Улмаар дээрх нэр бүхий этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар яллагдагчаар татах хүсэлтээ өнгөрсөн 8-р сарын эхээр прокурорт хүргүүлсэн юм.
Мөрдөн байцаалтын явцад хэд хэдэн зүйл тодорхой болсон байна.
"60 тэрбумын схем"-ийг боловсруулах үйл явц 2014 онд болсон аж. Энэ үед Ц.Сандуй Нийслэлийн МАН-ын хорооны даргаар, А.Ганбаатар нь Нийслэлийн МАН-ын хорооны даргын зөвлөх, Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч, "Шинэ Монгол хаад" ХХК-ий Ерөнхий Захирал, Г.Доржзодов нь "Шинэ Монгол Хаад" ХХК-ий стратеги хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд Ц.Сандуйд Нийслэлийн МАН-ын хорооны НИТХ-ын 2016 оны сонгуульд хэрхэн оролцох стратеги, төлөвлөгөөг боловсруулж, тухайн үед МАН-ын дарга байсан М.Энхболдод танилцуулах шаардлага гарчээ.
Улмаар төлөвлөгөөг А.Ганбаатар, Г.Доржзодов нар Ц.Сандуйгийн удирдлага дор гардан боловсруулсан байна. Тэдэнд Ц.Сандуйгийн эгчийн хүүхэд болох н.Өлзий гэгч тусалжээ.
Улмаар тэд Нийслэлийн МАН-ын хорооны 2016 оны НИТХ-ын сонгуульд оролцох стратеги төлөвлөгөө буюу "60 тэрбумын схем" гэгчээ МАН-ын дарга байсан М.Энхболдод танилцуулсан бөгөөд төлөвлөгөөтэй танилцсан М.Энхболд батлах буюу хэрэгжүүлэх зөвшөөрөл огт өгөөгүй аж.
Иймээс Ц.Сандуй, А.Ганбаатар "60 тэрбумын схем"-ыг боловсруулсан Г.Доржзодовт ямар ч мөнгө өгөөгүй төдийгүй нэгэнт схем хэрэгжихгүй болсон тул түүнийг стратегийн зөвлөхийн ажлаас нь халжээ. Үүнд нь өширхөж, гомдсон Г.Доржзодов УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр "60 тэрбумын схем"-ийг М.Энхболдод танилцуулах үеийн бичлэгийг хэсэгчилэн дэлгэсэн аж.
Г.Доржзодов "60 тэрбумын схем"-ийг боловсруулагчдын нэг болох нь түүний өөрийнх нь дэлгэсэн бүтэн бичлэгээр нотлогдож буй бөгөөд тэрээр энэ үеэр төрийн албыг зарах санаархлыг ердийн л таксаа төлж буй хэрэг, үүнийг заавал Монголд хэрэгжүүлэх ёстой, Европын олон оронд ийм жишиг байдаг хэмээн М.Энхболдод тайлбарладаг юм байна.
Н.Болд
Эх сурвалж: sonin.mn
16 сэтгэгдэл