас гарсан. Ямар сайндаа монголын эдийн засгийн чуулган дээр тухайн үед намын дарга байсан З.Энхболд руу оймсоо шидэж, үзэл бодлоо илэрхийлж байсан. Энэ мэтчилэн үзэл бодлоо хэнээс ч айхгүй шулуухан хэлчихдэг байсан учраас намаас хөөгдсөн. 

Г.ДАМДИННЯМ: СОНГУУЛЬ БОЛ АРДЧИЛЛЫН ХАМГИЙН ТОМ ШИЙДВЭР ГАРГАХ ҮЙЛ ЯВЦ

-Энэ жил МАН-ын дарга У.Хүрэлсүх дэнчин, хандив авахгүй, хөрөнгө чинээгээр ялгаварласан зүйл гаргахгүй, 60 тэрбум, ЖДҮХС-тай холбоотой хүмүүсийг дэвшүүлэхгүй гэж зарласан. Г.Дамдинням таны бодлоор сонгуульд оролцохдоо танай нам хаанаас санхүүжиж, үйл ажиллагаа явуулах вэ?

Г.Дамдинням: -АН-ын 100 сая, МАН-ын 60 тэрбум бол луйврын сүлжээ. Сонгууль бол ардчиллын хамгийн том шийдвэр гаргах үйл явц. Сонгуульд заавал зардал гарах ёстой. Энэ зардал шударгаар төвлөрдөг байх ёстой. Улс төрийн намуудын 2020 оны сонгуульд дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газраас буцаасан. Өөрөөр хэлбэл, ийм мөрийн хөтөлбөр дэвшүүлбэл улсын төсвөөс олгодог санхүүжилт багасах ёстой. Энэ систем Монгол Улсад аль хэдийн орж ирсэн. Авсан санал тутамд 1000 төгрөгөөр тооцож, улс төрийн намыг санхүүжүүлж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжилт авч байгаа бүх хүн, байгууллага тайлангаа тавьдаг байх ёстой. Улс төрийн намын тухай хуульд намд аудит орж, тайлан тавина гэж байдаг ч хэрэгждэггүй. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар булааж авах гэж байгаа гэмт хэрэг. Нам хамаагүй, үүн дээр хатуу зогсох хэрэгтэй. 

-100 саяыг татан төвлөрүүлээд байгаа энэ нөхцөлд ямар хариуцлага тооцох боломжтой вэ?
Н.Хангай: -Улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудал өнгөц утгаараа намын дотоод асуудал, хаалттай байж болох юм шиг боловч төр, нийгмийн бодлого, байгуулал, засаглалын түвшинд, тэдгээрийн шударга, үр нөлөөтэй байдлын илрэл болдгоороо өргөн цар хүрээтэй, Үндсэн хуулийн хэмжээний асуудал болж хувирч байгаа. Улс төрийн намын эцсийн зорилго нь Засгийн эрхийг авах, төрийн бодлого, чиглэлийг хөтлөн явуулах. Улс төрийн нам энэ үйл ажиллагаагаа явуулахдаа санхүүжилттэй холбоотой нууц, далд арга хэрэгсэл хэрэглээд эхлэх юм бол Засгийн эрхийг хууль бусаар авахаар завдсан явдал болно. 

-Үүнийг ямар байгууллага тогтоодог вэ?
-Төр иргэнийхээ өмнө зөрчигдсөн эрхийг нь сэргээлгэх үүрэг хүлээдэг. АН-аас явуулж байгаа энэ үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуулиар заасан иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсан бол төр тодорхой ажиллагаа явуулах эрхтэй. Төр гэдэг бол СЕХ, АТГ, ХЭҮК, төрийн хуулийн байгууллагууд орно. Үндсэн хуулийн зарчим зөрчигдсөн гэдгээр нь төр тодорхой чиг үүргийн байгууллагуудаараа дамжуулж, аль ч  шатандаа үүнийг таслан зогсоох арга хэмжээ авч болно. Жишээ нь, СЕХ хүний эрх зөрчсөн гэдгээр нь сонгуулийн үйл  ажиллагаанд үл ойлгогдох нөхцөл байдал үүсгэж болзошгүй гээд намыг нь, нэр дэвшигчийг нь бүртгэхээс татгалзаж болно. 

