ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 03-06-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хоёр дахь өдөр Москва хотын төвд байрладаг "Метропол” хэмээх зочид буудлын гаднах дурсгалын самбарт цэцэг өргөх ёслолоор эхэллээ. Тус зочид буудал нь 100 гаруй жилийн түүхтэй төдийгүй Коммунист хувьсгалын их удирдагч В.И.Ленинтэй тэртээх 100 орчим жилийн өмнө Ардын засгийн удирдагчдын нэг, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар уулзаж, ОХУ-аас Монгол Улсыг дэмжих гэрээнд гарын үсэг зурж байсан газар байсан гэдгээрээ Монголын түүхэнд холбогддог. Цэцэг өргөх ёслолд Монгол Улсаас ОХУ-д хийж байгаа Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын багт багтсан албаны хүмүүс оролцлоо.
Москва хотноо "Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн нээгдэв
Үүний дараагаар Ерөнхий сайд Москва хотын олон улсын худалдааны төвд болж буй "Монгол-Орос, Евразийн нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа форумд оролцон үг хэлж, "Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.
Тэрбээр форумыг нээж хэлсэн үгэндээ "Хоёр улсын найрамдалт харилцааг улам бүр идэвхжүүлэхийн тулд бид хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллахаар өчигдөр бид ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевтэй ярилцсан.
ОХУ-ын бизнес эрхлэгчид та бүхэн зөвхөн эдгээр төсөл хөтөлбөрийн хүрээнд гэж хязгаарлалгүйгээр өөрсдийн сонирхож буй Монгол Улсын бүхий л салбарт хөрөнгө оруулалт оруулж, хамтран ажиллах боломжтой гэдгийг онцлон хэлэх байна. Хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд энэхүү форум хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” гэв.
Монгол морины хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ
"Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнд манай улсын 50 гаруй бизнес эрхлэгч, томоохон экспортын компаниуд оролцож, талууд төлөөлөл цаашид хамтран ажиллах санамж бичигт зурлаа. Мөн Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой хэрэг боллоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх форумд оролцсоныхоо дараа Дэлхийн II дайны хүнд бэрх цаг үед Зөвлөлт Орос улсын /хуучнаар/ иргэдэд хандан Монголчуудын ард түмнээс итгэл сэтгэлээ тээн бэлэглэсэн монгол морины хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
0 сэтгэгдэл