|

Авлигачдын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг гэмт хэрэг гэж хэлж болно

Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг сэргээн шалгах зорилгоор УИХ-аас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан байна. Уг хуулийн өөрчлөлтийн талаар хуульчид, улс төрчид янз бүрийн байр суурьтай байна. Хэдийгээр Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар зохицуулсан боловч би хувьдаа уг өөрчлөлтийг дэмжиж байгаа. Учир нь анхнаасаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулж, авлига, албан тушаалын олон зуун гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох ажлыг 2017 онд тодорхой нөхдүүд санаатай зохион байгуулсан байж болзошгүй гэж үзэж байна. Хэрэв тийм бол Ард түмний эрх зүйн байдлыг дордуулж, Авлигачдын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн уг үйлдлийг гэмт хэрэг гэж хэлж болно.

Нөгөө талаас, авилга, албан тушаалын гэмт хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эхэлсэн цагаас Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах "шударга ёс, тэгш байдал”-ын зарчмууд болон Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх”, Эрүүгийн хуульд заасан "шударга ёс”-ны зарчмууд зөрчигдөж эхэлсэн. Хулгай, залилан үйлдсэн нөхдүүдийн хэргийг хуулийн хугацаанд багтаан яс мөрдөж шүүхээр оруулан ял шийтгэдэг бол авлига, албан тушаалын хэргүүдийг яадаг билээ? Хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах гэсэн мэтээр нэг бол мөрдөн байцаалтын шатанд усанд хаясан чулуу мэт алга болно, эсхүл шүүхийн шатанд буцаасаар хэрэгсэхгүй болгоно.

Ер нь тэгээд 20, 30 жилийн өмнө бус, 2, 3, 4, 5-хан жилийн өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг хөөн хэлэцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ял шийтгэлээс чөлөөлөөд байвал хэн Монголын төр, хуульд итгэх вэ? Шударга ёсны зарчим хаана байна? ФАТФ байгууллагаас Монголыг авлигачдтайгаа, мөнгө угаах гэмт хэрэгтэй хангаттай тэмцэхгүй байна гэж үзэж Саарал жагсаалтад оруулсан. Энэ хэвээрээ бол мөд Хар жагсаалтад оруулах биз ээ.

Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон тул авлигачдын үйлдсэн гэмт хэргийг хэрэсэхгүй болгосон шүү дээ гэж үү? Үгүй. Тэгж амархан бууж өгөхгүй. Цагтаа нацист Германд хууль батлах замаар хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, иргэдийн өмчийг нь хурааж, их хядлага явуулж байсан. Тийм учраас олон улс оронд шударга бус төр, дэглэмийн эсрэг бослого, зэвсэгт өрнүүлэх эрхийг Үндсэн хуулиараа ард түмэнд олгосон байдгийг санах хэрэгтэй. Төрөөс, ард түмнээс хулгай хийчихээд хулгайгаа хулгай биш гэсэн хууль батлуулан ял шийтгэлээс мултарч байгаа нөхдүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгох биш уул нь хамгийн хатуу ял шийтгэл ногдуулах ёстой.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид авлига нь нийгмийн тогтвортой байдалд аюул занал учруулж, ардчилсан тогтолцоо, ёс зүй, шударга ёсыг доройтуулан сулруулж байна гэж дүгнэсэн байдаг. Эрх мэдэлтэй, мөнгөтэй нөхдүүд зохион байгуулалттай бүлэглэн үйлддэг, олон бэрхшээл саад давж, маш их цаг хугацаа, хүч хэрэгсэл зарцуулж илрүүлдэг авлига, албан тушаалын гэмт хэргүүд үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байгаа тул цаашид энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байвал зохистой гэж үзэж байна.

Munkh-Erdene Dembereltseren


0 сэтгэгдэл