МАХН нэрээ сэргээн шинэчлэгдэн байгуулагдсан Онц их хурлын зургаан жилийн ой өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиов. Анхны Онц их хурал хуралдсан 2011 онд тус нам "Шударга ёсны хувьсгал”-д уриалж байв.
Өнгөрсөн онд Онц их хурлын таван жилийн ойгоор улс орноо хөгжүүлэх, "Хөгжлийн хувьсгал” хийх цаг болсныг зарлаж байсан юм. Энэ удаа Онц их хурлын зургаан жилийн ойгоор Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах саналаа улс төрийн намууд, эрдэмтэн, судлаачдаар хэлэлцүүлж, санал дүгнэлтийг нь сонсов. Хэлэлцүүлэгт урилгаар оролцсон МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, Ногоон намын нарийн бичгийн дарга Д.Маам нар МАХН-ын Онц их хурлын зургаан жилийн ойд баяр хүргээд өнөөдөр улс төрийн намуудын байдлыг ажиглахад эрх баригч нам томилгоо, сандал, ширээний хэрүүлээсээ салаагүй.
УИХ-ын сонгууль өнгөрөөд долоон сар болж байхад хийсэн зүйлгүй сууцгааж байна. Ардчилсан намынхан даргаа сонгохоор дотооддоо бужигнаж, бусад ажлыг хойш тавиад байгаа. Тэгвэл МАХН Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах төсөл боловсруулж, санал авах, хэлэлцүүлгүүдийг шат дараатай зохион байгуулж, ажил хэрэгч хандаж байгаад талархал дэвшүүлье хэмээн онцолж байв. Хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэе.
Ц.Шаравдорж /Монгол Улсын гавьяат хуульч/: ШҮҮХ ЗАСАГЛАЛ ХАРААТ БУС БАЙХ ЁСТОЙ
-Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдан мөрдөгдөж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрчээ. Өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх, нийгмийн хөгжил дэвшилтэй холбогдуулж шинээр томъёолох зайлшгүй шаардлагатай. Иймээс МАХН Үндсэн хуулийг шинэчлэн батлуулахын төлөө санаачилга гаргаж, зохих зүйл заалтууд дээр ажиллаж, ажил хэрэгчээр хандаж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлэг тэр л ажлын нэг тал нь юм. Үндсэн хуулийн нэг чухал тал нь шүүх засаглал.Тэр дотроо хууль, шүүхийг авч үзвэл, шүүх эрх мэдэл гэдэг хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой, түүнд халдах, бас хамгаалах асуудлууд нь монгол хүний язгуур эрх ашигтай холбоотой. Иймээс 1992 оны шинэ Үндсэн хуульд анх удаагаа шүүх эрх мэдэл гэсэн бүлгийг оруулж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчмын дэвшлийг гаргасан. Тэгвэл өнөөдөр энэ тал руу эргэн харж, ажиллахаас аргагүй болсон.
Одоогийн байдлаар шүүгчдийг Ерөнхийлөгч томилдог. Шүүх нь Ерөнхийлөгчийн үгээр явдаг. Үүний цаана хүний эрх, эрх чөлөөг боомилдог гэх юм уу, үл хайхарсан явдал гарч байна гэдгийг хуульч, судлаачид хэлдэг. Нөгөө талаас хүний эрхийг жинхэнэ ёсоор хууль, шүүхийн өмнө хамгаалдаг юм нь алга болсон. Прокурор ялладаг, шүүх нь тэдний үгэнд ордог, өмгөөлөгч нь үгээ хэлж чаддаггүй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүх засаглал дахь эрхийг хязгаарлах ёстой. Нэгдүгээрт, аймаг, нийслэлийн шүүгчдийг бүх ард түмнээс сонгодог болвол ямар вэ. Хоёрдугаарт, хууль тогтоох ёслолыг Бага хуралдай, Үндэсний их хуралдай гэсэн хоёр шатлалтай болгоё. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосноор Үндэсний их хуралдай томилдог хувилбар байж болно. Гол нь нэг хүний, эсвэл нэг улс төрийн хүчний хараа хяналт, томилгооноос салгах ёстой.
Ц.Оюунбаатар /Шадар сайд/:ХУУЛИЙН СУУРИЙГ ХИЙЖ ДУУСЛАА
-Монголын ард түмэн, монгол айл бүхэнд ярьж буй өнөөгийн тулгамдаад байгаа хүндрэл, бэрхшээлийг Үндсэн хуулийн замаар, хууль эрх зүйн замаар давж гарах нөхцлийг бүрдүүлэх үүднээс МАХН санаачлан эрдэмтэн, судлаачид, бусад нам, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулж Монгол Улсын тавдугаар Үндсэн хуулийн суурийг хийж байна. Энэ ажлыг бид хоёр жил гаруй хийсэн. Сүүлийн хоёр сар хуулийн төсөл дээр цаг наргүй сууж ажиллаж байна.
