Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл, улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан судлаач, профессор Д.Чулуунжавын 2017 онд анх нийтлүүлж байсан "Нам шиг намтай л болохгүй бол дээд зэргийн Үндсэн хууль байгаад ч нэмэргүй" өгүүллийг дахин хүргэж байна.
Орчин үеийн Монголын нийгмийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилт нь
НЭГДҮГЭЭРТ, Нийгэм дэх улстөрийн системийг төгөлдөржүүлэх,
ХОЁРДУГААРТ, Төрийн тогтолцооны зохист шинжүүдийг улам бүр боловсронгуй болгож тогтворжуулах, тэнцвэржүүлэх явдал юм. Гэтэл өнөөдрийн байдлаар улстөрчид зөвхөн л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай шуугицгааж байна. Зүй нь төрийн тогтолцоог өөртөө багтааж буй улстөрийн систем, намуудын чанар, байдал, намуудын үзэл санаа, бодлогын талаар, намын зохион байгуулалт, сахилга, сонгуулийн хөтөлбөрийн биелэлт, авлигаас хол хөндий байх дархлаа, намуудын дотоод хяналт, санхүүгийн нь бүрдэлт ба тайлан, намуудын тухай хуулийг боловсронгуй болгох талаар эхэлж ярих, улстөрийн системийг бүхэлд нь судалж, шинжлэх ёстой байлаа.
Яг хэрэг дээрээ бол Үндсэн хуулийг хэрэгжүүлж буй эрх баригч нам, сөрөг хүчин болж буй намуудын үйл ажиллагааны алдаа, дутагдлын үр дагавар болж л ажилгүйдэл, гэмт хэрэг, авлига, хууль хамгаалах байгууллагуудын нэр төрийн уналт, төсвийн хөрөнгийн элдэв зүсмийн шамшигдал, төсөвт шигдсэн хачиг, хувалзнууд төрж гарсан билээ.
Намуудын амьдрал, үйл ажиллагаа өмнөх янзаар үргэлжлэх юм бол хичнээн ч төгс төгөлдөр үндсэн хууль байгаад хэргээ хийхгүй, ашгаа өгөхгүй. Учир нь үндсэн хуулийг хүмүүс хэрэгжүүлдэг. Хүмүүс хүмүүсдээ ялсан намын гишүүд, түүний удирдлага хэрэгжүүлдэг. Үндсэн хуулийн дагуу байгуулагддаг төрийн тогтолцооны "багана, даацын хана нь” ялсан намын тэргүүний шалгарсан гэгдэгч гишүүд, дарга нар нь болдог.
Төр хэмээх барилгыг нам хэмээх материалаар барьдаг юм бол энэ материал нь зориулалтын, чанартай, олон улсын стандартад нийцсэн байх учиртай. Гэтэл яг үнэнийг хэлэх аваас Монголд нам шиг нам өнөөдөр алга. Намуудын тухай хуулийг өөрчлөх шаардлага үндсэн хуулийг өөрчлөх хэрэгцээ, шаардлагаас ч илүү их чухалчлагдаж байна.
2017 оны байдлаар үзэхүл нийгэм дэх, төрийн тогтолцоо дахь муу, муухай бүхэн намуудын амьдрал, үйл ажиллагаа, түүний гишүүдийн сувдаг, шунахай байдлаас л үүдэлтэй болж тогтоогдлоо. Санхүүгийн эрүүл, хуулийн дагуу, ёс зүйтэй үйл ажиллагаа намуудад алга. Нам болгоны хаалттай хаалганы цаана бузар, булай бүхэн нуугддаг болчихжээ. Байгуулсан намаа төрд шургалах механизм болгож л зөвхөн ашиглахыг санаархагчид олширлоо. Зарим нам бараа таваар мэт гар дамжин зарагдах болжээ. Ихэнх намд тодорхой үзэл, үндэслэлтэй бодлого, шалгарсан удирдагч, дотоод ардчилал, хариуцлага, сахилга бат алга байна. Сонгуульд ялж эрх баригч болсон намын олонхи (УИХ дахь), уг намын байгуулсан засгийн газар жил хагас ч хүрэхгүй дотооддоо хямарчээ. Талцаж тэмцэлдэх, хоорондоо талхилдах болсон эрх баригчдын балгаар Монголын төрийн машин шаварт сууж шигджээ.
