|

Ц.Батзориг: Надад 500 гаруй халбага бий

Ц.Батзориг: Надад 500 гаруй халбага бий

Эрдэнэбулган сумын иргэн Ц.Батзоригтой түүний сонирхолтой цуглуулгынх нь талаар ярилцлаа.


-Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе.

-Сайн байна уу? Та бүхэнд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе.

-Ямар олон халбага цуглуулаа вэ? Хэдэн жилийн хугацаанд цуглуулчихав аа?

-Анх 2011 онд анхныхаа халбагыг Швед улсаас худалдан авч байсан, түүнээс хойш гэж үзвэл 9 жил цуглуулсан байна.

-Хэдэн ширхэг халбага байгаа вэ?

-Надад нийт 500 гаруй халбага байгаа.

-Очсон орон болгоноос...бас хот болгоноос авсан уу?

-Ер нь ажил, хувийн зорилгоор аль нэг улсыг зорихдоо өөртөө дурсгал болгон авдаг зүйлүүдийн маань нэг бол халбага. Мөн эртний эдлэлийн дэлгүүрт орохоороо заавал хайдаг.

-Монголоосоо худалдаж авсан халбага байдаг уу? Хаанаас ч байж болно.

-Монголоос худалдан авсан халбага одоогоор байхгүй. Гэхдээ сонин содон юм уу, эртний халбага олдвол авна гэж боддог шүү.

-Ямарваа нэг зүйлийн цуглуулгыг эхлүүлнэ гэдэг сонин байх. Яагаад халбага гэж...?

-Бага байхад ээж маань дээшээ харсан сав айлд амны хишиг дагуулдаг гэж их хэлдэг байсан. Энд тэндхийн улсаас сав суулга чирээд байх боломжгүй учраас хамгийн жижиг дээшээ харсан амсартай зүйл юм уу гэж бодоод цуглуулж эхэлсэн дээ. Анхныхаа халбагыг халбага цуглуулдаг хүнд бэлэглэх гэж байгаад, нөгөө хүнтэйгээ уулзаж чадахгүй, өгч чадахгүй 2, 3 жил болоод өөрөө цуглуулж эхэлсэн.

-Танд өөр ямар нэг зүйлийн цуглуулга бий юу?

-Би ер нь новш цуглуулах дуртай хүн л дээ. Надад 1963 оны радио, анхны өнгөт телевизор мөн архи болон вискиний цуглуулга байдаг.

-Цуглуулгыг харахад дандаа жижиг халбага. Том халбага огт харагдахгүй байна.

-Ер нь бол ихэвчлэн жижиг цайны халбага цуглуулдаг. Хамгийн жижиг халбага нь 2 см жижиг хэмжээтэй байгаа.

-Халбага бүр л түүх агуулсан байж таарна. Хамгийн сонирхолтой, хөгжилтэй түүхтэй халбаганы тухай яриач?

-Хамгийн сонирхолтой нь Австрали улсын Сидней хотод амьдарч байхдаа, зарын дагуу нэг хөгшин хүнтэй холбогдоод, цөөн тооны халбага худалдан авахаар тохиролцлоо. 200-гаад км яваад очтол тэр хөгшин их гайхсан. "Чи тийм холоос, ийм орой энэ хэдэн халбагыг худалдан авах гэж ирлээ гэж үү? гэхээр нь би Тийм ээ. Би халбага цуглуулдаг. Танаас авсан халбагануудаа эх орон руугаа аваад явна даа” гэж хэлтэл, хөгшин эрийн сэтгэл нь хөдлөөд, гэртээ буцаж ороод өөрийн цуглуулж байсан 60 гаран эртний халбагыг бэлэг болгон дурсгасан.

-Хамгийн үнэтэй нь аль вэ? Сэтгэлийн болон мөнгөний тухайд...

-1950 оны үед хийсэн Английн жимс болон бялуунд хэрэглэх зориулалттай сет байгаа. Зах зээлийн үнэлгээг нь мэдэхгүй ч миний хувьд хамгийн үнэтэй нь.



-Найз нөхдийн бэлэг бий юу?

-Харамсалтай нь байхгүй ээ.

-Таны хоббиг мэддэг хүмүүс бол халбага л бэлэглэхэд болох нь ээ?

-Хүнээс ер нь бэлэг их ховор авч байсан юм байна шүү. Халбага бэлэглэвэл таатай л байна байх даа.

-Хийц, материалын хувьд бүгд ижил бололтой шүү? Загвар нь өөр...

-Сүүлийн үеийн халбаганууд маань хийцийн хувьд ер нь адилхан шүү. Төмрөөр хийгээд, улс, хотын нэрийг стикер хэвлэлээр хэвлэн наасан байдаг. 15-аас дээш жилийн настай халбага бол сийлсэн, цутгасан мөн мөнгөөр бүрсэн гээд олон янз байдаг.

-Энэ цуглуулгаа цаашид үргэлжлүүлэх үү?

-Мэдээж үргэлжлүүлэн цуглуулж, үр хүүхдэдээ үлдээнэ гэж бодож байгаа.

-Яаж хадгалах гэж байна?

-Яг одоогоор хадгалах арга аа олоогүй л байна. Гэртээ гэхээсээ илүү нийтийн үйлчилгээний төвд байршуулах бодолтой байгаа.

 

 

-Ярилцсанд баярлалаа.


0 сэтгэгдэл