Хуулийн гол суурь бүрдсэн. Үндсэн хуулийн гол онцлог бол өмнө байсан өнөөгийн мөрдөж байгаа хуулиас зарчмын том ялгаатай. Монгол Улс эдийн засгийн, улс төрийн хүнд байдалд байгаа энэ үед хямралаас гарах арга замыг бид Үндсэн хуулийн өөрчлөлт гэж үзсэн. 20 гаруй намд хуваагдаж гуравхан сая хүн маань хоорондоо дайсагнасан, зөрчилдсөн, эрх баригч нам бүхнийг хүчээр, мөнгөөр шийддэг боллоо. Төрийн албыг мөнгөн үнэлгээнд оруулж, 50, 60, 100 саяар үнэлчихсэн ийм нөхцөлд бид Монгол орноо аваръя гэж тавдугаар Үндсэн хуулийн суурийг хийж байгаа юм. Гол санаа нь төр, засгийн эрх мэдлийг Монголын нийт ард түмэнд бодит утгаар нь хүргэе.
Үүний тулд Ардын их хуралтай болъё. Их хурлаа Монголын нийт ард түмнээс, тэдний нэр дэвшүүлснээр сонгох, сонгогдох бололцоотой. АИХ-ын гишүүд 201-510 гишүүнтэй байхаар тоо тавьж байгаа. Хуучин АИХ сум бүрээс нэг хүн, аймаг, дүүрэг, үндэстэн, ястны төлөөллөөс бүрдэж байсан. АИХ бүх ард түмний шууд төлөөлөл. Аливаа асуудлаар шууд шийдвэр гаргах эрхтэй. Улсын бага хурлын гаргасан хууль,тогтоомжид өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асар өргөн эрхийг эдэлнэ. Улсын Бага хурал улс төрийн нэр дэвшүүлснээр, тогтолцоо нь мажоритар эсвэл порпорциональ байж болно. 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулна.
Магадгүй 51 гишүүнтэй байж болно. Улсын Бага хурлын гишүүн, АИХ-ын гишүүн аливаа албан тушаал хавсрахгүй. Давхар дээл өмсөхгүй. Харин Засгийн газар нь шууд ард түмнээс шууд сонгогдсон Төрийн тэргүүн удирдана. Засгийн газар нь 15-аас илүүгүй яамтай байна. Дур зоргоор найз нөхөд, ах дүү садандаа сайдын суудал, яам,агентлагаар бэлэг барьдаг явдлыг цэгцэлнэ. Шүүхийг хараат бус болгоно. Хамгийн гол нь Үндсэн хуулийн заалт хүн төвтэй нийгмийн тогтолцоо байна гэсэн саналыг бид боловсруулаад байна.
Ч.Өлзийсайхан /Улс төр судлаач/: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИНЭ
-Засаглалын тухайд хэлэлцүүлэгт оролцогчид олон хувилбарыг дэвшүүлж байна. Миний хувьд Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв гэж үзэж байгаа. Учир нь парламентын засаглалд янз бүрийн ашиг сонирхол орж ирдэг. Түүнээс үүдэн Засгийн газраа унагаадаг, төрийг тогтворгүй болгодог. Энэ үүднээсээ Ерөнхийлөгч өөрөө Засгийн газраа байгуулаад ажиллавал хариуцлага ч давхар ирнэ. Ашиг сонирхлын зөрчилтэй парламент үүсч, хууль захиалдаг, баталдаг байж таарахгүй.
Үүнээс ард түмэн хожихгүй. Төрийг ард түмний төлөө ажилладаг болгоход хууль тогтоох байгууллагыг өөрчлөх ёстой. Ерөнхийлөгчид илүү эрх мэдэл өгөх хэрэгтэй. Харин Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох нь зөв. Парламентаас сонговол эргээд нөлөөнд орж эрх нь хязгаарлагдана. Ард нийтийн санал асуулгаар хууль баталдаг байхыг хуульчлах ёстой. Хууль тогтоох байгууллагад байгаа шүүрэн шанага шиг байдлыг өөрчлөх хэрэгтэй.
Э.Эрдэнэжамъян /МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч/: БҮХ ТАЛЫГ ОРОЛЦУУЛСАН ХУВИЛБАР ГАРГАНА
-Үндсэн хууль бол хууль тогтоогчийн хийдэг бизнес биш. Энэ ард түмний хийдэг ажил. Ард түмэн бид Их хурлаа яаж байгуулах вэ, Засгийн газраа яаж байгуулах вэ гэдгээ шийдэх учраас эхний алхам нь бүх ард түмнээр Үндсэн хуулийг өөрчлөх төслөө хэлэлцүүлье гэж байгаа. Бусад нам, төр засгийн байгууллагууд дээрх хуулийн өөрчлөлтийг яриад хийгээд явж байгаа байх. Гэхдээ Үндсэн хууль хэн нэгний автортой байж болохгүй учраас тэр хүмүүс ч бас бидний гаргаж байгаа саналтай нийлж байвал нийцүүлье. Тэдний боловсруулсан төсөлд мөн илүү сайн зохицуулсан зүйлүүд байвал тэрийг нь авъя. Бүгдээрээ хамтраад илүү сайн Үндсэн хууль гаргах нь зүйтэй гэж үзэж байна.
