|

ААВ НЬ ХҮҮХДЭЭ УСАНД ОРУУЛАХ 3 ТОМ ШАЛТГААН

Өнөөдрийн сонссон подкаст аав нь хүүхдээ усанд оруулахын 3 том шалтгааны талаар байсан юм. Азийн орнуудад хүүхэд өсгөхөд эцгийн оролцоо сул байдаг. Энэ нь тухайн улсын ёс заншил, ажил, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой. Гэхдээ та нар минь ядаж хүүхдээ усанд оруулах мэтийн зүйлсийг заавал ааваар нь хийлгэж сургаарай. За тэгэхээр гол сэдэвтээ орьё

Аав нь хүүхдээ усанд оруулахын 3 том шалтгааныг сэтгэл зүйч эмч Чон Ү Ёол ( 정우열) дурьджээ.

1. Дөнгөж төрсөн эхнэрээ гам барьж ирээдүйд үүсэх өвчлөлөөс сэргийлэхийн тулд аав нь хүүхдээ усанд оруулж байх хэрэгтэй гэжээ.

Эмэгтэй хүн төрөх явцад аарцагны яс тэлэгдэж, буцаж нийлэх буюу хуучин хэвэндээ ороход дор хаяж 3 сар бүр удаандаа 3 жил болдог талаар уншиж байсан. Уг үйл явц нь тухайн ээжийн биеийн байдал асаргаанаас их шалтгаалдаг талаар Ази, Европ, Америк гэлтгүй бүх газар ярьдаг. Мөн төрсний дараа үе мөч тэр дундаа гарын бугуй, өвдөг, тохой зэрэг өвдөх магадлал өндөр байдаг байна. Манай монголчууд ч гэсэн төрсөн эхийг 1 сар хүйтэн усанд гараа дүрж, даарч салхи авч болохгүй гэдэг шүү дээ. Энэ нь цаанаа бас маш их учиртай.. Хэрвээ тэр гамаа сайн барихгүй бол дараа нь нуруу, толгой, гар хөл өвддөг болно гэдэг үнэн юм шиг санагдасан шүү. ( Бодит жишээ би байна өө.. Юм уншдаггүй мэддэггүй байхдаа за эндхийн ээжүүд шууд усанд ороод л болоод байхад би яавал гэж бодоод гам бариагүйгээс болж миний гарын яс их өвддөг болсон)

Энэ дээр нэг асуудал гарч ирнэ. Тэгвэл Европ болон Америкийн орнуудын ээж нар яадаг юм бэ? Зүгээр л байдаг ш дээ гээд.. Гэтэл энэ эмчийн тайлбарлаж байгаагаар Европ эмэгтэйчүүдийн яс тэр дундаа аарцагны яс Ази эмэгтэйчүүдийнхээс том дээр нь хүүхдүүд нь жижигхэн төрдөг учир энэ талын өвчлөлд өртөх нь бага байдаг гэнэ. Азийн орнуудын хувьд эмэгтэйчүүд жижигхэн ястай мөн хүүхдүүд нь том ялангуяа толгой томтой төрдөгт учир байдаг гэжээ..

Нэрээ л эндхийн хүүхдүүд дийлэнх нь жижигхэн төрдөг шүү. Манай Тэнүүкаг анх эмч, сувилагч хажууд төрсөн ээж нар яасан том хүүхэд вэ? гэж дуу алдацгааж байсан хэхэ( 3850 гр төрсөн)

2. Аав хүүхэд хоёрын хооронд итгэлцэл үүснэ.

Хүүхдийг эхний нэг жил тэр дундаа эхний 3 сар усанд оруулахад хэцүү байдаг шүү дээ.. Гулгаж уначих гээд, эсвэл нүд чих рүү нь ус орчих гээд.. Тэгвэл энэ бүхнийг ээж нь биш аав нь хийвэл:

✔️1рт: аюул багатай,

✔️2рт хүүхэд аавдаа итгэх итгэл нь нэмэгддэг гэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүүхэд тухайн усанд оруулж байгаа хүндээ 100% итгээд биеэ сул тавьдаг гэнэ. Энэ үед аав нь тэр үйлдлийг хийх юм бол ирээдүйд аавдаа илүү их итгэж бас ойр дотно болдог байна.

3. Аав ба хүүхдийн харилцаанд чухал үүрэгтэй

Лондонгийн их сургуулиас 100 эцэг эхийг сонгож аваад 14 жилийн хугацаанд судалгаа хийжээ. Ингэхдээ хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн аав нь дандаа усанд оруулж байжээ. Судалгааны үр дүн нь: Аавтайгаа багаасаа усанд орсон хүүхэд нийгмийн харилцаанд идэвхитэй сайн оролцож байсан бол аав нь усанд оруулдаггүй байсан хүүхдүүд нь дотны сайн найз байхгүй, бусад хүүхдүүд өөртэй нь найзлахгүй байх вий хэмээн байнга айдастай явдаг, өөртөө итгэл муутай болж өссөн байна. Аавтайгаа багаасаа хамт усанд ордог байсан хүүхдүүдийн зөвхөн 3% нь л дээрх асуудалтай байсан байна.

Аавтайгаа хамт усанд орж байх үед хүүхдийн тархинаас Окситоцин гэдэг даавар ихээр ялгардаг ба уг даавар нь хүүхдийн нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг гэнэ.

Ээж хүүхэд 2 бол хүйн холбоотой байдаг ба үүнийг салгах ямар ч боломжгүй. Гэтэл аав хүүхэд хоёрын харилцааг сайжруулж илүү гүнзгий болгохын тулд аав нь өөрөө маш сайн хичээж ядаж усанд оруулдаг байгаарай. Гадаадын орнуудад хүүхдийг дөнгөж төрөнгүүт нь аавтай хамт ямар ч хувцасгүйгээр биесийг нь наалдуулж эцгийн хайрыг хүүхдэд мэдрүүлдэг( skin-to-skin contact)

Манай оронд одоохондоо ийм зүйл байхгүй учир аавууд маань аль болох хүүхдээ энгэртээ тэвэрч, хамтдаа цагийг өнгөрөөж байгаарай..

Хүүхэд өсгөхөд Солонгосчуудын хэлдэг нэг үг байдаг. Тэр нь нөхөр нь хүүхэд өсгөхөд туслах биш хамтдаа хийх зүйл юм гэж.. (хэхэ муухай махчилаад орчуулчихлаа.) Ямартай ч та эхнэртээ хийж өгч байгаа зүйлийг хэзээ ч битгий би энэ хүнд тусаллаа гэж бодоорой. Энэ бол таны хүүхдийнхээ өмнө хүлээсэн нэг хариуцлагынхаа хүрээнд хийж байгаа зүйл шүү.

Мөн ээжүүд минь дандаа битгий тусалсанд баярлалаа гэж байгаарай. Туслуулах биш хамтдаа хийх зүйл гэдгийг зөвөөр тайлбарлаж байх нь чухал шүү.

Мэдээж өдөржин ажилтай байж байгаад ирсэн нөхрөө чиний үүрэг гээд уурлаад дайраад бай гээгүй шүү.. Цаг боломжийг нь харж байгаад хийх ёстой зүйлсийг нь хийлгэж хамгийн гол нь эцэг хүүхэд хоёрыг хамтдаа өнгөрөөх цагийг олгож байгаарай.

Сонссон подкаст өөрийн бодол, туршлага, нэмэлтээр олж уншсан зүйлсээ нэгтгээд биччихлээ..


0 сэтгэгдэл