х х х
Монголын төр улстөрийн олон намын системийн нөхцөлд ажиллаж байгаа билээ. Намуудын үзэл, бодлого, үйл ажиллагааны чанараас төрийн чанар шууд хамаарч байна. Ингэхлээр үндсэн хууль ба намуудын тухай хууль хоёр бол нэг зоосны хоёр тал юм. Тал тус бүр нь олон улсын стандартад нийцэж байх учиртай, түүхэн цаг үе бүрдээ л төгс төгөлдөр байх ёстой. Улстөрийн системийн чанар, байдлаас төрийн тогтолцооны чанар, өгөөж хамаардгийг нийгэм ойлгож, тооцож, намуудыг байх ёстой байранд нь, түвшинд нь байлгаж, хянаж, шалгаж, хариуцлага тооцож, тарааж, татан буулгаж байх ёстой. Төрийн бус олон нийтийн байгууллагууд дотроос хамгийн их ил тод, ардчилалтай, сахилга баттай, санхүүгийн амьдрал нь яг хуулийн дагуу, алдаа ба оноо нь тодорхой эзэнтэй, ёс зүйтэй, хатуу хариуцлагатай нь улстөрийн намууд байх учиртай. Энэ байдлыг нь хатуу хуульчилсан, алдаа нэг бүр нь ёс суртахууны болон эрүүгийн хариуцлага хүлээдэг байх ёстой.
Олон намын систем, олон ургальч үзлийн нөхцөлд, дөрвөн жилийн хугацаанд л болохоос биш Монголын төрийн бүх эрх мэдэл сонгуульд ялсан намын гарт бүрэн орчихож байгаа билээ. Өөрөөр хэлбэл ялсан намын ноёрхол хот, хөдөөгүй тогтдог.
Ганцхүү ийм өндөр, их эрх мэдэл авсан нам улс орныхоо амьдрал, аж байдлыг өөд нь татаж, оновчтой удирдаж чадахгүй байна. Эрх баригч намаас шийдвэр гаргах түвшний албан тушаалд томилогддог 100 гаруй гишүүдээ тухайн намын удирдлага зөв шалгуур, нарийн шүүрээр урьдчилан оруулж байж сонгохгүй байна. Тэдэнтэйгээ нэг бүрчлэн хариуцлага тооцож, урдаас товлож тогтоосон үр дүнг нэхэхгүй байна. Харин бүр дутагдал, доголдол гаргагчидтайгаа далдуур сүлбээ, холбоо үүсгэж, кармаа хэтэвчээрээ нийлж, ахин дахин чухал, том албанд томилж байх болжээ. Гэтэл ард иргэд аргагүйн эрхээр нөгөө л хоёр том намаас нэр дэвшүүлсэн хүмүүсийг УИХ-ын гишүүнээр сонгосоор ирлээ. Зүй нь 25 жилийн үйл ажиллагааны нь үр дүнг нягтлан үзээд энэ хоёр намаас нүүр буруулах хэрэгтэй байв.
1991 оны үед бол шинэ нам, хүчнүүд бэхжиж, төлөвшиж чадаагүй, хуучин нам өөрчлөгдөж завдаагүй, хэн аль нь ч олон ургальч үзэл, олон намын системийн нөхцөлд парламентын засаглалын сонгодог хэлбэрийг эзэмшиж, хэрэгжүүлэх чадавхгүй байсан билээ. 1992 оны сонгуулиар төр засгийн бүх эрх мэдэл МАХН-ын гарт орж тэд ардчиллын хөгжлийг зогсоож, бүр ухраах байсан. 1992 онд байгуулагдсан их хурал П.Очирбатыг ерөнхийлөгчөөр сонгохгүй, энэ алба ч МАХН-ынхны гарт орох байв. Цааш цаашдаа олон зүйл өөрөөр эргэж Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын ажил алба ч өөр болох байлаа. Зөвхөн шинэ үндсэн хуулийн ачаар л улстөрийн амьдрал цаашид тайван үргэлжилж, шинэ ба хуучин улстөрийн хүчнүүд "хазаарлагдаж”, аажмаар, тайвнаар, зөв чигт зэрэгцэн хувьсацгааж нийгэм тэднийг хэн болж өөрчлөгдөхийг хүлээхээс өөр гарц байгаагүй болно. Улстөрийн болон эдийн засгийн шинэчлэлтийн явцад тактикийн хувьд ч, мөн стратегийн хувьд ч зохицохоор аядуу, зохист чанарыг агуулж үндсэн хууль боловсруулагдсан нь их азтай хэрэг болсон гэж үзэх үндэстэй. Хагас парламентын, хагас ерөнхийлөгчийн засаглал нь эхэн үеийн туйлшрал, хийрхэл, хэт хувьсгалчирхал, "нялхсын өвчнөөс” нийгмийг хамгаалсан юм...
