|

Дүрэмгүй мэт болсон эх хэлээ аваръя

"Монгол хэл зөв бичих дүрэмгүй болчихжээ” гэх шүүмжлэл сүүлийн үед хүчтэй өрнөж байна.

Цахим ертөнц, олон нийтийн сүлжээг хэрэглэгчид өдрөөс өдөрт нэмэгдэж, Монгол үгийн төрөл тоо ихсэж баяжихад ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа. Гэхдээ нөгөө талаараа энэ нь Монгол уламжлалт үгнүүдийг эвдэх, сүйтгэх гажуудуулах бас нэгэн хэрэглүүр болж байгаа гэдэгтэй олон хүн санаа нэгдэж буй биз ээ.

Түүнчлэн олон нийтийн сүлжээ бол аливаа зүйлийн буруу зөрүүг ялгахад хамгийн ил тод нээлттэй талбар. Тэгвэл энэхүү талбарт байсхийгээд л хэн нэгэн төрийн албан хаагчийн үйлдсэн алдаатай баримт бичиг болоод албан бичгүүд тавигдаж иргэдээс ихээхэн шүүмж дагуулдаг. Саяхан гэхэд л "утаатай тэмцэх ээж, аавуудын холбоо"-ноос энэ сарын 18-нд Сүхбаатарын талбайд жагсах хүсэлтээ НЗДТГ-т уламжилсан аж.

Гэвч тус өдөр нь Цэргийн баяртай давхцаж тул боломжгүй гэсэн хариу илгээсэн нийслэлийг засаг даргын тамгын газрынхан он сараа ухраагаад зогсохгүй, зөв бичгийн дүрмийн маш олон алдаа гаргасан нь иргэдийн доог тохуу болж бүтэн өдрийн ярианы сэдэв болсон.

Үүнээс өнөөдөр төрийн албанд ямаршуухан хүмүүс ажиллаж, төрийн нүүрийг тахалж байна вэ гэдэг нь харагдаж байна. Энэ мэт үсэг бичиг, найруулгын алдаатай албан бичгүүд цахим ертөнцөд тавигдсан нь ганц хоёроор зогсохгүй. Тавигдаагүй нь түүнээс ч олон гэдэгт итгэлтэй байна.

Оны өмнөхөн нэгэн яамны төрийн албан хаагчийн бичсэн алдаатай албан бичиг ч шүүмж дагуулаад өнгөрч байсан удаатай.

Тиймээс өнөөдрийн нийгмийн сэхээтнүүд гэгддэг төрийн албан хаагчид маань бичиг үсгийн соёл хийгээд дүрэмдээ анхаарч төрийн нүүрийг улалзуулахгүй байвал сайнсан.

Зөвхөн төрийн албан хаагчид ч гэлтгүй эх хэлээрээ үг үсэг, утгын алдаагүй зөв биччихдэг хүн өнөөдрийн нийгэмд ховордсон. Энэ нь манай боловсролын системтэй салшгүй холбоотой гэдгийг энд дурдмаар байна. Учир нь 1990 онд Монгол улс социализмаас ардчилсан нийгэм рүү шилжин орох үед барууны орнуудыг дага дуурайсан өөрчлөлт шинэчлэлийн хөлд хамгийн их чирэгдэж, уланд гишгэгдсэн салбар бол Боловсролын салбар гэдэгтэй маргах хүн байхгүй биз.

Тодруулбал, Өнгөрсөн 25 жилд ардчилсан нийгэмд шилжээд эрх чөлөөгөө хэтрүүлэн эдэлсний нэг гор нь дүрэмгүй мэт болтлоо замбараагаа алдсан бичгийн хэл, оруулгагүйгээр хэрэглээнд нэвтэрч буй харь үгс эх хэлэнд маань гарч ирсэн явдал. Гэхдээ барих толь бичиг, дагах хуульгүйдээ ингэж задгайрсангүй. Гагцхүү эрх чөлөөгөө хэт эдлэгчид буюу шинэ үеийн залуучууд болон дур дураараа дүрэм зохиогч зарим эрдэмтнээс болж монгол хэлний бичгийн хэлний үнэ цэнэ ийнхүү буурсаар өнөөдрийн энэ байдалд хүрлээ.

Т.Гэрэл

zaluu.com

488 сэтгэгдэл