|

Витамины дутагдал гэж юу вэ?

Хүний биеийн бодисын солилцоонд витамины гүйцэтгэх үүрэг янз бүр байдаг. Тухайлбал С витамин нь уургийн нийлүүлэлтийг сайжруулж бие организмын дархлааг дээшлүүлдэг бол В витамин нь биеийн дархлааг сайжруулж, ядрахаас сэргийлдэг. Аль нэг витамин дутагдвал түргэн ядрах, бие сульдах, хүч тэнхээ алдагдах, стресст орох, анхаарал, ой санамж буурах, нойргүйдэх, арьс хуурайших, загатнах, эрт хөгшрөлтийн шинж тэмдэг илрэх, ойр ойрхон өвдөг, хатги гарах, ойрын хараа муудах, буйлнаас цус гарах, яс сийрэгжих, ураг зулбах хандлагатай болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Зарим тохиолдолд витамины хэрэгцээ илүүтэй шаардагддаг бүлэг хүмүүс ч бий.
Үүнд: нярай хүүхэд, өсвөр насныхан, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, өдөрт таваас илүү тамхи татдаг, архи хэтрүүлэн уудаг, антибиотикийг удаан хугацаагаар зайлшгүй хэрэглэх шаардлага тулгарсан хүмүүс, цагаан хоолтнууд багтдаг.
Аливаа витаминыг урьдчилан сэргийлэх зорилгоор тунг нь тааруулж хэрэглэх нь аюулгүй. Бие организмаа сонсож, зөн совингоо мэдэрч сурах хэрэгтэй. Хэрэв өөрт чинь гэнэт давсархаг, исгэлэн, гашуун, ямар нэгэн этгээд амттай зүйл, хэт амттай хоол хүнс зэргийг идмээр санагдвал үүнийгээ заавал биелүүлэх хэрэгтэй. Энэ нь таны биед ямар нэгэн био идэвхт бодис, тэр дундаа витамины хэрэгцээ үгүйлэгдэж байгаагийн дохио аж.
 

0 сэтгэгдэл