Гургуул бээр манай оронд зөвхөн Ховд голын сав газарт цөөн тоотой, бас Халх голын шугуйд тааралддаг гэх. Гэхдээ Их Хянганы салбар уулс, Буйр нуур, Азарга, Шинэ, Эмнэгт гол, Хүйтэн, Авдрантын булаг, Бөхмөрөн, Зэргийн хөндий болоод Ачит нуурын зэгсэнд ч бүртгэгдсэн гэж манай Улаан номонд тэмдэглэжээ.
”Хөрөг”
Араатан амьтны зураг хөрөг буулгах шохооролд автаж, түүндээ "донтож” явсаар нэг мэдэхнээ жигүүртний хойноос бас хөөцөлдөх болсон минь урт түүх. Гэхдээ нүдний хараа, ангийн дөр, сэтгэлийн тэвчээр, цаг, хөдөлмөр шаардсан энэхүү "дон” болбоос үргэлж уул хад, хөвч тайгад бэдрүүлж, гол мөрөн, нуур цөөрөм бараадуулж зүдрээхдээ таньж мэдэх, сурч ухаарахын жаргалд хөтөлдөгт нь дуртай. Чингэж сайн дураараа зүдрэх нь хот сууринд бухимдаж халуурсан тархи, мушгирч зангирсан эд эсийг тайтгарлуулах увидастай.
Утаа униар, хүн бөгөөд машины түгжрэл, алба болоод амьжиргааны бухимдалд бужигнаж, утас, интернэт,телевизор ухаж тайтгардаг нийслэлчүүдийн хувьд гургуул, гургалдай хоёр тийм ч сонин биш л дээ. Гэхдээ тэмээ, ямаа шиг ялгаатай энэ хоёр шувууны тухай товч өгүүлэхийг зорьлоо. Тэд энгө зүс, бие бялдар, идэш ууш болоод нутаг нугын хувьд ч тэс өөр.
Зэрлэг гургуул (Phasianus colchicus)-аас эхэлье. Эрэгчин гургуул болбоос Бурханы урланд төрсөн гайхамшиг.
Өнгө зүснийх нь нандин бүрдэл, бие цогцосынх нь төгс зохицол өөрийн эрхгүй ер бусын уран зураг мэт харагдах. Гэхдээ орчин цагт ийм шилдэг бүтээлийг усан, эсвэл тосон будгаар зурж амилуулах боломжтой эсэх нь эргэлзээтэй. Жигүүртний ертөнцийн төгс төгөлдөр үзэсгэлэн бол гургуулд бүрдсэн гэж хэлэх гээд байна.
Өнгөрсөн хаврын хуучдаар түүнтэй тааралдах аз гийсэн юм. Түүнийг дурангаар шагайж эхлэхдээ л дотроо дуу алдан биширч билээ. Цагираг шаргал нүд нь цадиггүй зурагчны онилсон хараанд нэг орж, нэг гарч сандаргана. Час улаан магнай, хацар, толигор ногоон хүзүү нь нарны тусгалд гоц туяарна. Хүзүү, мөрийг нь ороож заяасан цасан цагаан цагираг нь донж нэмнэ. Өнгө зүснийх нь нарийн ширийнийг бүрэн тоочих хэмээвээс өчүүхэн миний үгсийн сан дутах учраас орхиё.
Товчхондоо Ховдын үзэсгэлэнт гургуулыг "Монгол тогос”-ын үеэл хэмээчихвэл хол зөрөхгүй болов уу гэж муйхарлах юм. Гэвч гургуул, тогос хоёрыг яг таг ихэр гэх нь эндүүрэл, нүгэл болно. Энд зөвхөн тэдний нүүр нүд, толгой хүзүү, цээж хэвлий, нуруу хондлой,далавч сүүлнийх нь өд сөдний түмэн янзын өнгө төрхийг л жишиж буй ухаантай. Хятадын Юннань мужид саарал тогосон гургуул, Хайнань аралд хайнань тогосон гургуул бүртгэгдсэн байдгийг дашрамд дурдъя. Ингэхлээр тогосын үзэсгэлэнд дөхөж очих мэт.
Эмэгчин гургуул бээр жигдхэн цайвар бор зүстэй, дугираг шаргал бөгөөд хөөрхөн бүлтгэр нүдтэй, цэмцгэр гоолиг биетэй, шуумал нарийн сүүлтэй. Цаанаа л нэг охин төрхтэй.