З.Баянсэлэнгэ /УИХ-ын гишүүн асан/: ЦОО ШИНЭ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСАН
-Өнөөдөр МАХН-ын Онц их хурал хуралдсаны зургаан жилийн ойн баярын өдөр. Ойг тохиолдуулан шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг улс төрийн намууд, эрдэмтэн, судлаачдыг оролцуулан хийж байна. Хуулийн төслийг яагаад боловсруулах болсон бэ гэхээр өнөөдөр бидний эцэг хууль хэмээн хүндэтгэн дагаж мөрдөж, хэрэгжүүлж байгаа Үндсэн хууль маань Монгол Улсын хэмжээнд бүрэн хүчин чадлаар хүрч, хэрэгжиж чадаж байна уу.
Үүнд олон хүн, ялангуяа судлаачид шүүмжлэлтэй ханддаг. Хамгийн наад захын жишээ нь, Монгол Улс өнөөдөр Ерөнхийлөгчийн засаглалтай байна уу, парламентын засаглалтай байна уу. Эрх мэдэл хуваарилах энэ зарчим алдагдаж системийн гажуудал үүссэн. Энэ удаа МАХН цоо шинээр Үндсэн хуулийн төслийг боловсруулж байгаа. Гэхдээ энэ өмнө нь яригдаж байсан сэдэв мөн үү гэвэл мөн. Хамгийн гол нь бодит байдлаар хэрэгжүүлэх үүднээс олон талын оролцоотой хэлэлцүүлж эхлээд байна.
Г.Бямбасүрэн /МАХН-ын нарийн бичгийн дарга/: ЭЦЭГ ХУУЛИЙГ ЗАЙЛШГҮЙ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ
-Үндсэн хууль батлагдаж хэрэгжээд 25 жил боллоо. Энэ хугацаанд Үндсэн хуулийн үнэ цэнэ, ач холбогдол, үүрэг роль ямар байсан нь одоо бидэнд улам тодорхой болж байна. Ялангуяа Үндсэн хуулиар төрийн институц, хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагуудын уялдаа холбоо, эрх үүрэг өнөөдөр Монгол орны хөгжил, ард түмний сайн сайхан амьдралыг удирдан чиглүүлэх үүрэг тун хоцорчээ. Ардчилсан Үндсэн хуультай боллоо гээд өнгөрсөн 20 гаруй жилд ардчилсан улс болж чадаж уу гэдэгт бид дүгнэлт хийх ёстой болсон байна. Ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадаагүй учраас өнөөдөр манай улс орны хөгжил, ард түмний амьдрал урагшаа биш хойшоо ухрахад хүрсэн. Тиймээс Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.
Х.Оюунцэцэг /Хуульч/: МОНГОЛЫН ХӨРСӨНД БУУСАН САЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСАН
-Монгол Улс хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулж, нийгмийн гол харилцааг зохицуулж байдаг Үндсэн хуулиа өөрчилдөг тодорхой хугацааны цикль бий. 1924, 1940, 1964, 1992 оны түүхийг харвал, Монголын нийгмийн үндсэн харилцааг зохицуулж байгаа хууль маань 20 гаруй жилийн мөчлөгтэй байгаа. XXI зуунд бид яаж амьдрах вэ, Монголын ард түмний язгуур эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудлыг авч үзэж байгаа 1992 оны шинэ Үндсэн хууль бол шилжилтийн үе байсан гэдэг утгаараа өөрчлөх шаардлагатай зүйлүүд нэлээд бий.
Энэ эмзэглэх зүйл биш. Тэр үед Монгол Улсын төр, нийгмийн харилцаа 100 хувь өөрчлөгдөж байсан. Одоо бид юуг өөрчлөх вэ гэдгээ Үндсэн хуулиар зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Эхний ээлжинд Монголын төр ард түмний язгуур эрх ашгийг хамгаалагч, илэрхийлэгч байх талаас учир дутагдалтай байгаа. Засаглалын хуваарилалтыг эргэж харах, төрийн эрх мэдэл, шүүх засаглал, тэдний хоорондын харилцан хамаарал гэхчлэн олон харилцааг шинэчлэх шаардлагатай. Нөгөө талаас иргэн хүний эрх, төрд оролцох оролцоо, хүртэх хүртээмж талаас МАХН-аас боловсруулж буй хуулийн төсөл Монголын хөрсөнд буусан, сайн болсон гэж үзэж байгаа.
МАХН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд оруулах саналаа ийнхүү шат дараатай, олон талын оролцоотой хэлэлцүүлж байна. Ирэх долоо хоногоос хуулийн төслийг хэвлүүлэх, хөдөө орон нутгаар хэлэлцүүлэх зэрэг ажлыг эхлүүлэх юм байна.
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
776 сэтгэгдэл