1983 онд Киевт болсон самбо бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлж явсан эрхэм бол өдгөө бизнесийн салбарын манлайлагчдын нэг билээ. Спортын дэвжээнээс бизнесийн талбарт "хүч бяраа” мэдрүүлсэн түүнийг Халтмаагийн хүү гэхээсээ илүүтэй Женко компаниар нь овоглодог. Өнөөдрийн оргилд хүртлээ олон бартаа нугачааг туулсан Х.Баттулгаар бахархах хүн цөөнгүй.
Доллараар зураг зурж, атамануудтай халз явсан үе
Угийн гарын дүйтэй, зураач мэргэжилтэй тэрээр багаасаа ээжийгээ үйл урлахыг хараад юм оёж сурсан нь түүний бизнесмэн болох гарааг тавьсан гэлтэй. Сурагч ахуй цагтаа дүрэмт хувцасныхаа загварыг өөрчилж, чамин болгодог болохоор үеийнхэн нь түүний анхны үйлчлүүлэгчид болдог байж. Мөн хүүхдүүдийг байлдан дагуулж байсан Ну Погоди хүүхэлдэйн киноны баатруудын зургийг подволкон дээр буулгаж зарна. Тэрээр наймдугаар ангиа төгсөөд Дүрслэх урлагийн сургуульд орж зураач мэргэжил эзэмшсэн юм. Өдгөө өөрөөр нь овоглогддог Баянгол зочид буудлын үүдэнд жуулчдад нэг ам.доллараар таталбар зураг зурж өгөөд тухайн үедээ л нүдний гэм байсан жинсэн өмд, бохь, амттанг долларын дэлгүүрээс авчихдаг сүйхээтэй хүү байв. Мэдээж наймаа хийх нь хориотой байсан болохоор цагдаа нарт хөөгдөж зугтана гээд хөгтэй зүйл бишгүй тохиолдож байснаа өөрөө дурсдаг юм билээ.
"Яармаг”-ийн хүү өглөө эрт 06.00 цагт босч зурсан зургаа үүрэн автобусанд чихэлдэх нь төвөгтэй байж. Тиймээс таксины мөнгө олохын тулд хувцас хийж зарна. Сургуульд хүрэх замдаа Банкны 84-ийн атамануудтай халз тулгарч гар зөрүүлэх нь энүүхэнд. Тиймээс Ж.Халтмаа гуай дунд хүүгээ дүүгийнх нь адил бөх болгохоор шийдсэн гэдэг. Энэ бүхнийг нуршсаны учир нь түүний бизнесийн амжилтын түүх тэр үетэй салшгүй холбоотой билээ.
Тамирчны мөрөөдлөө биелүүлээд ганзагын наймаачин болохоор эрс шулуудав
1980-аад онд сайд дарга нар эсвэл шигшээ багийн тамирчид л гадаад улс орон руу зорчих эрхтэй байлаа. Тамирчин болсноор тэмцээнд оролцож олон орноор аялсан нь Х.Баттулгын нүдийг нээсэн аж. Гадныханы хэрэглэж буй бүхэн түүнд ихэд сонин содон байсан нь дамжиггүй. Тиймээс энэ бүхнийг яагаад Монголчууд ч гэсэн эдэлж хэрэглэж болохгүй гэж гэсэн бодол түүнд төрөх болж.
Барууны орнуудад хүүхдийн хувцас ихэд үнэтэй байдаг нь түүний нүдэнд тусах нь тэр. Тиймээс эх орны үйлдвэрийн хямд даавуугаар хувцас урлаад тэмцээнд явахдаа борлуулчихдаг болов. Тарвага, булган малгай, дээл өмсөж гараад л гадныханд өндөр үнээр зарна. Их ашигтай байсан болохоор, мөн тамирчныхаа зорилгыг биелүүлж дэлхийн хошой аварга болж, орон байртай болох мөрөөдлөө биелүүлсэн учраас 1990-ээд оноос ганзагын наймаанд сэтгэл шулуудан оржээ. Зураг зурж, хувцас урлаж зарсаар тухайн үед 1000 гаруй ам.доллар цуглуулж дөнгөсөн байлаа. Тиймээс Орос, Хятад хоёрын хооронд наймаа панз үсэргэх болов. Улмаар "том” хөдлөхийн тулд өдгөөгийн Хэт компанийн захирал А.Гантөмөрөөс 10 мянган ам.доллар зээлж Сингапураасыг видео камер зөөж Бээжинд хэд дахин нугалж зарсан байдаг. Нэг хэсэгтээ уг бизнес нь овоо явж байсан ч манайхан нэгнээ хуулбарлахдаа гаргууд сайн болохоор өрсөлдөгчдийн тоо олширчээ. Тиймээс арай өөр төрлийн наймаа хийх ёстойг ойлгож Урлан нэртэй хоршоо байгуулж, Гүрж ногоон цай тэргүүтнийг оруулж ирдэг болов.