Эмэгчин бор айлгүйтэн өдөж, эрэгчин нь хорхойтон дагаж шогших нь эвсэлцэх явдал руугаа тэмүүлцгээж буйг харуулна. Заримдаа зэрэгцэн гунхалзахыг нь ажваас "Юндэн, Нансалмаа” хоёрыг санагдуулам хээнцэр агаад наалинхай гэхэд хилсдэхгүй болов уу.
Эрэгчин нь хошуунаасаа сүүлийнхээ үзүүр хүртэл 60-90 см урт биетэй, түүнээс 50 см нь сүүл. Эмэгчин нь багавтар биетэй, 20-25 см урт сүүлтэй гэнэ.
Гургуул бээр манай оронд зөвхөн Ховд голын сав газарт цөөн тоотой, бас Халх голын шугуйд тааралддаг гэх. Гэхдээ Их Хянганы салбар уулс, Буйр нуур, Азарга, Шинэ, Эмнэгт гол, Хүйтэн, Авдрантын булаг, Бөхмөрөн, Зэргийн хөндий болоод Ачит нуурын зэгсэнд ч бүртгэгдсэн гэж манай Улаан номонд тэмдэглэжээ.
Харин яг энэ төрлийн гургуул хойд Хятад, мөн Европын нутаг, түүний дотор Шотландын зүүн хойд өндөрлөгт тархсан аж. Манай Хэнтийтэй төстэй Шотландын тэр нутагт нэгэн зуны эхээр бэдэрч явахдаа зэрлэг гургуултай тааралдах аз тохиосон удаатай.
Мань хашир бага үдийн алдад хоёр эмэгчин дагах ахуйдаа ганц нэг царцаа түүж явсан юм. Яг л манай Ховдын гургуулын өрөөсөн, өнгө зүс нь ч, алхаа гишгээ нь ч, дуу анир нь ч ижилхэн…
Би ч ойртох шуналдаа хөтлүүлж зүтгэсээр тэдэнд сэжиг өгчихөв. Эмэгчин нь сонор, сониучхан, адтай учраас мод түшсэн миний барааг харангуутаа л өндөр зэгсэн дундуур сэмхэн жороолж одсон юм. Шотланд "Юндэн” ч цочрон хөдлөхөд нь шурхийн ганц хоёр дарсан минь аяны олз болж үлдсэн нь энэ. Ер нь Европ болоод Хойд Америк дахь зэрлэг гургуулыг эрт дээр үед Азиас зөөж нутагшуулсан гэдэг.
"Шотланд Юндэн” "Монгол Юндэн”
Харин миний хувьд нутгийнхаа гургуулын зургийг дээрхээс дөрвөн жилийн дараа л буулгасан юм. Тэгээд л ийнхүү зэрэгцүүлж үзэх, хүүрнэх учир бүрдсэн хэрэг.
Гадаадад бол гургуулын махыг амтанд тооцдог учраас агнаж иддэг аж. Харин Ховдынхон бол буу шагайхыг цээрлэж, тахиж шүтдэг заншилтай. Тэгээд ч Улаан номонд орсон,ховор амьтны бүртгэлтэй, 1975 оноос хойш агнахыг хориглосон түүхтэй.
Хятад, ОХУ, Иран, Афганистан, Солонгос, Энэтхэг-Хятадын хойгт суурин амьдардаг шувуу аж. Хятадад алтан гургуул, мөнгөн гургуул, микадо гургуул, харин Японд зэсэн, бас ногоон гургуул тархсан байдаг.
Эрэгчин гургуул бол хахирдуу авиагаар исгэрэх аятай дуугарч хань ижлээ дууддаг, нутаг дэвсгэрээ хамгаалдаг. Тэр бүр нь өөр өөр исгэрэлт. Аюул заналаас сэрэмжлүүлэх өнгө аястай ч исгэрэх нь бүр онцлог. Тэднийг чоно, үнэг, заримдаа хярс ч бариад зооглочих тохиолдол байдаг гэлцэнэ. Тэд байгаль дээр богинохон насалдаг аж. Гургуул нисэх дургүй жигүүртэн боловч аюулд хөөгдвөл бараг 90 км/цаг нисэх чадвартай нь тогтоогджээ.
Гургуулыг орхиж гургалдай хэмээх дуучин жигүүртний тухай сонирхуулъя.