Л.НАРАНБААТАР: АРДЧИЛЛЫН САЛХИЙГ СЭВЭЛЗҮҮЛСЭН НАМ МААНЬ СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ БАЙНА

-Улс төрийн санхүүжилттэй холбоотойгоор ардчиллыг хамгаалах гэж улс орнууд сонгуулийн сурталчилгааны зардлыг аль болох хямдхан байлгах гэж оролддог. Манай сарын дундаж цалин 1.3 сая төгрөг. Тэгэхээр дундаж орлоготой иргэн сонгуульд нэр дэвшье гэх юм бол зардлын хэмжээ бага байх ёстой. Наранбаатар та үүнд хариулт өгөхгүй юү?  
Л.Наранбаатар: -100 сая бол энгийн иргэний хувьд маш их мөнгө. Хоёр өрөө байр ийм үнэтэй байгаа. Монголд ардчилал хөгжөөд 30 жилийн ойтой золгож байхад ардчиллын салхийг сэвэлзүүлсэн нам маань үнэт зүйлээ, хүний сонгох, сонгогдох эрхийг уландаа гишгэж байна. 60 тэрбумын бичлэг дээр төрийн албыг үнэлж, нийслэлээс 60 тэрбум төгрөг, стратегийн ордуудыг зарах тухай ярьдаг. Хэрэгжсэн эсэх нь нотлогдоогүй ч  ингэж ярьсан нь аюултай. Харин АН үүнийг шүүмжилж, мөн Ерөнхийлөгчийг сонгогдоход 60 тэрбум нь гол хөшүүрэг болсон. Гэтэл одоо АН өөрсдөө энэ схемийг төгс хэрэгжүүлэх гээд, үүн шиг сайн сайхан зүйл байхгүй, зөв зүйтэй гэж ярьж байгаа нь буруу. 

Г.Дамдинням: -60 тэрбумын схемд мөнгө өгч, авсан баримт байхгүй, нотлогдоогүй. Гэхдээ хоёр хүн ял авч, шийтгэгдсэн. Харин Д.Мөнх-Эрдэнэ банканд мөнгө тушаасан гурван ширхэг баримт бариад сууж байсан. Хэрэв шударга ёс манай улсад, хуулийн засаглалд байгаа бол баримттай зүйл дээр хэн нэгэн хүн ял авах болчихоод байна. Цус үзэх гээд  байгаадаа биш, хариуцлага хүлээх ёстой. 

Л.Наранбаатар: -Хуульчаас нэг зүйл асууя. 100 сая төгрөг төлсөн хүмүүс эрүүгийн элемент болох хуулийн магадлал бий юү. Улс төрийн нам ийм Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан нь сонгуульд орохгүй, магадгүй татан буугдах үндэслэл болох уу? 

-Н.Хангай: -100 сая төгрөгийг тухайн хүн ямар учраас өгсөн бэ гэдгээс хамаарна. Өөрөөр хэлбэл,  "Би сонгуульд нэр дэвших гэж өглөө. Хэрэв нэр дэвших маань баталгаажиж чадахгүй бол нам надад төрийн тодорхой чиг үүргийн байгууллагад албан тушаал өгнө” гэсэн зорилго, сэдэл байх юм бол гэмт хэргийн шинж чанар агуулж, шалгагдах бололцоотой. Харин "100 сая төгрөг миний өөрийн хүсэл, сонирхлоос бий болсон” гэх юм бол арай өөр агуулгаар ярина. Гэхдээ хандив гэдэг ойлголт хэн нэгний бус, өөрийн хүсэл зоригоос урган гардаг зүйл. Энэ үйл явцыг АН тодорхой санаачилгаар хүсэл зоригийн эсрэг үйлдэл болгож байгаа. Ингэж харилцан тохиролцооны асуудал болгож байгаа нь ямар байдлаар илрэх вэ гэдгээс эрүүгийн гэмт хэрэг болно.

П.ГАЛИНДЭВ: НАМЫН ГИШҮҮНЭЭС 100 САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАР НЭХЭХ ДҮРЭМ БАЙХГҮЙ

П.Галиндэв: -60 тэрбумын схем ил болж, хоёр хүн хуулийн хариуцлага хүлээчихээд байхад яагаад энэ кэйс АН дээр давтагдав гэдэг асуудал. Тэгэхээр энэ нам удирдаж байгаа хүмүүст айдас алга. АН бол 200 мянга орчим гишүүнтэй. Манай намын жирийн гишүүд, залуучууд 100 саяын асуудалд эсрэг байр суурьтай байгаа. Үндэсний бодлогын хороон дээр С.Эрдэнэ хүчилсээр, залуучуудад тулгаж байгаад 100 саяын асуудлыг батлуулсан.  Энэ бол АН гэхээсээ илүү С.Эрдэнийн асуудал. 