Сонгодог гэгдэх парламентын засаглалтай, эсвээс цэвэр ерөнхийлөгчийн засаглалтай төрийн тогтолцоог сонгож авсансан бол тэр төрийн машины бүх эрэг, шураг, арал, мотор нь бүгд хуучин нам, хуучинсаг улстөрийн хүчний хүмүүсийн гарт орж Монголын нийгмийн улстөрийн амьдрал огт өөр гольдролоор урсаж болохоор байсан билээ. Тэр үед аядуу хурд, тайван хувьсал л чухал байв. Учир нь шинээр төрөх гэж буй "иргэний ардчилалд суурилсан хүмүүнлэг нийгэм”-ийг бүтээх, босгох бэлтгэгдсэн боловсон хүчин шинэ ба хуучин аль ч намд байгаагүй юм. Яг л тийм байжээ гэдгийг 1992-2016 оны хоорондох УИХ ба засгийн газрууд батлаад өглөө шүү дээ. Нийгмийн практик нотолчихсон болохоор маргах хүн гарахгүй байх. Цуглаж, жагсаж, уриа хашгирч байж төрийн жолоог шилжүүлж болох ч бүхэл бүтэн улс орон, ард түмнийг дэвшил, хөгжлийн замаар тогтвортой залж, жолоодох ажил "огт өөр хүмүүсийн” гараар хийгддэг ажээ. Тэр "огт өөр хүмүүс”-ийг эгэл жирийн иргэд өөрөөсөө, дотроосоо "10 сарыг нь гүйцээн тээж байж” төрүүлж гаргах жамтай юм...
Намууд 1992 онд битгий хэл энэ 2017 онд ч парламентын засаглалын сонгодог хэлбэрийг бүтээлчээр эзэмшиж, зохистой хэрэгжүүлэх чадавхгүй байгаа нь олон зүйлээс харагдаж байна. Намуудад шалгарсан, ажил хэргийн нэр хүндтэй, үнэхээрийн чадварлаг лидерүүд алга...
УИХ дахь сөрөг хүчин, цөөнх ч өнөөдрийг хүртэл төрийн хэрэг, ард түмний хувь заяаны төлөө эрх баригч хүчинтэй хамтран зүтгэх ёстойгоо ухаараагүй хэвээрээ байна. Зөв санаа, оновчтой шийдэл, үнэн үг ер нэмэрлэдэггүй зөвхөн л үгүйсгэх, муулах, гүтгээд ч болов эрх баригчдыг нэр хүндгүй болгохыг чармайх нь зөв ааш авир ер биш билээ. Сөрөг хүчин бол төрийн тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг, нүд, чих, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж буй төрийн албан хаагч, сөрөг хүчний байр сууринаас ард түмэндээ тус хүргэх ёстой хүмүүс болно. УИХ дахь олонхи, ерөнхий сайд, засгийн газрын гишүүд, олон шатны засаг дарга нар бол нэг баг, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хамтын хүчээр, нэгдсэн бодлого, чармайлтаар бүрэн биелүүлэхийн төлөө л 4 жилийн туршид зүтгэх ёстой хүмүүс гэдгээ муу ойлгодог хэвээр, сахилгын зөрчил гаргадаг янзаараа байна.
Үндсэн хуулийг аль нэгэн чигт томоор өөрчиллөө гэхэд 2020 онд түүний дагуу байгуулагдах төрийн тогтолцоо чадавх муутайнхаа улмаас ямар гай тарих бол хэмээсэн урьдчилсан түгшүүрийг төрүүлэхээр байна. Үндсэн хууль бол цаасан дээрх бичиг. Харин түүний дагуу байгуулагдсан төрийн машин бол бүтээж ч чадах, бас сүйтгэж ч чадах "төмөр нүүртэй хүч” гэдгийг ухаантнууд ямагт тооцоолж, урьдчилан олж харахыг хичээж ирсэн түүхтэй билээ. Үндсэн хууль, намуудын тухай хуулийг зөв тийш нь өөрчлөөд, шинэчлэл ба дэвшилд хүргэх холбоо хамаарлыг хооронд нь ухаалгаар тогтоож өгөх хэрэгтэй байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
sonin.mn
1 сэтгэгдэл