Саятан сугалаа, "шар” такси, Сити шоп-оор монголчуудыг алмайруулж явлаа
Тамирчин хүн болоод ч тэр үү угаас аливаад шантарч, бууж өгнө гэдэг ойлголт түүнд үгүй. Түүний дээр сийрэг толгойтой, жинхэнэ бизнес сэтгэлгээтэй нэгэн учраас барууны соёлыг Монголд нэвтрүүлж эхэллээ. Х.Баттулгын хувьд дэндүү гэмээр эх оронч сэтгэлтэй учраас "хөрөнгөтөн” орныхоны эдэлж хэрэглэдэг бүхнийг монголчууддаа мэдрүүлэхийг зорьсон нь олон зүйлийн эхлэлийг тавьсан юм. Өдгөөгийн сүлжээ их дэлгүүрүүдийн суурь болох Сити шоп, "шар” таксиг Х.Баттулга л анх Монголд нэтрүүлж байлаа. Мөн "Саятан” сугалааг сэдэж BMW автомашиныг бай шагналд нь өгсөн билээ. Ер нь энэ эрхэмд хийж үзээгүй бизнес бараг байхгүй гэвэл дэгсдүүлсэн лав болохгүй биз.
Кино үзэх хоббитой тэр дундаа Марио Пьюзогийн цуутай зохиол болох Загалмайлсан эцэг кинонд "нугасгүй” учраас компаниа Женко хэмээн нэрлэсэн гэдэг.
Түүний бизнес үргэлж шулуун дардан замаар яваагүй. Харь оронд нутаг нэгтэндээ гадуурхагдан гудамжинд амьдарч, олон сар, жил цуглуулсан мөнгөө Оросын цагдаа нарт алдсан, 17 чингэлэг спиртийн дуулианы санхүүжүүлэгчээр тодорч гадаадад бүгж байсан гээд бараан дурсамж түүнийг тойроогүй. Гэсэн ч аливаа зүйлээс боломж гаргаж чаддаг нь түүний төрмөл авьяас гэлтэй.
Өмч хувьчлалд оролцож, бүтээн байгуулалт хийж эхэлсэн нь
Ганзагын наймаанаас мөнгөжсөн болохоор 1990-ээд оны дунд үед бэлэн мөнгөтэй байсан нь их хувьчлалд оролцох сайхан завшаан болж. Тиймээс Талх чихэр, Мах импекс, Баянгол, Улаанбаатар зочид буудлуудын хувьчлалд оролцож өөрийн болгож авсан.
30 гаруй жилийн түүхтэй Талх чихэр компанийн 30 хувийг банкны барьцаанаас чөлөөлсөн нь дараагийн хувьчлалд давуу эрх үүсгэж өөрийн болгосон нь 1999 он. Харин Улаанбаатар зочид буудлын тухайд сүүлд намд нь их хэмжээний мөнгө шаардлагатай болсон тул өөрийнхөө хувиа талийгаач Ш.Отгонбилэг, Ц.Балдорж нарт худалдсан байдаг.
Анх тамирчин болоод Баянгол зочид буудалд байрлаж лифтэнд сууж соёлын шок-д орж байсан тэрээр 1981-1990 оныг хүртэл тус зочид буудалд байрлаж байсан учраас сэтгэлд нь ихэд ойр байдаг тухайгаа нэгэнтээ хуучилсан.Тиймээс Хэнмэдэх даргын зөвлөснөөр тус зочид буудлыг худалдаж авсан аж.
Түүний омогшил жуулчдын нүдийг хужирлаж, нүүр тахалсаар
Дуртай киногоороо нэрлэсэн түүний компани өдгөө уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, барилга, банк санхүү, боловсрол, хэвлэл мэдээлэл, хүнс, үйлчилгээний салбарт 10 гаруй охин компани "төрүүлжээ”.
Монгол хүн, эзэн Чингисийн үр сад гэдгээрээ омогшиж явдаг тэрээр Цонжин болдогт Чингисийн морьт хөшөө цогцолбор, XIII зуун цогцолборыг сүндэрлүүлсэн нь гадны жуулчдын төдийгүй монголчуудын очих дуртай газрын нэг болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Мөн олон түмний дэмжлэгээр Их Майдар бурхан 108м өндөртэй Гандангийн суварга босгох, цаашлаад Майдар нэртэй хот байгуулахаар зорьж яваа. Дэлхийн талыг байлдан дагуулж эзэгнэж явсан их хааны цэргүүдийн суу алдрыг мөнхлөх Түмэн хишигтэн төсөлщ ч түүнийх.
Архи огт амсдаггүй тэрээр анхны диско барууд болох Холливуд, Моторок, Маттис-ын эзэн явсан. Харин 17 чингэлэг спиртний дуулианд холбогдсон болоод ч тэр үү энэ төрлийн бизнест тун дургүй болсон байна. Тэрээр "Эрх мэдэл, мөнгө хүнийг эвддэг. Ялангуяа 28-30 насанд тийм зүйл тохиодог. Миний хувьд алдаж явсан үе бий. Гэхдээ хүн эвдэрсэнээ ухаарах л хамгийн чухал” хэмээн хэлсэн удаатай. Үр хүүхдүүдээ багаас нь хэт тансаглалд автуулахгүй гэсэндээ том хүү Б.Жавхлангаа наймдугаар анги төгсөнгүүт нь өөрийн Мах Импекс компанид ачигчаар ажиллуулж байсан юм билээ.
Өдгөө эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж, цөөхөн хэдэн монголчуудаа ажилтай, орлоготой болгохын тулд хичээж яваа тэрээр өөрийгөө "Би их муу улстөрч эсвэл маш сайн бизнесмэн байх” хэмээн тодорхойлсон юм.
0 сэтгэгдэл