|

Б.Жаргалсайхан: Хулгай, луйвар хийдэг банк,санхүүг шоронд хатаах хэрэгтэй

"Тинк банк 2019” мөнгө, санхүүгийн орчин хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан оролцогчид илтгэлт тавьж хэлэлцүүлж байна.

 

БНН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан:

-Зөндөө олон хүнд ойлгодоггүй тоо ярьдаг хүмүүс дахиад энд битгий яриад байгаа. Өнөөдрийн данс, мөнгөний системийг яриад 20 гаруй жил явлаа. Гадаад худалдааны төлбөр тэнцлийн баланс алдагдалтай байсан. Гэхдээ энэ байдлаас яаж гарах вэ?. Бид гадаад худалдаан дээр анхаарч, дэлхийн санхүүгийн систем дээр гармаар байна.

Хөлс,хөдөлмөрөөрөө ажиллаж байгаа аж ахуй нэгжийг дэмжих хэрэгтэй. Харин хулгай, луйвар хийж байгаа банк, санхүүг шоронд хатаах хэрэгтэй. ялангуяа "Эрдэнэт"-ийн 49 хувийг үтэр түргэн буцааж ав. Төрийн өмчийн мөнгийг өөр дээрээ авч байршуулаад, дур зоргоороо зарцуулчихаад системийн банк гэж донгосдог оо болих хэрэгтэй. Банк, санхүүгийн хоршоо иргэд аж ахуйн нэгжээс мөнгө хүүлдгийг болих хэрэгтэй, хууль гаргая. 

Хадгаламжийн хүүг яаралтай буулгаж, нэг хувьд очъё. Нэг хэсэг нь банкинд хадгаламж үүсгээд, тэрүүгээрээ амьдраад байдаг. Амьдрал улам муудаад байна. Тооны эдийн засаг үүсгэсэн. Иргэдийн цалин, тэтгэврийн зээлийн хүүг буулгах хэрэгтэй. Хүү, мөнгөний бодлогоо эрс өөрчлөөч ээ. Эрс шинэчлэлтүүдийг хиймээр байна. 

Р.Амаржаргал: Гадаадын банк орж ирвэл боломж нь эрсдлээсээ бага байна

Глобал эдийн засгийн хүрээлэнгийн захирал, Ерөнхий  сайд асан Р.Амаржаргал:

-Арилжааны банкнууд тайлангаа гаргаж өгөхгүй байхад бид ямар нэгдсэн дүн мөнгөний тухай ярих вэ. Глобал эдийн засгийн хүрээлэнгийн судалгааны явцад энэ харагдсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт банкны салбарт ямар байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар нийт хувь оруулсны хөрөнгийнх нь 46.3 хувь нь гаднын хөрөнгө байна. Гадаадын хөрөнгө оруулалт банкны салбарт байр сууриа эзэлсэн гэж үзвэл гадаадын төрийн өмчийн оролцоотой банкыг тусгайд нь авч үзэх шаардлагатай байна.

Мөнгө угаах, гадаадын төрийн бодлого банкаар дамжаад ороод ирэх юм биш биз зэрэг хэдэн хэдэн зүйл дээр дүгнэлт хийх гэж оролдлоо. Өнөөдрийн нөхцөлд боломж нь эрсдлээсээ бага байна. Гадаадын банк ороод ирвэл үүсэх эрсдэл нь өндөр байна. Манайд санхүүгийн зах зээл нялх хүүхэд шиг л байгаа. Тиймээс бид санхүүгийн зах зээлээ бэхжүүлэх хэрэгтэй.

Хамгийн гол нь дотоодын санхүүгийн зах зээлээ тэлэх хэрэгтэй. Эдийн засгийн активаа өргөжүүлнэ үү гэхээс бизнест байгаа активаа булааж авснаар өсөхгүй. 

С.Дэмбэрэл: Эдийн засгийн өсөлтийг  айл бүрийн хаалгаар оруулах хэрэгтэй 

Монголбанкны эдийн засгийн судалгаа, сургалт хүрээлэнгийн захирал, УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл:

-Эдийн засгийн өсөлтөө хүртээмжтэй, тогтвортой болгох вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед тоон өсөлт дээр анхаараад байна. Төрийн сайн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд мэтгэлцээн явуулах хэрэгтэй. Өсөлт айл бүр, аж ахуйн нэгжийн хаалгаар орж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Төр ба зах зээлийн харьцаанд реформ хийх болсон байна. Бизнесийн орны талаарх хасах тэмдэгтэй зураг байхад эдийн засгийн өсөлтийг тогтвортой болгох тал дээр тоон болон чанарын анализмийг хийх хэрэгтэй.

Бид уухайн түрлэг их хийж байна. Түүхий эдийн үнэ өсөхөөр уухайлаад, буурахаар нь санаа алдаад. Бид уухайлах биш нүүрсний экспортоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Үүнд Засгийн газрын оролцоо маш хэрэгтэй. Валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар юм хийхгүй байна. Тэр байтугай зарим сайд нь "манайд хамаагүй асуудал” гэж хэлснийг гайхсан. Нүүрс, зэс, түүхий нефтийн асуудалд ил тод байдал байхгүй байна. Тиймээс 2018 онд эдийн засаг сэргэлээ гэдэг арай эртэдсэн дүгнэлт болов уу.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна. 




shuud.mn


89 сэтгэгдэл