-Хэн нэгэн тулгалаа гээд яагаад хууль зөрчсөн шийдвэр гаргасан бэ. Ингэж болдог юм уу? 
-Энэ бол Монголын улс төр хэр хэмжээнд ялзарсан, намуудын удирдлагыг гурван үсэгтэй компани, хэдхэн банк гартаа авсны тод жишээ. Ямар ч хуулийг зөрчөөд, төрийн эрх мэдэл авахыг оролддог, авсан хойноо гаргасан мөнгөө нөхдөг, кнопчин гишүүдээр хүссэн шийдвэрээ батлуулдаг. Үүнийг нь эсэргүүцэхээр намын гишүүдээ хөөдөг. С.Эрдэнэ намайг хоёр удаа цагдаад өгсөн. АН-ын дүрэм баталж өгөөд байхад дүрмийн заалтуудыг засаж, ийм байдал үүсгэж байгаа. Би дүрмийн ажлын хэсгийн нарийн бичиг байсан. Мөнгөний нэг ч заалт байгаагүй. Намын гишүүнээс 100 сая төгрөгийн татвар нэхэх дүрэм байхгүй. 

-АН-ын шинэ генсек мэдээлэл хийж "Жагсаалт бол худлаа. Манай данс шилэн, бүх зүйл ил тод байгаа” гэсэн. АН үнэхээр шилэн байгаа юу?
-Ямар ч шилэн юм байхгүй. Хандив, татварын хэмжээ бүгд далд байгаа.

Б.ОЮУНГЭРЭЛ: АРДЧИЛАЛ ГЭДЭГ ДУР ЗОРГООРОО АВИРЛАХЫН НЭР БИШ

-100 сая төгрөг хувь хүнд их, том аж ахуйн нэгжүүдэд, тэр тусмаа гаднын байгууллагад бага мөнгө. 76 хүн нэр дэвшихэд хоёр сая ам.доллароор АН-ын бүх нэр дэвшигчийг худалдаж авч болохоор байна. Хуульд гадаадын этгээдээс авч болохгүй гэсэн заалт байгаа боловч Монголд бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай компаниас авч болно гэсэн байгаа. Энэ бол маш аюултай заалт. Тэгэхээр үндэсний аюулгүй байдалд халтай схем яваад байгаа юм биш үү. 

Б.Оюунгэрэл: -Ардчилал гэдэг дур зоргоороо авирлахын нэр биш. Үүнийг шийдэх хамгийн энгийн арга бол ил тод байдал. Бүх зүйл дээр бид ил тод байх, хуулиа хэрэгжүүлдэг байх ёстой. Хууль зөрчөөд байгаа энэ асуудал бол эрх мэдэл төвлөрсөн хүмүүсийн дур зоргоороо авирладаг тоглоом болчихоод байгаа. 

-Улс төрийн санхүүжилтэд олон нийтийн хяналт байх ёстой. Би улс төрийн санхүүжилттэй холбоотойгоор шилэн болгохыг шаардаад, мэдэгдэл гаргаж, хууль, хяналтын байгууллагад хүсэлт өгсөн. Зарцуулалт, өгсөн хүн, орлого нь тодорхой бус байна. Шилэн байна гэдэг  юу гэсэн үг вэ?
Н.Хангай: -Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аль ч нам дотоод зохион байгуулалтынхаа хүрээнд ямар шийдвэр гаргах, гишүүддээ ямар байдлаар хүлээн зөвшөөрүүлэх нь тэдгээрийн асуудал байж болно. Гэхдээ тэр байгууллагуудын шийдвэр хууль дээдлэх зарчмын хүрээнд Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжид бүрэн нийцсэн байх ёстой. Төр гэдэг бол тодорхой чиг үүргийн байгууллагад хуваагдана. Тэгэхээр төр заавал хэн нэгний гомдол, мэдээлэлд үндэслэх шаардлагагүй. Татварын байгууллага нь АН-ын мэдэгдэлтэй холбоотой татварын асуудал нь юу болов гээд шалгалт хийж болно. Мөн Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэсэн заалттай холбогдуулж, төрийн тусгай чиг үүргийн байгууллага хяналт, шалгалт хийх боломжтой. 

-Яавал УИХ ард түмний төлөөлөл болж чадах вэ?
Б.Оюунгэрэл: -Нэгдүгээрт, төр нь үүргээ биелүүлмээр байна. Хоёрдугаарт, сонгогчдынхоо боловсролыг дээшлүүлмээр байна. Мөн ил тод байдлыг сайжруулж, иргэдийн мэдэх эрхийг хангадаг баймаар байгаа юм. Эцэст нь, олон улсын өмнө хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлмээр байна. 

ЭХ СУРВАЛЖ: Э.ЭРДЭНЭ, Npost.mn

0 сэтгэгдэл