|

Монгол бичгээрээ харилцахад юу саад болов

Монгол бичгээрээ харилцахад юу саад болов

Бид босоо бичигтэй монгол хүмүүн. Бичиг, соёлоороо бусдаас онцгойрч, дэлхийд монгол бичгээ гайхуулах үүрэгтэй билээ. Гэвч өнөөдөр бодит байдал эсрэгээрээ байна. Орчин үед хүүхдүүд монгол бичиг гэж мэддэггүй, энэ хичээлд сонирхолгүй байгаа нь ажиглагддаг. Хичээлийн цаг нь ч бага тул монгол бичиг ямар чухал болохыг ойлгодоггүй. Гэвч бичиг, соёл гэдэг тухайн улсын оршин тогтнох гол дархлаа юм. Тиймээс үндэсний бичиг үсгээ хэрэглэж, хайрлаж, сурталчилах асуудал яригдсаар олон жилийн нүүр үзлээ.
Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Цахим орчин хөгжихийн хэрээр энэ нь хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болж байгаа нь үнэн. Хэдхэн минутад мэдээллээ солилцож, нөгөө тивд байгаа хүнтэй нүүрээ хараад ярина гэдэг мэдээж том давуу тал. Яг энэ үед монгол бичгийн цахим орчин кодчиллын асуудал яригдаж байна. Өнөөдрийг хүртэл бид тогтсон нэг стандарттай монгол бичгийн аппликейшнгүй байгаа нь нэг ёсондоо эмгэнэл юм. Гэтэл хажуу хөрш Өвөрмонголд хаяг сурталчилгаа, хичээлийн хөтөлбөр, албан бичиг баримтаа босоо бичгээр бичдэг. Цахим мэдээллийн хэрэгсэл нь монгол бичгээр гээд бодоход бид ичих цаг иржээ. Үүнийг цэгцэлж, монгол хүн мөн л бол англи галигаар бичилгүй босоо бичгээрээ харилцдаг болоход юу саад болоод байна вэ.
 
Нэг стандартад оруулах нь чухал
 
Цахим орчинд монгол бичгээр бичихэд кодчиллын стандартууд, фонтын ялгаатай байдал нь олон шалтгаан хүндрэл учруулдаг. Харин үүнийг нэг стандартад оруулж, журамлах шаардлагатай. Үүний тулд зориулсан хууль гаргаж, нэгтгэж чадвал амжилтад хүрнэ гэж Ардын багш Ш.Чоймаа ярьж байсан юм. Тэрээр "Анх 2000 онд баталсан монгол бичгийн стандартчилал, кодчилол хэрэглээнд нэвтэрснээс хойш үнэлэмж нь буураад байна. Тиймээс монгол бичгийн кодчиллыг шинээр бичиж, үндэстэн даяар нэг стандарт барьж хэвших хэрэгтэй. Би монгол бичгийн хичээлийг 30 гаруй жил заалаа. Энэ хугацаанд босоо бичиг ямар гайхалтай түүхтэй болоод улс үндэстэн оршин тогтноход гол үндэс нь гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахыг хичээж ирсэн. Монгол бичиг мөхөх учиргүй. Монгол бичгийг Юникод стандартад бүртгэхэд маргаантай зүйл олон бий. Өвөрмонголчууд дүрс үсгийг кодолдог бол монгол эрдэмтэд авиа үсгийг дүрс үсгийн зарчмаар кодолж болохгүй гэж үздэг. Монгол Улс монгол бичгийг нэгдсэн журмаар ингэж кодолж байна гэсэн нэг албан баримтыг Юникод байгууллагад өгөх ёстой юм” гэв. 2000 оноос олон хувилбартай явсан монгол бичгийн фонтуудын хэрэглэгчид нь тун цөөхөн ажээ.
 
"Монгол бичгээр харилцах иргэдийн тоо буурсаар байна”
 
Судалгаагаар 3000 хүний зөвхөн дөрвөн хувь нь л цахим орчинд монгол бичгээр харилцах оролдлого хийж үзсэн гэж хариулжээ. Харин 60 гаруй хувь нь монгол бичгийн тусгай фонт байдаг үгүйг мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна. Тэгвэл "Болорсофт” компани Юникод стандартын дагуу монгол бичгийн гар болон таван төрлийн фонтыг гаргаж, ашиглахад бэлэн болгожээ. Энэ тухай дэд профессор Э.Мөнх-Учрал "Монгол бичгээр бичиж, харилцах иргэдийн тоо өдөр ирэх тусам буурсаар байна. Монгол бичиг устаж, үгүй болбол монгол соёл оршин тогтнох, эс тогтнох тухай ярилцах хэрэгтэй болно. Бид сүүлийн таван жил олон улсын Юникод стандарт буюу цахим орчинд буй олон улсын хэлийг боловсруулж, солилцоход чиглэсэн нэгдсэн стандартад монгол бичгийн фонтыг дэвшүүлэхээр, ажиллалаа. Туршилтууд ч амжилттай болсон. Хэрэв бидний ажлыг дэмжвэл цахим орчинд босоо бичгээр харилцах гүүр нээгдэнэ” гэсэн юм. Тус компаниас гаргасан шинэ фонт нь бичгийн эх үүсвэрийг тодорхойлдог "Х, Г” үсгийн орох дарааллыг сонгоход илүү хялбар болгосноороо онцлог юм байна. Өмнө нь байсан олон хувилбар сонгогчийг нэгтгэсэн учир ашиглахад илүү хялбар болсон гэж зохион бүтээгчид нь ярьж байсан юм. Ийнхүү олон жил ярьсан монгол бичгийн цахим хэрэглээний асуудлыг яаралтай олон улсын байгууллагуудад мэдүүлж, Юникод эрх авах л үлдлээ.
 
 
Ч.Гантулга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

87 сэтгэгдэл