Манай орны дөрвөн зүг, найман зовхист олон төрлийн гургалдай тааралдана. Чихнээ чимэгтэй, сэтгэлд уянгатай жиргэх эдгээр гургалдай ихэнхдээ эс анзаарагдах. Учир нь жижигхэн биетэй.
Манай ардын дотор хамгийн танил нь алтан гургалдай. Түүнээс гадна сондорт гургалдай, зулбаран гургалдай, өнгөлүүрт гургалдай, хөх зоот гургалдай гэх мэт дуучин шувууд олон. Гургалдайнууд бээр гоц сайхан дуулдагаас гадна бас л үлэмж гоё өнгө зүстэй.
Өнгөлүүрт гургалдай хэмээх гайхалтай нэгэн дуучин байх. Өнгө нь ч нэн чамин.
Энэ эрхэм бол Намнаахайнхан овогтон, бор шувуутны багийн нүүдэлчин. Тэд Энэтхэг, Индонезиэсманайхыг зорьж ирж зусдаг. Нэг удаа загийн шугуйд таарсан цөөхөн хулан руу гэтэж явтал энэ гоцлогч жиргэж намайг сатааруулсан юм. Тэгээд л нөгөө хэдэн хулангаа орхиж энэхүү жүрж лугаа улбар шар хоолойтныг хойноос сууж, босч бэдэрсний эцэст олзтой үлдсэн юм. Тэр 15-16 см урт биетэй, дундажаар 16-20 грамм жинтэй бяцхан жигүүртэн. Гэхдээ тэрбээр хүчирхэг түрлэгтэй, шингэн уянгалаг жиргэдэг. Түүний хоолойнд маш уран хийцийн "лимбэ” заяажээ.
Сондорт хэмээх бас нэг гайхамшигт дуучин болбоос Африк, Европ, Ази, Аляскагаас манайд ирж Монгол Алтай, Хөвсгөл, Хэнтий, Их Хянганы гол мөрөн, нуур цөөрөм бараадаж зусдаг.
Хар Ус нуурын зэгсэнд энэхүү эрэгчин сондортын дуунаар сэрмэгцээ дурангаа шүүрч майхнаасаа огцом цухуйтал тэр үргээд нисчихсэн юм. Өөртөө уцаарлан цухалдах зуураа чимээ чагнавал холгүйхэн дуулах нь сонсдов. Үгээр хэлж, үзгээр бичиж баршгүй гоёмсог аялгуу нь гайхалтай чамин. Түүний босч суух, миний тонголзож дөхөх хоёрын хооронд асар том зөрүү байлаа. Гэхдээ нар мандаж, гэрэл тусгал нь жигдрэх харгуй түүний хөргийг буулгасан азтай. Энгэр нь хараар эмжигдсэн торгомсог цэнхэр өнгөтэй, тэр нь голдоо тод хүрэн улаан мэнгэтэй.
Өнгөлүүртээс ч жижиг биетэй энэ шувуухай бүдүүвтэр тэвнийн дайтай хулсан дээр тухалж суудаг өвөрмөц чадвартай аж. Мань эрийг дааж ядан явган салхинд найгах тэрхүү хулсны тэнцвэрийг мэдэрдэг нь сонин. Тэгээд содон уянгатай жиргэхийг нь амьсгал даран сонсох зуураа овоо хэд дарж билээ.
Сондорт, өнгөлүүрт хоёрын бие даасан "концерт”-ыг тийнхүү үзэж, сонсож улайрсан ахуйдаа өлөн шумуулын амны зугаа болж явснаа хожим нь л анзаарсан юм. Гэхдээ ганзага дүүрэн олзтой үлдсэндээ баяртай буцаж мордсон доо.
Гургуул, гургалдай хоёрыг Бурхан гайхалтай уран бүтээж хүмүүний хорвоод илгээжээ. Тэднийг энэрэн хайрлах нь буянтай үйлс. Зэрлэг гургуулын өд сөдний түмэн өнгө, түүний ихэмсэг агаад торгон алхаа, эмэгчин гургуулын элдэв араншин, өнгөлүүрт болоод сондорт дуучдын гайхамшигт "гогцлол” Монгол нутагт минь дутах цаг ирвэл хэрхэх бол гэж бодохоос зүрх шимширнэ.
"Нуур нь амгалан бол нугас нь амгалан” хэмээдэг мэргэн ардынхаа ухаанд найдна.
Г. БАТСҮХ
"Эс хайрлахын аргагүй ертөнц” цувралаас
2019.12.15
0 сэтгэгдэл