|

Эргэлзээг тайлах биш улам нэмлээ!

Эргэлзээг тайлах биш улам нэмлээ!

 

Ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн төрийн нууцад хамаарах зарим мэдээллийг ил боллоо, өчигдөр. Хэрэг илрүүлж байна гээд хүмүүс хэлмэгдүүлээд байгаа юм биш биз гэсэн нийгэм дэх эргэлзээг тайлахын тулд зарим баримтуудыг нууцаас хасчээ. Гэвч эргэлзээ тайлагдав уу гэдэг асуултад нийгэм дахиад л талцаж байна. Нэг талын баримтыг нууцаас хасч, нийтэд мэдээлсэн нь араасаа ямар улстөр дагуулж буй талаар ярьж эхлээд байна.

Ямартай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад "Төрийн нууцын хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрсний үндсэн дээр Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр эрхэм танд хүрсэн мэдээлэл цацагдсан билээ.

Нийслэлийн прокурорын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн  хэлэхдээ  "маш олон нотлох баримтад тулгуурлан 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс өнөөдөр яллагдаад байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Арван найман жилийн өмнөөс цуглуулсан нотлох баримт, мөрдөн байцаалтын үр дүн өнөөдрийн цаг хугацаатай давхцаж байгаа ийм л байдал юм” гэлээ.Түүнчлэн Ц.Амгаланбаатар , Б.Содномдаржаа нар хэргээ хүлээж байгаа талаарх дүрс бичлэгийг хүргэв. Ц.Амгаланбаатарын тухайд бол эхнээсээ энэ хэргийг бусадтай хамтран үйлдсэн гэж, Б.Содномдаржаа нарыг хуулийнханд мэдэгдсэн гэдэг утгаараа дүрс бичлэг олныг тэгтлээ цочирдуулсангүй. Харин Б.Содномдаржаагийн тухайд өнгөрсөн хугацаанд ар гэрийнхэн нь түүнийг хилс хэрэгт буруутгагдаж байна гэх байр суурийг хэвлэлийнхэнд илэрхийлж ирсэн байдаг.

Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр medee.mn сайтад ярилцлага өгөхдөө  "Нөхрийг минь шоронд тамалдаг байх. Нэг удаа очиход маань үнэн худал хэлүүлдэг аппаратанд суулгасан, зүүн гар мэдээгүй болсон гэж байсан. Тэр нь тэгээд яадаг юм бэ гэхэд үнэн хэлэхээр нь тог цохиулдаг гэж байсан. Тэгсэн ингэсэн гэдгээ хэл гээд би тэгээгүй гэхээр нь тогны хүчдэлээ нэмдэг байсан гэсэн. Хийгээгүй хэргийг хийсэн болгох гэж ингэж байгаа юм чинь, тэр муухай газартаа хүний нүднээс далд хичнээн ямар аймшигтай дарамталж байгааг бид мэдэхгүй шүү дээ.” хэмээн ярьсан байдаг юм.

Ямартай ч Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт анхан шатны шүүхээс өгсөн ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноохдоо Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдснийг нь онцгой дэглэмтэй хорих ангид,  Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдснийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Одоо тэдний хувьд Улсын дээд шүүхэд хандах боломж л үлдсэн.

Шүүх бүрэлдхүүн шийдвэрээ гаргахдаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ.  Ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Б.Чимгээ нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзэв. Хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлаагүй. Шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл алга байна. Ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн болсон үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг, түүнчлэн Б.Содномдаржаагийн өөрийн гараар бичсэн тайлбар зэрэг нь нэр бүхий гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт байсан эд мөрийн баримтууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, амь хохирогч нарт учирсан гэмтлүүдийн талаарх шинжээчийн дүгнэлтүүдтэй тохирч байна. Эдгээрээс гадна ялтан нарыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг нэр бүхий гэрч нар шууд таньсан, түүнчлэн гүйцэтгэх ажиллагааны материалаар давхар нотлогдож байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ. Зарим ялтны УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг тусгаарласан нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан "Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэнтэй нийцжээ гэж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих бүх зүйлийг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна. Иймд ялтан болон тэдний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хэргийг мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6-т заасан хялбаршуулах зорилгоор үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу, зохих ёсны өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ялтан Ц.Амгаланбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон зүйлчлэл, гэрч М.Мөнхжаргалыг хохирогч гэснийг тус тус өөрчлөх нь зүйтэй гэж үзээд, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулжээ.

Магадлалын 1 дэх заалтаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг "…өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор” гэснийг "Өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор” гэж тогтоох, хэсгийн 6 дахь заалтын "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэснийг "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэж, 9 дэх заалтын "хохирогч С.Оюун, Д.Хишгээ, М.Мөнхжаргал” гэснийг "Хохирогч С.Оюун, Д.Хишгээ” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээсэн байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

0 сэтгэгдэл