Нэг л өдөр урд хөрш хилээ хаалаа гэхэд мал мах, тариа буудай л монголчуудын амин зуулга болно. Тэр утгаараа тусгайлж дэмжихээс аргагүй салбар. Бүр больё, малчид, тариаланчдаа дэмжихээ байг гэхэд хулгайч нараас нь салгаад өгчихмөөр байна. Бүр тодорхой жишээ гэвэл Сэлэнгэ аймгийн хулгайчдад хууль үйлчлэхээ болиод удсаныг онцолж тодотгоё. Малчид, тариаланчдыг онилсон хулгайн бүлэглэл яах аргагүй онцгой анхаарахаар асуудлын нэг болчихож.
Хулгайд байдгаа алдсан малчид, тариаланчдын гомдол Цагдаагийн байгууллагад ихээр ирэх болжээ. Харамсалтай нь ихэнх гомдол цагдаа дээр ирээд шийдэгдэхгүй дарагдах тохиолдол олон байдаг юм байна. Шалтгаан нь маш тодорхой. Мэдээж Сэлэнгэд хулгайтай тэмцэж яваа олон шударга цагдаа бий. Гэвч хулгайчтайгаа үгсэн хуйвалддаг, үг зааж өгдөг, ялаас мулталдаг, чөлөөлдөг, хэргийг нь хэрэгсэхгүй болгодог, хаацайлдаг зарим цагдаа нар ч бас байна. Өөрдсөө хулгай илрүүлэхгүй, хулгайн хэргүүдийг дардаг мөртлөө илрүүлээд өгсөн хулгайн хэргийг орхиж, хулгайч нарыг нь өөгшүүлэх тэдний хандлага олон жил үргэлжилж байна.
Хулгайд хамгаа алдсан малчид, тариаланчид цагдаад хандаад арга мухардаж, эцэст нь хаана, хэнд хандахаа мэдэхээ байж. Сэлэнгэ аймагт газар тариалангийн томоохон аж ахуйн нэгжийн захирлууд хулгайгаас болж аргаа барж яваагаа ярьж байна. Зунжин хөлсөө урсгаж, хөрөнгө мөнгө зарцуулж ургуулсан ногооных нь талыг хулгайлдаг гэж нэг компанийн захирал толгой сэгсрэн ярьсан удаа бий. Бүр сүүлдээ зарим компанийн захирал хулгайн хэргийн талаар мэдээлэл худалдаж авна гэсэн зар тавьсан харагдсан. Аргаа барсан хүний л хийх үйлдэл. Аргаа барсан тариаланч мэдээлэл худалдаж авах замаар хулгайтай тэмцэж байна.
Ер нь тариалангийн гол бүс болсон Сэлэнгэд хулгай их гардгийг олон хүн хэлдэг. Мал, техник, тариа ногоогоо хулгайчид алдаад олж чадаагүйгээ олон малчин, тариаланчийн пост, комент сүүлийн үед их анзаарагдах болсон. Тэр хүмүүсийн сэтгэгдлийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн дарга, цагдаа нар зориод харчихмаар юм билээ.
Хулгайн бүлэглэл жирийн малчны хотноос хонь авах, энгийн тариачны талбайгаас төмсийг нь хамахаас хэтрээд өндөр харуул хамгаалалттай том компаниудаас хулгай хийж хамгийг нь хамаад эхэлсэн нь харагдаж байна. Бүлэглэл болсон, мафижсан хулгайч нар л ингэж чадна. Сэлэнгийн цагдаагийнхан хулгайчдыг мэдэхгүй байна гэдэгт хэн ч итгэхгүй. Хөдөөнийхөн өөр зуураа хулгайчийг нэр устай нь яриад сууж байхад өчнөөн жил хулгайн хэрэг дээр ажилласан цагдаа нар хулгайч нараа олохгүй байна гэж үгүй.
Сэлэнгэ аймгийн хууль хяналтынхан энэ төрлийн хулгайн эсрэг хамгийн хүчтэй зогсох ёстой фронт. Гэтэл хулгайчдыг өөгшүүлж, тавиад явуулдаг, эсвэл хэрэг үүсгэсэн дүр эсгэж өнгөрөөсөөр ийнхүү хулгайчид бүлэглэл болж томрох замыг зааж өгсөн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлээд эхэлчихлээ.
Нарийн яривал цагдаа нар нь хулгайч нарт үг зааж өгдөг, гол толгойлогчдыг нь хариуцлагаас мулталдаг гэдэг. Харин хариуцлага үүрээгүй гарсан толгойлогч цагдаад байгаа өөрийн хүмүүстээ нөлөөлж хэргийг хөнгөрүүлдэг, буцаадаг, хэрэгсэхгүй болгуулдаг жишиг нэгэнт тогтоод удсан гэсэн хардлага ч бий. Ялангуяа Сэлэнгэ аймагт яг ийм жишгээр олон тооны хэрэг дарагдсан гэж малчид, тариаланчид өөр зуураа ярьцгааж байна. Эцэст нь хэлэхэд хулгайн бүлэглэлийг хамгаалдаг цагдаа нартаа л хариуцлага тооцмоор байна.
Хулгайч нарт хүлээлгэх хуулийн хариуцлага хэтэрхий хөнгөн, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэж буй байдал дэндүү сул учраас тэд бүлэглэл болтлоо хөгжсөнийг энэ дашрамд онцолъё. Тийм болохоор л урт гартнууд хуулийн хариуцлагаас айхаа больчихож. Мал аж ахуй, газар тариалангийн салбарт нүүрлэсэн хулгай онц байдал зарлахаар хэмжээнд хүрсэн нь цаанаа ийм учиртай.
Ц.Билиг
Эх сурвалж: Өдрийн сонин
0 сэтгэгдэл