|

Нийт хүүхдийн 95 орчим хувь нь шүдний цоорол ѳвчтэй байна

Нийт хүүхдийн 95 орчим хувь нь шүдний цоорол ѳвчтэй байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 255 дугаар тогтоолоор батлагдсан "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлт Архангай аймагт боллоо.

Архангайд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчлөл хүүхдүүдийн дунд 95 орчим хувийн тархалттай байгаа бөгөөд сурагч өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй олон архаг өвчний суурь болж байна. Мөн иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйн улмаас бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөл буурахгүй байгааг мэргэжлийн байгууллагын зүгээс хэлж байгаа юм.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан шүдний өвчлөлийг бууруулахад дан ганц эрүүл мэндийн байгууллага ажиллах нь хангалтгүй бөгөөд бусад салбарын оролцоо түүний дотор боловсролын байгууллагууд чухал үүрэгтэйг онцоллоо.

Архангай аймгийн хэмжээнд 0-16 насны 32300 хүүхэд байна. Энэ нь нийт хүн амын 34 хувийг эзэлж байгаа юм. Хүүхдийн шүдний тасгийн эмчид ихэвчлэн 3-12 насны хүүхдүүд шүдний цоорлоор хандаж эмчилгээ хийлгэдэг байна.

Үндэсний хѳтѳлбѳрийн нээлтийн үеэр хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар эцэг, эх, боловсролын байгууллагын үүрэг оролцоо, сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоолны чихрийн агууламжтай бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах талаар тодорхой мэдээллүүдийг ѳглѳѳ. Хѳтѳлбѳрийн хүрээнд 2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхдийг, зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхдийг үзлэг, эмчилгээнд хамруулна.

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас 1 хүүхдэд 60.000 хүртэлх төгрөгийн шүдний тусламж үйлчилгээг аймгийн хэмжээнд "Тана-Арцат” шүдний эмнэлэг үзүүлнэ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүдний кабинетаар шүдний үзлэг, эмчилгээг хийж байна.


1 сэтгэгдэл