Венесуэлийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, уг жагсаал цуглаанд нийт 100 мянга гаруй хүн оролцсон ажээ.
Өнгөрсөн сард сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн зарлаж, түүнийг АНУ тэргүүтэй 40 гаруй улс хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.
Х.Гуайдо Каракас хотноо цугласан жагсагчдад хандан хэлэхдээ, энэ сарын 23-ны орчимд олон улсын хүмүүнлэгийн тусламжийг улсдаа нэвтрүүлнэ гэжээ. Мөн тэрбээр тусламж нэвтрэх замуудыг хаахгүй байхыг цэргийн албан хаагчдад уриалсан байна.
Н.Мадуро Венесуэл-Колумбийг холбодог гүүрийг хаахыг цэргийн хүчний албан хаагчдад үүрэг болгосон юм. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, хүмүүнлэгийн хямралыг АНУ бий болгосон хэмээгээд, Венесуэл улс руу хуурамч тусламж нэвтрүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Түүнчлэн Венесуэлийн Засгийн газар хил орчмын бүс нутгийн иргэдэд хоол хүнс болон эм тарианы нөөцийг хүргүүлж эхэлсэн гэж хэлжээ.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар, хоол хүнс болон эм тарианы хомсдолын улмаас Венесуэлийн гурван сая гаруй иргэн хил залгаа орнууд руу дүрвэсэн байна.
montsame.mn
0 сэтгэгдэл